




















Монгол Улсын Их Хурлын 62 дугаар тогтоолоор 2025 оны Долдугаар сарын 05-нд байгуулагдсан “Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг 2025 оны 12 дугаар сарын 08-12-ны өдрүүдэд, Төрийн ордонд зохион байгуулах гэж байна.
Энэхүү хянан шалгах түр хорооны удирдан явуулах нотлох баримтыг шинжлэн судлахыг дэмжигчид ч байна, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын одоогийн дарга, УИХ-ын гишүүн Сандагийн Бямбацогт (Дарж уншина уу) гэх мэт мэр сэр эсэргүүцэж байгаа хүмүүс ч байна.
Гэхдээ мэдэх эрхээ хангуулахыг хүсэж байгаа Монголын ард түмэн дийлэнх байгаа юм.
Хамгийн их үгүйсгэж, уг сонсголын эсрэг байж, дуудагдсан 297 гэрчүүдийн 75 дугаарт бичигдээд байгаа иргэн бол Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд асан Санжийн Баяр (Wikipedia дээр бол Санжаагийн Баяр, 2011 онд “Дефакто” нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө танилцуулгаа Санжаагийн Баяр гэж байсан . . . Дарж үзнэ үү) юм. Түүнээс бусад 296 гэрч ямар нэг байдлаар эсрэг байр суурь өнөөдрийг хүртэл илэрхийлээгүй байна. Тэгвэл УИХ-ын гишүүн Сайнхүүгийн Ганбаатар, Ерөнхий сайд асан Норовын Алтанхуяг нар гэрчээр оролцоно гэдгээ албан ёсоор хэвлэлүүдэд мэдэгдсэн.
Угтаа бол Санжийн Баяр Монголын ард түмнээс сонгогдсон УИХ-ын захирамжаар байгуулагдсан “Хянан шалгах түр хорооноос” дуудахад нийгмийн сүлжээнд эсэргүүцэж суух биш гутлаа тослож, зангиагаа зүүгээд, хослолоо өмсөөд өөрийгөө өмгөөлөх өмгөөлөгч нараа дагуулаад өөрт нь байгаа бүх бичиг баримтаа аваад “Төрийн ордон” руу гүйгээд очих ёстой гэх байр суурийг илэрхийлэгчид ч олонхи ажээ.
Түүнийг ингэж ирэхийг тодоор сануулаад байгаа хүн бол УИХ-ын гишүүн Цэрэнпилийн Даваасүрэн юм.
УИХ-ын гишүүн Цэрэнпилийн Даваасүрэн:
“ Хянан шалгах хороо байгуулаад нэр бүхий гишүүд гарын үсэг зурж байгаа нь УИХ-ын бүтэц байхгүй юу. Төр дуудаж байгаа цагт хэнгуай ч, ямар ч алба хашиж байсан бай гутлаа тослоод очих ёстой. Залуу дарга байна уу. Хөгшин дарга байна уу тэр ерөөсөө хамаа байхгүй. Төр дуудаж байхад ирээд хийсэн нүглээ тайлбарлах хэрэгтэй. Амьдралын үнэнд гүйцэгдээд “Оюутолгой” төсөл нь ашиггүй болоод хөрөнгө оруулалт биш зээл байсан нь тодорхой болоод ирэхээр энэ гэрээг хийсэн нүгэлтэй улсууд чинь бусад руу буруугаа чихэх, эсвэл зугтах хэлбэр рүү орж байна. Гэхдээ энэ улсуудын хоёр мөрөн дээр нь толгой байсан цагт сайнаа үзэхгүй тэр цайрахгүй. Заавал ирэх ёстой. Ирэхгүй гэвэл байнга дуудагдана”
Тэртээ 9 жилийн өмнө буюу 2016 оны 11 дүгээр сарын 18-ны УИХ-ын байнгын хорооны хурал дээр Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад Монголыг төлөөлж элчин сайдаар сууж байсан Санжийн Баяр “Оюутолгойн гэрээний тухай хоёр ч гишүүн хэлж байна. Ерөнхий сайдын хувиар зүтгүүлсээр байгаад байгуулсан. Би тэрүүгээрээ бахархдаг” (Дарж үзнэ үү) хэмээж байсан нь түүх болон бичлэгт ул мөрөө үлдээсэн байдаг. Гэтэл эдгээр өдрүүдэд Санжийн Баяр хянан шалгах хорооны сонсголд гэрчээр очихгүй хэмээн мэдэгдсэн.
Цагтаа МАН-ын хамгийн нөлөө бүхий удирдагч байж, гишүүдээ чичрүүлж, бөхийлгөж байсан Санжийн Баяр намынх нь залуу гишүүд өөрийг нь үл хүндэлж байгаа мэт үйлдэл хийж буйтай эвлэрч чадахгүй байгаа бололтой.
Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг 2025 оны 12 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд хийхэд гэрчээр дуудагдах хүмүүсийн нэрсийг анх Арваннэгдүгээр сарын 14-нд зарлахад Санжийн Баяр өөрийн нийгмийн сүлжээ FB хуудсандаа дараах мэдэгдлийг хийсэн.
Иргэн Санжийн Баяр:
“300 гэрч. 9 ЕС. Базар, вокзал… Хэн ч танихгүй хэдэн шинэков мань мэтийн фон дээр поопрох юм байх. Боддог л бодол. Гэвч сорри. Та хэдийг саатуулах цаг зав манууст алга. Надаас тухайлан асуух юм буй бол бичиг явуул. Агуулга байх аваас хариулж болох юм”
Өнөөдөр жирийн иргэн болчихоод байгаа “Хэр хэмжээний том асуудлыг чи шийднэ, тэр хэмжээний том маргаанд чи татагдан орно” гэх Грекийн аугаа сэтгэгч Сократын үгийг эшлэх дуртай Санжийн Баяр Ерөнхий сайдын албыг ердөө 1 жил 11 сарын богино хугацаанд хашсан гэхэд Монгол Улсад хэрүүлийн алим болдог олон дуулианд түүний нэр шууд холбогддог.
Долдугаар сарын 1-ний жагсаал цуглааныг хүч хэрэглэн тараасан.
Канадын хөрөнгө оруулалттай ”Хан Ресурс” компанийн лицензийг 2009 оны долдугаар сарын 10-нд түүний Засгийн газар цуцалсанаар Монгол Улс 80 сая ам.долларын торгууль төлсөн.
Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид олгосон ....
Монгол Улсын Засгийн Газар болон “Айвенхоу майнз монголия инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед компани хоорондын хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн гэх мэт.
Угтаа бол Оюутолгойн гэрээг “хар” толгойгоороо хариуцна хэмээн УИХ-ын өндөр индэр дээрээс албан ёсоор мэдэгдэж байсан 25 дахь Ерөнхий сайд асан Санжийн Баяр өнөөдөр иргэн Санжийн Баяр болонгуутаа УИХ-аас “Оюутолгойн гэрээний талаар анх удаа зохион байгуулж байгаа сонсгол”-д очихгүй хэмээн мэдэгдээд байгаа.
Түүний сонсголд очихгүй гэх мэдэгдлийн хариуд УИХ-ын дарга бөгөөд МАН-ын дарга Ням-Осорын Учрал дараах байр суурийг Улсын Их Хурлын өндөр индэр дээрээс илэрхийлсэн.
УИХ дарга Ням-Осорын Учрал:
“Оюутолгойн сонсгол”-ыг зохион байгуулахад УИХ-ын тамгын газар дэмжлэг үзүүлнэ. Энэ бол бидний улстөрждөг сэдэв биш. Дэлхий нийт харж байна. Гэрчээр дуудагдсан бол хариуцлагатай, ухаалгаар асуудалд хандах хэрэгтэй.
Санжийн Баяр 2025 оны арванхоёрдугаар сарын 02-ний өдөр өөрийн нийгмийн сүлжээ болох X-ээрээ дамжуулан ахин мэдэгдэл хийсэн.
Иргэн Санжийн Баяр:
Одоо яалтай билээ. ГХО таг зогссон, э/з-бизнесийн байдал хүнд байгаа энэ үед ийм сонсгол нь тус гэхээсээ ус болох вий гэж түгшиж сууна. Энэ сонсголыг “поп-стар” нь дэндсэн таньдаг хэдэн бурхи бус, энд тэнд гоё гоё сургууль дүүргэсэн гэх хэсэг залуус хийнэ хэмээн гүйлдээд буй нь нэн харамсалтай. Яана даа…
Мөн өдрөө өөрийн нийгмийн сүлжээ FB хуудас дээрээ
Иргэн Санжийн Баяр:
“Ийм "зарлан дуудах" утасны Viber апп-аар ирэв. 3 өдрийн 3 зарлан дуудах ирүүлж. Эхний өдрийнх нь “Жавхлант”, “Шивээ толгой” (Онтрёгийн) ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоохтой холбоотой асуудал" хэлэлцэх гэнэ. Дараагийн хоёр өдрийн "зарлан" нь ОТ ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагавар" хэлэлцэх сонсгол юм байх. Би бээр төрөө хүндэлдэг иргэн мөн хэдий ч, эл сонсголд очихгүй. Очихгүй байхын учрыг дараагийн постоор өгүүлнэ” гэсэн юм.
