



















Холливудын найруулагч Тим Бартоны алдарт “Хайчин гарт Эдвард” кинонд (Жонни Депп гол дүрийг нь бүтээсэн) "AVON" компанийн арилжааны агент хийдэг эмэгтэйн тухай гардаг. Тэр эргэн тойрноо андахгүй байхын аргагүй жижиг хотод амьдардаг аж. Орчин тойрондоо танил болж итгэл хүлээсэн тэр үе үе айлуудаар тойрон явж AVON-ны шинэ бүтээгдэхүүнийг санал болгодог. Тэр "AVON" компанийн борлуулалтын агентуудын нэг л гишүүн нь юм.
Магадгүй шууд гар дээрээс арилжаа хийдэг тогтолцоогоороо алдаршсан өөр ийм компани дэлхийд байхгүй байх. Харин гар дээрээс шууд арилжаа хийх нь "AVON" компанийг дэлхийд алдаршуулж, ертөнцийн сая сая эмэгтэйчүүдийг ажилтай болгосон нэрийн хуудас юм. Нэг сонин зүйл нь компанийг үндэслэгч нь эмэгтэй хүн биш номын худалдаачин Дэвид Макконнелл ажээ.
Энэ бүхэн хэрхэн эхлэв
Макконелл 1855 онд Нью-Йоркт төржээ. Хэрэв та Нью-Йорк гэхээр тэнгэр баганадсан өндөр барилгаар төсөөлж байгаа бол их эндүүрэл шүү. Яриа Фрэнк Синатра дуундаа “New York, New York” гэж магтан дуулдаг Нью-Йорк хот биш Нью-Йорк мужийн тухай юм. Макконелл хөдөө фермд амьдардаг байлаа. Тэр гайгүй боловсрол эзэмшсэн нь хожим математикийн багш болох боломж олгов. Ер нь Дэвид бүр хүүхэд ахуйгаасаа боловсролтой болохыг мөрөөддөг байжээ. Хөдөө фермийн ажил залуу хүүгийн сэтгэлийг татдаггүй байв.
Тэрээр багшийн ажлаа удаан хийсэнгүй. Тэр үеийн математикийн багш шалихгүй цалинтай байсан болохоор Дэвид зундаа мөнгө олчих халтуурын ажил хайдаг байлаа. Нэг удаа тэр ном борлуулагчийн ажилд өөрийгөө сорихоор шийдэн жижиг хэвлэлийн газар ажилд оров. Амьдрал болж л байсан байна. Дэвидын наймаа маш сайн явж байсан тул тэр сургуулийн багшийн ажлаа орхихоор шийджээ. 1878 онд Макконелл Чикагод шилжин бүх цаг заваа хэвлэлийн ажилд зориулав. Компанийн удирдлагууд бас ч гэж Дэвидын хөдөлмөрийг үнэлж байжээ. Чикагод ирснээс хойш хоёр жилийн дараа бүс нутгийн ерөнхий диллер болж, удалгүй хэвлэлийн газраа удирдах болжээ. Харамсалтай нь тэр ерөнхий захирлаар томилогдоогүй юм. Макконелл түүнийг зүгээр л худалдан авсан байна.
Дэвидын ажил хэрэг муугүй явж байсан ч тэр борлуулалтыг нэмэгдүүлэх шинэ гарцыг үргэлж хайдаг байлаа. Ингээд XIX зууны 80-аад онд номоо эмэгтэйчүүдэд худалдахдаа жижиг шилтэй үнэртэй ус бэлэглэдэг болсон аж. Сэдсэн санаа нь амжилт оллоо. Удалгүй Макконелл үнэртэй усыг тусад нь ном шиг худалдааны агентуудаар дамжуулан борлуулбал яах вэ гэж сэтгэсэн байна. Туршлаа. Болж байжээ.
Ингээд 1886 онд “California Perfume” компанийн суурь тавигдав. Ийнхүү Дэвидийн хувьд "ном" өнгөрсөн цаг болсон юм. Үнэртэн, үнэртэй ус, илүү ирээдүйтэй болохыг тэр олж харжээ. Алдаа болсонгүй. Калифорнийн үнэртэн, үнэртэй усны компани өөрийн үйл ажиллагааг үнэртэй усны бяцхан цуглуулгаар эхлэв. Цуглуулга нь нил цэцэг, май буюу хонхон цэцэг, цагаан сарнай, лиш цэцэг, наран цэцэг зэрэг татав янзын анхлам үнэрийг агуулж байлаа.
