
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Тавантолгойн бүлэг ордоос Гашуунсухайт хилийн боомт чиглэлд шинээр барьж буй авто замын 42.8 километр хэсгийг өнөөдөр ашиглалтад оруулж, нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа.
Тус авто зам нь Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын авто замын бүтээн байгуулалтын хүрээнд хэрэгжиж буй чухал хэсэг бөгөөд нийт замыг 2026 оны есдүгээр сард багтаан ашиглалтад оруулахыг Монгол Улсын Засгийн газраас холбогдох байгууллагуудад үүрэг болгосон.

Шинээр баригдсан зам ашиглалтад орсноор нүүрс болон бусад экспортын бүтээгдэхүүний тээвэрлэлтийн нөхцөл сайжирч, тээвэрчдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, тээврийн зохион байгуулалтыг боловсронгуй болгох, экспортын гарцыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Нээлтийн арга хэмжээнд Эдийн засгийн хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат болон холбогдох яам, байгууллагын удирдлагууд, Ханбогд, Цогтцэций, Баян-Овоо сумдын Засаг дарга нар оролцлоо.
Энэ үеэр Гашуунсухайт хилийн боомтоор импортын бараа бүтээгдэхүүн, тэр дундаа барилгын материалыг нэвтрүүлэх, тээвэр логистикийн үйл ажиллагааг сайжруулах, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцож, бодлогын түвшинд анхаарч ажиллах талаар хэлэлцлээ.
Ийнхүү Тавантолгойн бүлэг ордоос Гашуунсухайт хилийн боомт чиглэлийн авто замын бүтээн байгуулалт үе шаттайгаар урагшилж, экспортын тээвэрлэлтийн дэд бүтцийг сайжруулах, тээвэрчдийн ажиллах нөхцөл, аюулгүй байдлыг дээшлүүлэхэд бодит ахиц гарч байна.