Монгол Улсын Их Хурлын 62 дугаар тогтоолоор байгуулагдсан “Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” түр хорооны гишүүн Отгоншарын Батнайрамдал гишүүн Санжийн Баярын мэдэгдэлд дараах байр суурийг илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн Отгоншарын Батнайрамдал:
“С.Баяр гуай Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг батлуулж, өнөөгийн нөхцөл байдал үүссэн. Асуудал байхгүй бол сонсголд ирээд асуултад хариулчих хэрэгтэй”
Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд Санжийн Баяр гэх энэ эрхэм сүүлийн 15 жилийн хэрүүлийн алим болсон “Оюутолгой”-н гэрээтэй нягт холбогддог. Нягт холбогдохгүй гээд ч яалтай билээ. Түүний тэргүүлж байсан Засгийн Газар “Оюутолгой”-н гэрээг хийсэн. Сонирхолтой нь тэр “Оюутолгой”-н гэрээг батлагдсанаас хойш 21 хоног буюу ердөө 3 долоо хоногийн дараа Ерөнхий сайдынхаа албыг өгсөн байдаг. Шалтаг нь биеийн эрүүл мэндийн байдлаас болж гэсэн. Магадгүй шалтгаан нь өөр байсан байхыг Хууль зүй, Дотоод хэргийн сайд Баттөмөрийн Энхбаяр шиг хардах эрх Монголын ард түмэнд хуулиараа буй.
Санжийн Баяр сонсголд ирэхгүй тохиолдолд хуулийн ямар хариуцлага хүлээх вэ?
57.3. Гэрч түр хорооны дуудсанаар хүрэлцэн ирэхээс зориуд зайлсхийсэн, эсхүл мэдүүлэг өгөхөөс зайлсхийсэн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр татгалзсан бол Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулна гэж заасан байдаг.
Тэгвэл Зөрчлийн хуулин дээр
Зөрчлийн тухай хуулийн 3.3 дугаар зүйл. Шийтгэлийн төрөл
1.1 Торгох шийтгэл 1.2. Нийтэд тустай ажил хийлгэх; гэсэн хоёр зүйл заалтын аль нэгээр хариуцлага хүлээлгэх боломжтой аж.
Үүнийг иргэн Санжийн Баяр андахгүй мэдэж байгаа тул ирэхгүй хэмээн өөрийн нийгмийн сүлжээгээрээ мэдэгдсэн байж болно. Цаашид Монгол Улсын Их Хурал “Хяналт шалгалтын тухай хууль”-ийнхаа 57.3 гэсэн заалтыг илүү хүндрүүлж өгөхгүй бол иргэн Санжийн Баяр шиг 57.3 -ыг үл тоох иргэн мундахгүй биз.
-Конгрессийн дуудлагыг дагаж мөрдөхгүй бол, шүүхэд хандаж “энэ хүнийг дуудлагыг дагаж мөрдүүл” гэсэн шийдвэр гаргуулах боломжтой. Асуудлыг прокурор руу дамжуулан – эрүүгийн хуулиар арга хэмжээ авдаг. Хэрвээ хүн зориуд эсэргүүцэж, дуудлагаас зайлсхийсэн бол 18 USC 1505 зэрэг хуулийн зүйл заалтаар эрүүгийн хэрэг үүсгэх боломжтой байдаг байна-
Омголон залуу насандаа “Намайг хэн хэлж, нохойг хэн саахав” гэдэг шиг омойтоод байвал цагийн уртад буурал сууж, үе нь дуусах мөчөөс сүүлчийн амьсгалаа татах өдөр хүртэл айж сандарч, гомдож цөхөрч, ичиж насаа бардаг гэдгийг хүн бүр санаж, тунгааж явахгүй бол зарим нэг хүмүүсийн цадиг түүхэн дэх бараан үйл хэрэг нь он цагийн салхинд хийсэж арилдаггүйг сануулж, бидэнд сургамж болон үлдэж байна.
БНХАУ-ын шинэчлэлийн архитекторч гэгддэг Дэн Сяопин “Муур хар, цагаан байх хамаагүй хулгана барьдаг байх хэрэгтэй” гэсэнтэй адил Санжийн Баярын толгой хар, буурал байх нь хамаагүй Оюутолгойн гэрээ хийсэн Ерөнхий сайдын хувиар ч тэр, ёс суртахууны хувиар ч тэр ирж гэрчээр мэдүүлэг өгөх цаг нь боллоо.
Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж:
"Хууль дуудсан бол зангиагаа засаад гутлаа өмсөөд босох ёстой. Тэгээгүй тохиолдолд хууль хэнбугайг ч бай хөл нүцгэн аваад явдаг. Төрд байхдаа ард түмнийхээ эсрэг байсан хүн төрөөс гараад ард түмэндээ хайртай болдог гэдэгт би итгэхгүй"
“Чингис Хаан” одонт Содовсүрэнгийн Нарангэрэл:
“Ёс суртахуунгүй бол тэр хүн биш. Араатан адгуус гэсэн үг. Ерөөсөө ёс суртахуунтай хүмүүс нь олон болчихвол тухайн улс хөгжил дэвшлийн замд ордог ийм жам ёстой юм” гэжээ.









