
БНХАУ-ын Хэбэй мужийн Санхэ хотын Ардын шүүхээс “Баатар, алдар гавьяатнуудын нэр хүнд, алдар гавъяанд халдсан” хэргээр уран бүтээлч Гао Жэньд гурван жилийн хорих ял оноожээ.
Уран бүтээлч Гао Жэнь нь 2009 онд орчин үеийн Хятад улсыг үндэслэгч, удирдагч Мао Зэдунг егөөдсөн гурван бүтээлээ үзэсгэлэнд тавьсны улмаас ийнхүү ял сонссон байна. Тэдгээр бүтээлийн нэгэнд Христийн дүрийг тойрон Маогийн хэд хэдэн дүр буудан хороох цэргүүдийн адил зогсож буйгаар, нөгөөд нь Маог өвдөг сөгдөн суусан байдлаар, харин гурав дахь бүтээлд Маог бие галбир сайтай, унжуу хамартай эмэгтэйн дүрээр дүрсэлсэн байдаг аж.

Мөн 2024 онд Гао Жэний урланд хийсэн нэгжлэгээр нийт 118 уран бүтээлийг хураан авчээ.
БНХАУ-ын хууль тогтоогчид “Баатар, алдар гавьяатнуудыг хамгаалах тухай хууль”-ийг 2018 онд баталсан. Өөрөөр хэлбэл Гао Жэнийг яллах үндэслэл болгож буй хууль нь түүний дээрх бүтээлүүдийг туурвиснаас 10 гаруй жилийн дараа батлагдсан хууль юм.
Уран бүтээлч Гао Жэнь хэдийнээ хоёр жил хоригдсон бөгөөд давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол нь амжилтгүй болбол өмнө хоригдсон хугацааг оноосон хорих ялын хугацаанд нь оруулж тооцох юм. Түүний ар гэрийнхний гаргасан мэдэгдэлд дурдсанаар, хэргийг гуравдугаар сард болсон шүүх хурлаар хэлэлцсэн байна.
Гао Жэнь болон түүний дүү Гао Цян нар 1985 онд хамтран уран бүтээл туурвиж эхлэн, “Гао ах дүүс” нэрээрээ тухайн үеийн Бээжингийн орчин үеийн урлагийн ертөнцөд танил болсон уран бүтээлчид юм. Ялангуяа 2000-аад оны эхээр Хятадын орчин үеийн урлаг эрчимтэй хөгжиж байх үед тэдний нэр олонд илүүтэй танигдсан байна.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.

Тухайн үед Хятадын урлаг арилжааны гэхээсээ илүүтэй сэтгэлгээ, дотоод ертөнц рүү чиглэгдэж байв. Мөн урлагийн бүтээлд тавих хязгаарлалт, цензур харьцангуй бага байсан ба тэднийх шиг улс төрийн агуулгатай уран бүтээл илүү түгээмэл байжээ.
Энэ тавдугаар сард 70 нас хүрсэн Гао Жэнь баривчлагдахаасаа өмнө нурууны архаг өвчин болон үе мөчний үрэвсэлтэй байсан гэж түүний гэр бүлийнхэн гаргасан мэдэгдэлдээ дурдсан юм. Харин сүүлийн үед түүний биеийн байдал муудаж, судасны хатуурал эсвэл цус харвалт болсон байж болзошгүй шинж тэмдэг илэрсэн байна.
Гао Жэнь болон түүний эхнэр Жао Ялян нар хоёулаа АНУ-д хууль ёсоор оршин суудаг бөгөөд тэдний есөн настай хүү нь АНУ-ын иргэн аж. Гэвч Гао Жэнь баривчлагдсанаас хойш түүний гэр бүлийнхэн Хятадаас гарах боломжгүй болсон байна.

2024 онд Хятадын 181 уран бүтээлч, соёлын салбарын нэр хүндтэй төлөөлөгч Гао Жэнийг суллахыг шаардсан өргөх бичигт гарын үсэг зуржээ. Түүний хоригдож буйг НҮБ болон хүний эрхийн хэд хэдэн байгууллага, тэр дундаа Эймнести Интернэйшнэл шүүмжилсэн байна.
Эймнести Интернэйшнэл:
Уран бүтээлч Гао Жэний хэрэг нь Хятадын “Баатар, алдар гавьяатнуудыг хамгаалах тухай хууль” хэрхэн хэрэгжиж буй, мөн тус улсын уран бүтээлчдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх, урлагийн цензурын түвшин ямар байгааг шалгах нэгэн төрлийн жишиг хэрэг болж байгаа тул анхааралтай ажиглаж байна.
гэжээ.









