



















Нийгмийн эмзэгшилд төгсгөл бий юу?
Дэлгүүрт ороод хүссэн амттаныг нь авч өгөөгүйн төлөө дэлгүүрийн шалан дээр тийчэн гэдийж унадаг, чангаар уйлдаг бяцхануудтай үе үе таардаг л байх. Монголчуудын дийлэнх нь хүүхдүүдийн ийм үйлдлийг 2,3 насны синдром гэж тайлбарлаад, хүмүүжилтэй нь огт наадаггүй. Үнэндээ дэлгүүрийн шалан дээр тэрийн хэвтэж, чангаар уйлах тэр хүүхэд бол хүмүүжилгүйн шинж болов уу. Аав, ээж нь хүүхэдтэйгээ тулж харьцдаггүй. Асуудлын сайн муу, болно болохгүйн ялгааг ялгаж хэлж ойлгуулдаггүй, “харанхуй”-гаар эрхлүүлдэгийн гор юм уу даа. Хүүхдээ эрхлүүлж, хэн ч биш болгосон үйлдлээ энхрий үрдээ хайртай учир гэж тайлбарладаг. Эрхлүүлэхэд учир бий. Хүүхэд тань буруу үйлдэл хийсэн бол тохирох шийтгэлийг нь өгч, бага наснаас нь буруутай зүйл хийсэн бол хариуцлага хүлээдэг гэх ойлголтыг өгөх нь жинхэнэ таны хүүхдээ бодсон “хайр” болох юм.
Ямар ч авралгүйгээр гудамжинд, дэлгүүрт чарлан уйлах, аав ээжийгээ нүүр нүдгүй цохих, аргадаад ч арганд нь орохгүй савж унах хүүхдийн дураараа аашлах “синдром” нь сарниж холдоогүй байтал өсвөр үеийн синдромтойгоо золгодог гэх. Шилжилтийн насанд нь л аргадаж, энэрч харьцахгүй бол буруу замаар будаа тээнэ гэж эцэг, эх хүүхэдтэйгээ харьцах харилцаандаа хаалт тавьдаг нь алдаа болдог гэжээ.
Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2023 онд, 15-19 насны дөрвөн хүүхэд тутмын нэг нь амиа хорлож, нас барсан гэх эмгэнэлтэй судалгааг гаргажээ. Амьдралд хөл тавьж амжаагүй атлаа тэд яагаад амиа егүүтгэх болов гэтэл сэтгэл гутралтай шууд холбогддог байна. Энэ нь аав, ээжүүд хүүхдэдээ нийгмийн харилцаанд ороход алдаж онодог, гуниг, баяр ээлжилдэг гэдгээс эхлээд сэтгэлийн хат, хатуужлыг ойлгуулж, суулгаж өгөөгүйн “гор” байх.
Үндсэндээ монголчууд “синдром” гэж нэрийдээд хүүхдийнхээ сэтгэлийн хат, хатуужлыг “булшлах” болжээ. Үр дүнд нь нийгэмд өрсөлдөх чадваргүй, сул дорой, хүний эрх ярьдаг ч үүргээ умартсан “анхиагүй” монгол хүн олширсон гэх. Үүнд сэтгэл зүйчид буруутай ч гэж ярьж байна. Тэд хүүхдийнхээ хажууд хэрэлдэж болохгүй, хүүхэддээ дандаа сайхан үг хэл гэдэг өрөөсгөл зурвасыг нийгэмд ихээр түгээх нь сул дорой иргэн бэлдэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан байх. Үүнийг ажлын байран дээрээ дөнгөж гарч буй Gen Z үеийнхнээс харж болно. Ажил олгогчоос ганц ч хатуу үг сонсож чадахгүй хэт нялцгай бүтэн нэг үе бий болов.
Ажиллах хүчний 19.6 хувийг Gen Z буюу 1995-2000-аад оны эхэнд төрөгсөд эзэлж байна. Ирэх дөрвөн жилд Gen Z-н ажиллах хүчин 252.5 мянгаар нэмэгдэж нийт Gen Z-н ажиллах хүчний тоо 759.6 мянга болно. Тэгэхээр одоогийн нийт ажиллах хүчний 62.1 хувьтай тэнцэх нь.
Гэтэл тэдний үеийнхэн жижиг зүйлийг ч хүндээр тусгаж авч, түүнийгээ хэтэрхий дөвийлгөж бодоод амархан шаналж, сэтгэлээр унадаг нь түгээмэл. Ялангуяа ажлын талбарт гараад шинэ орчинд дасах, олон хүнтэй хамтарч ажиллах нь тэднээс багагүй тэвчээр шаарддаг. Түүнээсээ болоод бараг энэ нийгмийг, дэлхий ертөнцийг ч өөрчлөх тухай боддог гэж ярих төлөөлөл ч байлаа.
Эмзэг сэтгэхүйтэйг нь нотлох хэд хэдэн баримт хэлье. Нэгэн байгууллагад шинээр ажилд орсон Gen Z төлөөлөл найз охиноосоо салж, сэтгэл нь тавгүйтсэн шалтгаанаар олон шатны шалгалтыг давж, хүсэж орсон ажлаа хаясан.