Өөрийн бүтээгдэхүүнээ Макконелл гар дээрээс шууд зарах шалгарсан аргаараа борлуулж эхлэв. Үүний тулд компанид хосгүй төгс бүтцийг зохион байлаа. Бүтцийн зохиогч нь“California Perfume”-ийн ууган ажилтан хатагтай Персис Фостер Имс Алби байлаа. Чухам тэр л хамгийн ашигтай аргаар бараагаа тараах борлуулалтын сүлжээг санаачлан, бүтээгдэхүүн борлуулах жирийн эмэгтэйчүүдийг сонгон өөрсөд шигээ эмэгтэйчүүдэд худалддаг ажээ. Түүний ажлын чухлыг компанийн үүсгэн байгуулагч өөрөө үнэлэн “Би гал зуухны ерийн агуулах шиг өрөөнд ажлаа эхэлж байсан. Би үйлдвэрлэлээ өргөжүүлж, бүтээгдэхүүнээ лабораториас захиалга цуглуулдаг агентуудаар дамжуулан хэрэглэгчдэд шууд хүргэхийг хүсч байлаа. Хатагтай П.Ф.Э.Алби бол эхний зургаан жилийн турш цорын ганц ерөнхий агент байсан юм. Бид өөрийн бараа бүтээгдэхүүнээ хуваарилан тараахдаа Албигийн амьдралд нэвтрүүлсэн тогтолцоог ашиглаж байсан болохоор түүнд “Калифорнийн үнэртэн, үнэртэй усны компанийн ээж” гэдэг хүндэт алдрыг өгсөн юм” гэж бодлоо илэрхийлж байжээ.
Шууд арилжааны ийм хэлбэр хэд хэдэн давуу талтай байв. Нэгд эмэгтэйчүүдээс өөр хэн үнэртнийг сайныг мэдэх билээ. Тэд өөр өөрсдийн хэрэглээг сайн мэддэг. Хоёрт тухайн үед АНУ-д ялгаварлан гадуурхах үзэл хүчтэй хөгжсөн, эмэгтэйчүүд сонгуульд оролцох эрхгүй байв. Эмэгтэйчүүдэд ажил олох, ажилд орох явдал асуудалтай байсан юм. “California Perfume” компани худалдааны борлуулагч нарыг маш олноор ажилд авч байлаа. Хүссэн хүн болгон хэрэв эмэгтэй л бол борлуулагчаар ажиллах боломжтой. Тэд борлуулах боломжийнхоо хирээр бараа бүтээгдэхүүн хүлээн авдаг байлаа. Тавигдах шаардлага нь борлуулагч ажиллаж байгаа газраа бүхний танил байх. Ердийн худалдааны борлуулагч өөрийн хамаарах нутаг дэвсгэрт хөндлөн гулд явдаг болохоор энэ нь нэн чухал юм. Ийм гайхамшигтай барааг яагаад найзууддаа санал болгож болохгүй гэж.
“California Perfume”-ийн амжилт сэтгэл татам байлаа. Тун ч удалгүй олон тооны жижиглэн худалдааны сүлжээ, багахан мухлаг, дэлгүүрүүд бөөний үнээр бараа худалдан авахаар компанид ханддаг боллоо. Харамсалтай нь тэдэнд зөвшөөрсөнгүй. Бараа бүтээгдэхүүнийг зөвхөн борлуулагч нараар дамжуулан авч болдог. Энэ нь жижиглэнгийн арилжаанд тохиромжгүй үйлдэл байв. Хүчтэй өрсөлдөгч гарч ирэн тэдний ажлыг булаан авч өөрийн барааг дэлгүүрт тавихаас эрс татгалзав.
“California Perfume” –д XIX зууны сүүлээр 5000 орчим борлуулагч ажиллаж байжээ. Компанийн цэвэр орлого тухайн үедээ хэдэн зуун мянган ам.доллараар хэмжигдэх болов. Харин олон эмэгтэйчүүд муугүй цалин хөлс авч байлаа. Үнэртний арилжаагаар хэрэв хүсэл байгаад хичээл зүтгэлтэй бол овоохон мөнгө олж болохоор байсан аж.
