ОХУ-ын уран гулгагч Камила Валиева олон улсын тэмцээнүүдэд оролцох боломжгүй болсон байна. Учир нь Олон улсын уран гулгалтын холбоо (ОУУГХ-ISU) түүний төвийг сахисан тамирчны статусыг цуцалсан гэж холбоонд ойр эх сурвалж бямба гарагт Ройтерс агентлагт мэдээлжээ.

2022 оны Өвлийн Олимпын наадмын үеэр дэлхий нийтийн анхаарлын төвд орсон Камила Валиева одоо 20 настай. Тухайн үед тэрээр 15 настай байсан байсан юм. Олимпын наадмаас хоёр сарын өмнө авсан шинжилгээний дээжээс хориотой бодис (допинг) болох триметазидин илэрсэн юм.
Олон улсын уран гулгалтын холбооны шийдвэрээр Валиева төвийг сахисан тамирчны статусаа цуцлуулсан тухай захидал хүлээн авсан гэж эх сурвалж хэлсэн байна.
Валиевагийн талаар ОУУГХ тайлбар өгөхөөс татгалзсан байна. Ройтерсийн хувьд Камила Валевагийн төлөөлөгчтэй холбогдож тайлбар авах боломж тэр даруй бүрдээгүй аж
Спортын арбитрын шүүх (CAS) 2024 онд Валиевагийг гулгах эрхийг дөрвөн жилээр хасах шийтгэл оноосон. Шийтгэлийн хугацааг 2021 оны 12 дугаар сард ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээний үеэр триметазидин хэрэглэсэн нь тогтоогдсон өдрөөс тооцсон байна.
Триметазидин нь зүрхний бахын дайралтаас сэргийлэхэд хэрэглэдэг эм юм.
Камила Валиева 2022 оны Өвлийн Олимпын наадамд ОХУ-ын багт нэгдэн багийн төрөлд алтан медаль авахад нь хувь нэмэр оруулсны дараа түүний допингийн шинжилгээний хариу ил болсон. Үүний улмаас багийн төрөлд ОХУ-ын багийн үзүүлсэн амжилтыг хожим хүчингүй болгож, АНУ-ын багийг тэргүүн байр эзлүүлсэн юм.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.

Камила Валиева дөрвөн жилийн эрх хасах шийтгэлээ эдэлж дуусаад энэ оны хоёрдугаар сард Оросын “Jumping Championships” тэмцээнд мөсөн талбайдаа эргэн ирсэн. Гэвч тэрээр энэ жилийн Милано-Кортинагийн Олимпын наадамд оролцох эрхгүй хэвээр байсан юм.
ОХУ 2022 онд Украинд халдан довтолсноос хойш тус улсын тамирчдыг улсынхаа далбаан дор тэмцээнд оролцохыг хориглосон.
Үүний дараа ОУУГХ тодорхой шалгуур хангасан зарим тамирчдыг хувь хүний нэрээр, төвийг сахисан тамирчны статустайгаар тэмцээнд оролцуулах боломжийг бүрдүүлсэн байна.
ОХУ-ын тамирчид хатуу шалгалт, үнэлгээнд тэнцсэн тохиолдолд төвийг сахисан тамирчны статустайгаар өрсөлдөх боломжтой. Харин энэ статусгүй бол уран гулгагчид ОУУГХ-ны тэмцээнүүдэд оролцох, дэлхийн чансааны оноо авах, дэлхийн хэмжээний цолны төлөө өрсөлдөх боломжгүй юм.
Украины Уран гулгалтын холбоо (UFSF) өнгөрсөн долоо хоногт ОУУГХ-нд хандан ОХУ, Беларусийн тамирчдыг хувь хүний нэрээр, төвийг сахисан тамирчны статустайгаар тэмцээнд буцаан оролцуулсан шийдвэрээ эргэн харахыг уриалжээ.
Тус холбоо тамирчдыг шалгах үйл явц нь төвийг сахих үндсэн дүрмүүдийг хэрэгжүүлж чадаагүй гэж анхааруулсан байна.
Мөн шалгалтын үеэр:
-илүү хатуу суурь шалгалт хийх;
-дүрэм мөрдөж байгаа эсэхийг тасралтгүй хянах;
-өргөдөл гаргагч бүрээс ОХУ Украины эсрэг явуулж буй дайныг олон нийтэд ил тод буруушаахыг шаардах зэрэг арга хэмжээ авахыг ОУУГХ-нд уриалжээ.









