



















Өнгөрсөн оны буюу 2025 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр “Оюу толгой” компани шинэ Гүйцэтгэх захирлаараа Монгол угшилтай Сүхбаатарын Мөнхсүх гэх (Хэвлэлүүд Австрали улсын иргэншилтэй гэж бичиж байсан. Энэ мэдээнд Сүхбаатарын Мөнхсүх тухайн үед нь албан ёсоор няцаалт өгөөгүй) эрхмийг томиллоо гэсэн мэдээллийг цацсан юм.

“Оюу толгой” компанийн хэвлэлийн мэдээнд дурдсанаар . . .
“Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл олон улсад сонгон шалгаруулалт явуулсны үндсэн дээр тус компанийн Гүйцэтгэх захирлаар Сүхбаатарын Мөнхсүхийг томилох шийдвэрийг санал нэгтэйгээр гаргалаа. С.Мөнхсүх нь 2026 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс үүрэгт ажлаа эхлүүлнэ.
гэсэн байдаг.
Үнэхээр олон улсад сонгон шалгаруулалт явуулсан эсэх нь ихээхэн эргэлзээтэй. Сүхбаатарын Мөнхсүх нь угаасаа л “Оюу толгой” компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ)-д “Рио Тинто” ХК-ийг төлөөлөн 2022 оноос сууж байгаа ТУЗ-ийн гишүүн. Тиймээс “Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал болоход түүнд бусдыг бодвол зам мөр нь илүү ойрхон байсан болов уу.
Гүйцэтгэх захирлын анхны өдрөө Сүхбаатарын Мөнхсүх өөрийн нийгмийн сүлжээгээрээ дамжуулан дараах мэдэгдлийг хийсэн юм.
Өнөөдрөөс эхлэн Оюу толгойн гүйцэтгэх захирлын үүргийг албан ёсоор хүлээн авч байна. Шинэ ажил шиг харагдаж болох ч үнэндээ би гэртээ л ирж байна. Oyu Tolgoi бол надад уурхайгаас илүү, Монголчуудын маань хөдөлмөр, зорилго, сэтгэл шингэсэн газар. Сүүлийн жилүүдэд Rio Tinto группт ажиллаж, олон улсын туршлага хуримтлуулсан минь өнөөдөр тэр бүхнийг эх нутагтаа, өөрийн багтаа буцааж авчрах боломж болж байна. Oюу толгойг өдөр бүр хөдөлгөж байдаг мянга мянган уурхайчин та бүхэн л энэ уурхайн жинхэнэ эрдэнэ! Цаашид өөрийн сошиал хуудсаар дамжуулан та бүхний ур чадвар, амжилт, үнэ цэнтэй түүхийг илүү тод томруун гаргах болно! Миний зорилго бол та бүхнийг сонсож, дэмжиж, хамтдаа илүү хүчирхэг ирээдүйг бүтээх явдал.
Та бүхний итгэл, зүтгэл, хөдөлмөрт гүн талархал илэрхийлье.
Хөгжил дэвшлийг ХАМТДАА БҮТЭЭЕ!
Монголчуудын хувьд “Эрдэнэс Монгол” ХХК 34 хувийг нь эзэмшдэг "Оюу толгой" ХХК-д Монгол хүн гүйцэтгэх захирлаар очлоо хэмээн хөөрцөглөн баярлах нь илүүц юм. Харин Сүхбаатарын Мөнхсүх захирлын зам мөрийг Монгол угшилтай хүнийх нь хувьд бол бахархан бахдах нь зүйн хэрэг.