XX зууны эхэн гэхэд “California Perfume” –ийн нэр төрөл зөвхөн үнэртэй усаар хязгаарлагдахаа болилоо. “California Perfume” компани шампунь, бальзам, цэвэрлэх бодис, шүдний хуурай оо, уруулын будаг, энгэсэг болон өөр бусад олон зүйл үйлдвэрлэдэг болов. Түүнээс гадна “California Perfume” хэвлэл мэдээллийн хэрэгслээр идэвхтэй судалгаа явуулдаг болсон нь түүнийг танигдхааргүй болтол нь өөд татав. Тухайн үед компанийн үйл ажиллагаа хилийн чанадад нэвтэрч байсан тул компанийн нэрэнд орсон “California” гэдэг үг утга учраа алдлаа. Канадад төлөөлөгчийн газраа нээсэн ч гэсэн нэрээ шинэчилж өөрчилтөл нилээн зай байв.
1915 онд компанийн түүхэнд тэмдэглэлт үйл явдал болж, “Panama-Pacific” үзэсгэлэн яармагаас алтан медалийн шагнал авлаа. Үзэсгэлэн зохион байгуулагчид бүтээгдэхүүний чанар, сав баглаа боодлыг үнэлжээ. “California Perfume” их хямралын үед эрчимтэй хөгжиж байсан цөөн компанийн нэг юм. Яагаад ингэв? Үүнд хэд хэдэн шалтгаан байлаа. Нэгд тэр үед компани бүтээгдэхүүнийхээ үнийг нилээдгүй хямдруулсан. Хоёрт эмэгтэйчүүд ажилгүйдлийг үл харгалзан ямар нэг зүйлээр сэтгэлээ хууран өөрийгөө баярлуулах хэрэгтэй байлаа. Харин энэ нь “AVON”-ны бараа бүтээгдэхүүн байсан юм. Их хямралын жилүүдэд “California Perfume” –ийн борлуулалт 70%-иар өслөө. Бусад хүмүүс яаж ийгээд бизнесээсээ салчихгүй юм сан гэж сандарч байхад, Макконелл өөр шинэ боломжуудыг хайж байв.
“AVON”-ны үүсэл
Дэвид Макконелл 1937 онд 82 насандаа нас баржээ. Компанийн удирдлагыг түүний хүү бага Дэвид Макконелл гартаа авлаа. Тэрээр компани зөвхөн Калифорнид биш бүр хилийн чанадад Канадад хүртэл төлөөлөгчийн газартай болохыг ажиглан анхаарав. Компанийнхаа нэрийг зөвхөн нэг мужийн холбогдолтой уламжлалаас салгаж солих шаардлага гарч ирлээ. Дэвид хамгийн тохиромжтой хувилбар нь “AVON” гэж үзэн аавынхаа дурсгалд зориулж нэрлэхээр шийджээ. Учир нь компанийг үндэслэн байгуулагч маань Уильям Шекспирын зохиолд дуртай байв. Аав нь 1928 онд Английн жүжгийн их зохиолчийн төрсөн нутаг Эйвон гол дээрх Стрэтфорд хотод очиж байжээ. Тэр үед аавд нь хот маш сайхан сэтгэгдэл үлдээсэн байна. Аав нь эргэж ирээд өөрийн бүтээгдэхүүний нэг шугамыг хотын хажуугаар урсдаг "AVON" голын нэрээр нэрлэжээ. Тодруулж хэлэхэд энэ нэр нь “California Perfume” гэдэг нэрээс илүү оновчтой нэр болсон юм.
Дэлхийн II дайн компанийн хөгжлийг нилээд сааруулав. Түүний зарим үйлдвэрүүд дайны хэрэгцээг хангаж байлаа. Түүнээс гадна хүү Дэвид Макконелл нас барсан нь компанид хүнд цохилт болсон. Жилийн дараа компани IPO гаргаж олон нийтийн компани боллоо. AVON-ны түүхэнд шинэ эрин эхэллээ. 1950 онд “AVON”-ны Олон улсын тусгай хэлтэс байгуулагдав. Түүний гол зорилт нь компанийг АНУ-ын хилийн чандад төлөөлөх явдал байлаа. 1959 онд Европ, Их Британид “AVON”-ны анхны төлөөлөгчийн газар бий болов. Харин 1960-аад оны дундуур Итали, Испани, Герман, Францын нутаг дэвсгэрт компанийн салбарууд ажиллаж байсан. Европын эмэгтэйчүүд дуртайя AVON-ны борлуулагч болж байв. Харин XXI зуунд AVON-ны төлөөлөгчийн газар дэлхийн 145 оронд тархсан байна. Борлуулалтын талаар ярих юм бол 1979 онд 3 тэрбум ам.долларын заагийг давсан ажээ.