Өөр нэг байгууллагад ажилд орсон Gen Z төлөөлөл ажил олгогчтойгоо хийсэн гэрээгээ үл тоож олон шаардлага тавьлаа гэх шалтгаанаар ор сураггүй ажлаа орхижээ.
Үндсэндээ Gen Z үеийнхэн илүү цагаар ажиллах сонирхолгүй, захиргаадалтад дургүй гэсэн бол ажил олгогч нар Gen Z үеийнхэн ачаалал даахгүй мөртлөө өндөр цалин хүсдэг, олон шаардлага тавьдаг гэжээ.
Нэг талаар өөрийн үзэл бодолдоо бат зогсох нь сайн ч, хариуцлага хүлээнэ гэдгээ ухамсарлахгүй “дүргүй бух” шиг дайрах нь Gen Z үеийнхэний сул тал гэж нэрийдээд үр дүнд нь нийгэм “нялцгай” эрчүүдээр дүүрэх нь.
Хүүхэд наснаас эхэлдэг синдром нас биед хүрсэн хойно эморол, эмэгтэйчүүдэд бол жирэмсний дараах сэтгэл гутралаар үргэжилнэ.
Гэтэл эмэгтэйчүүд амаржиж, ээж болж үр хүүхдээ өсгөх нь амьдралын жам. Хүн төрөлхтөн үүссэн цаг үеэс л эмэгтэйчүүд ээж болж аав болсон эр хүний хариуцлага нэмэгдэж, ажил хийж амьдралаа авч явдаг байсан. Гэхдээ тэр үед гэртээ хүүхдээ харж, өсгөснөөрөө тэр ээж сэтгэл гутралд орж, сэтгэл зүй нь эмзэгшдэг гэх ойлголт байгаагүй. Энэ бол нийгэм хөгжлийг дагаж сэтгэл судлаачид өөрсдийн үзүүлэх үйлчилгээгээ борлуулах нэг “зэвсэг” болгож тодорхойлсон ойлголт гээд хэлчихэд хилсдэхгүй.
Эмэгтэй хүн байгалиасаа эмзэг, уян найланхай. Тэглээ гээд өөрсдийгөө “хайрцаглаж” сул дорой болгож болохгүй. Ээж хүн гэдэг үр хүүхдийнхээ дэлхий нь. Ээжийн сэтгэлийн хат, амьдралын зорилго нийгмийн эмзэгшилд шууд нөлөөлдөг гэх судалгаа ч байна.
Мөн Монгол Улсад төрөлт буурсан буюу 2021 онд 57 мянга 896 ээж амарждаг байсан бол 2024 онд 43 мянга 428 болжээ. Ердөө гурван жилийн дотор 14 мянга 468 төрөлтөөр багасав. Ингэж төрөлт огцом буурах нэг шалтгаан нь байгалиас заяасан ээж байх үүрэг, хариуцлагаасаа айсан, зугтсан эмэгтэйчүүдийн хандлагатай холбоотой.
“ Нялцгай эрчүүд нийгэмд олшров”
Жендерийн эрх ярихтай зэрэгцээд нялцгай эрчүүд нийгэмд олшров. Эмэгтэй хүүхдийн эрхийг ярьдаг шиг эрэгтэй хүүхдийн эрхийг яг ижил авч үзэх ёстой гэх үзлийг үг даадаггүй, хариуцлагаа ухамсарладаггүй сул дорой монгол эрсийг бүтээх боллоо гэж буруутгах нэгэн ч байна. Буруутан нь мэдээж томчууд бид гэх. Хүү нь буруутай бол “жавтий” хүртээх амьдралд гарах л асуудал. Үүнийг шууд хүчирхийлэл гэж хайрцагламааргүй байна гэжээ.
Хүний сэтгэл зүй тогтворгүй байдгаас болж нийгмийн сэтгэл зүй тогтворгүй болдог гэж сэтгэл судлаачид дүгнэсэн. Гэхдээ тэд хэзээ ч, монгол хүний хатууд хатуу, зөөлөнд зөөлөн байх үндсэн мөн чанарыг хөндсөнгүй. Найз охин, хөвгүүнээсээ салсны төлөө, найзуудтайгаа маргалдсаны төлөө, эцэг, эхдээ загнуулсныхаа төлөө сэтгэл гутралд орж, зүүний үзүүрт тогтох алтан амиа егүүтгэнэ гэдэг бол эмгэнэл.
Ердөө 3.5-хан саяулаа байж, сэтгэл зүй нь турхин нэгнээ өөгшүүлж, сул дорой монгол иргэнийг бүтээмээргүй байна.
Эмзэгшүүлэх эмгэгээ эмчлэх арга нь нас биед хүрсэн хүн бүхний тархинд бий. Тогтворгүй гэгдэх нийгмээ эргээд нэг харвал, бүх зүйл хүн таны гаргасан шийдвэр, хүн таны хэлсэн үг, үйлдэл бүртэй холбоотой гэжээ.
Санжаасүрэнгийн Зориг: “БИ МОНГОЛ ХҮНИЙ САРУУЛ УХААНД ИТГЭДЭГ”...