Бидний хувьд нэг л зүйлийг ойлгодоггүй нь учир дутагдалтай. “Ирж яваа цаг” кинонд гардаг энэ малаа Готов нь авна уу! Шадав нь авна уу хамаагүй би л эцгээ асрах минь” гэдэг шиг “Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Монгол угшилтай хүн болсон байна уу, Англи угшилтай хүн болсон байна уу эсвэл Хятад угшилтай хүн хэн болох нь хамаагүй. Тэд компанийн хууль эрх зүй, дүрэм журмын хүрээнд ТУЗ-ийн баталсан жилийн төлөвлөгөөний дагуу л ажлаа хийнэ. Түүнээс Сүхбаатарын Мөнхсүх Монгол угшилтай хүн болохоороо Монголчуудыг хайрлаад, Монголчуудад ашиг тустай байдлаар хандах боломжгүй. Энэ бол Сүхбаатарын Мөнхсүхээс үл хамаарах хууль, дүрэм, журам юм. Түүнийгээ ч тэрээр өөрийн нийгмийн сүлжээгээрээ илэрхийлсэн сэтгэгдэлдээ шингээж өгч хамт олон руугаа чиглүүлснийг уншихад ойлгомжтойгоор тодорхой илэрхийлжээ.
Тиймээс иргэн (иргэншил нь тодорхойгүй) Сүхбаатарын Мөнхсүх “Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал болсон нь бидэнд бол нээх баярлаад хөөрөөд байх зүйл биш. Харин сайн ажиллаж Монгол ажилчдынхаа эрх ашгийн төлөө, тэдний цалинг гадаадын мэргэжилтний дайтай болгож өгвөл Монголчуудад өгөх буян оршино. Түүнчлэн ажил албаа алдаа эндэгдэлгүй хийж, Монголчуудад оногдох ногдол ашгийн урт холын замыг ойртуулаасай гэж бид залбирахаас цаашгүй.
Монголчууд ногдол ашиг авах хугацаагаа л наашлуулах нь чухал байна.
Яг өнөөдрийн ханшаар тонн зэсийн үнэ 13'369.35 ам.доллар
2009 онд Санжийн Баяр, Сангажавын Баярцогт нар Монголыг төлөөлөн гэрээ хийж байх үед тонн зэсийн үнэ 6'453 ам.доллар байжээ.
Харин шинжээчдийн үзэж байгаагаар тонн зэс 20’000 ам.доллар хүрэх бол холын холд биш ойр байгаа юм. Тэгэхээр бидний хувьд Сангажавын Баярцогтын 20 мянган хувьсагчгүйгээр бодоход ч цаг наашлах буй заа гэж найднам.
Гүйцэтгэх захирал Сүхбаатарын Мөнхсүх гэхээсээ Монголын 34 хувийг төлөөлөн “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-д суудаг 3 гишүүн Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж шиг "худлаа ярихгүй"-ээр Монголоо бодож сэрэх, ядахдаа өдөр бүр зүүдэлдэг байх ёстой. Тэдний хэн байх гэдгээсээ эс хамаараад Монгол Улсаа төлөөлж “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлд суусан бол ёс суртахуунаа эгнэгт барьж Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди шиг бус ТУЗ-ийн залуу гишүүн асан, шүгэл үлээгч С.Баясгалан шиг сууж, сэтгэлээ чилээж байх ёстой юм.
“Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Сүхбаатарын Мөнхсүхийн талаар хэн ямар "ҮГ" гэж хэлж байсныг эргэн санацгаая.
“Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн асан Э.Баясгалан
Нээлттэй сонсголын үеэр Мөнхсүх захирал “Онтрэ” компанийн асуудлаар дийлэнх олонхоороо хүч түрэн шийдвэр гаргаагүй гэсэн мэдээлэл өгч байсан. Энэ бол худлаа.

Эрдэнэс Монгол ХХК Гүйцэтгэх захирал асан С.Наранцогт
Рио Тинтог олон жил төлөөлсөн С.Мөнхсүх нэртэй монголоор ярьдаг, бодвол Монгол хүн байлгүй дээ. Гэхдээ Монголчуудаа олон жил доош нь хийж ирсэн. Мэдлэг чадвар муутай гэж үздэг.
“Оюу толгой” ХХК-ийн анхны Монгол угшилтай (Таны иргэншил бидэнд тодорхой бус байгаа тул ийнхүү тодотголоо) Гүйцэтгэх захирал болж буй Сүхбаатарын Мөнхсүх танд баяр хүргэж амжилт хүсье.