Гэвч бүгдийг шагшин сайрхах хэрэггүй юм. 1970-80 оны хооронд компанид ноцтой асуудлууд тулгарлаа. Ажиллаж байгаа дэлхийн эмэгтэйчүүдийн тоо хязгааргүй өссөн ч борлуулагч нар урьдын адил идэвхтэй биш болсон юм. Тэд худалдан авах чадвартай түншүүдийн гэрт нь очиж уулзахыг болилоо. 1972 онд компанийн борлуулалт эрс буурч “AVON” бараа хуваарилан тараах загвараа өөрчлөхөөр шийдэв. “AVON” олон тооны компаниудыг худалдан авч өргөжсөөр байсан юм. Янз бүрийн салбараас худалдан авч байв. Бүр анагаах ухааны салбар луу ч орж үзэв. Энэ нь андуурал болсон юм. Хожим нь энэ салбараас бүрэн гарав. 1972 онд “AVON”-ны нэгж хувьцааны үнэ сүйрлийн хэмжээнд хүрч 140 ам.доллараас 20 ам.доллар болтлоо буурчээ. Олон компанийг аваад ч засарсангүй.
Харин 1990 оны үеэс компани хэвийн үйл ажиллагаанд шилжиж эхлэв. Нэгд “AVON” үнэртэн, гоо сайхны бараанд төвлөрөх хэрэгтэйгээ ойлгожээ. Хоёрт гар дээрээс шууд худалдах уламжлалт тогтолцоог сэргээв. Ажилладаг эмэгтэйчүүдийн тоо өссөн боловч өнөө үед шууд худалдааг зөвхөн борлуулагчаар дамжуулахаас гадна интернет каталог ашиглан амжилттай хийдэг болов. 2007 онд компанийн орлого 9.9 тэрбум ам.доллар хүрч байжээ.
“AVON” компанин тухай ярихдаа түүний Гүйцэтгэх захирал Андре Жунгын тухай дурдах нь зөв болов уу. Энэ хосгүй эмэгтэй Америкийн бизнесийн тэнгэрт хамгийн нөлөө бүхий дүрүүдийн нэг юм. Тэрээр 1994 онд “AVON”-д ирж маркетингийн хэлтсийг толгойлсон байна. Харин 1999 онд Жунг компанийн “СЕО” болжээ. Компанийн өдөр тутмын амжилт нь Андреа Жунгын азтай алхмуудтай холбоотой. Гэвч компанийн хувь заяа зөвхөн ганц “СЕО”-ooс хамаардаг гэвэл худал болох биз. Гэхдээ л түүний санаачилсан төслөөр “AVON” өөрийн бүтээгдэхүүнээ эхлээд амьтан дээр туршдаг байсныг болиулжээ. Энэ бол олон хүний сайшаал хүртсэн зоригтой алхам байв.
"Форбес" сэтгүүл 2004 онд Андре Жунг дэлхийн 100 хүчирхэг эмэгтэйд багтааж байсан бол 2009 онд хамгийн хүчирхэг 25 эмэгтэйд багтаасан юм. Харин "Блүмберг Бизнессвийк" сэтгүүл 2012 онд хамгийн муу 5 гүйцэтгэх захирлын нэгээр нэрлэсэн. Бизнес өөрөө унадаг босдог шүү дээ. Өнөөдөр Андреа Жунг Нобелийн шагналт Мухаммед Юнисийн үүсгэн байгуулсан ашгийн төлөө бус "Grameen America" байгууллагыг удирдаж байна.
“AVON” бол дэлхийн хамгийн алдартай үнэртэн гоо сайхны бүтээгдэхүүний нэг болоод байгаа гэж зоригтой хэлж болно. Олон шинжээч мэргэжилтнүүд 1970-аад онд “AVON”-ны мөхлийг урьдчилан хэлж байсан ч энэ ёр биелсэнгүй. “AVON” өнөөдөр цэцэглэн хөгжиж, мандан бадарч өөдрөг яваа. 2020 онд Avon компанийг Бразилийн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Nature компани худалдан авснаар жил бүр 10 тэрбум ам.долларын орлого олдог нэгдсэн компанийг байгуулаад байна.
Орчуулсан: Ж.БАДАРЧ









