



















Арванхоёрдугаар сарын 12-нд Монгол Улсын Их Хурлын 62 дугаар тогтоолоор 2025 оны Долдугаар сарын 05-нд байгуулагдсан “Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өндөрлөлөө. Сонсголын хамгийн хүсэн хүлээсэн зочин бол Санжийн Баяр байсан. Тэрээр сонсголд дуудсан эхний өдрөөс л сонсголын эсрэг байр сууриа илэрхийлж байв. Бүүр очихгүй гэдгээ ч ил тод зарласан.

Санжийн Баяр:
300 гэрч. 9 ЕС. Базар, вокзал… Хэн ч танихгүй хэдэн шинэков мань мэтийн фон дээр попрох юм байх. Боддог л бодол. Гэвч сорри. Та хэдийг саатуулах цаг зав манууст алга. Надаас тухайлан асуух юм буй бол бичиг явуул. Агуулга байх аваас хариулж болох юм
Цаг хугацааны уртад үнэн гэж байдаг бололтой. Түүнд эрх мэдэлтэн гүйцэгддэг юм байна гэдгийг 2010 онд “Оюутолгойн Хөрөнгө Оруулалтын Гэрээ” (харамсалтай нь өнөөдөр хүүлэлтийн гэрээ гэж нэрлэгдэх ч багадах)-г түүний тэргүүлж байсан Засгийн газар байгуулсан гэдгийг Монголын ард түмэн нийтээрээ мэдэж байсан ч өчигдөр бүүр тодорхой эргэн санаж “Гарьд Магнай” кино шиг ард нийтээрээ нээлттэй харлаа, үзлээ.
“Оюутолгойн Хөрөнгө Оруулалтын Гэрээ”-г хийж байх явцад оройлон манлайлж оролцсон Ерөнхий сайд асан Санжийн Баяр УИХ-аас зохион байгуулсан сонсголд ирээгүй бол Зөрчлийн тухай хуулийн 1.2-т зааснаар Нийгэмд тустай ажил хийх үүрэг хүлээх байв. Улаанбаатар хотын зам талбай 12 дугаар сард цасанд дарагддаг тул түүгээр гудамжны цас цэвэрлүүлэх байсан болов уу!
Гэхдээ тэр өөрийг нь "увайгүй" гэдгийг баталж буй үеийнхээ улс төрчдийг хараад ирэхээс өөр гарцгүй болсон нь лавтай. Энэ удаа 2010 онд “Оюутолгойн Хөрөнгө Оруулалтын Гэрээ”-г байгуулангуутаа ердөө 3 долоо хоног буюу 21 хоногийн дараа ажлаа өгөөд явсан шигээ бултаж даанч чадсангүй бас зүрхлэсэнгүй. “Урт хэл хүзүү орооно” гэдэг шиг сонсголыг зохион байгуулж байгаа УИХ-ын залуу гишүүдийг дорд үзэн , миний алдар нэр дээр дөрөөлж нэр хүндээ өсгөх гэж байна хэмээн омойтож байсан түүнийг Монголын ард түмэн болон УИХ-ын залуу гишүүдийн шаардлага сонсголд ирэхээс өөр гарцгүй болгов бололтой.
Хичнээн увайгүй хүн ч нийгмийн шаардлагыг сөрж, тоостод шороо хөдөлгөнө гэхэд хэцүү. Түүн дундаа “Оюутолгойн Хөрөнгө Оруулалтын Гэрээ”-г (ОХГ) байгуулахад оройлон оролцож, хар толгойгоороо хариуцна гэж ам гарч явсан хүний хувьд ирэхээс өөр сонголтгүй сонсгол байв. Өнгөрсөнд тэргүүлэх улс төрчид байсан нөхөд өөрсдийгөө “Супер мундаг” гэж боддог бодол нь цаг үедээ үлдсэн, өнөөдрийн залуус тэс өөр сэтгэлгээгээр шинэ мөрөөдөл, шинэ зоригоор урагшлан хөгжиж байгааг харахгүй харалган өнгөрвөл нэн харамсалтай.
Санжийн Баяр “Оюутолгойн Хөрөнгө Оруулалтын Гэрээ” байгуулах гэж тэгж их яарсан цаад шалтгаан нь юу байв?
УИХ-ын 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Хянан Шалгах Түр Хорооны сонсголд Ерөнхий сайд асан Санжийн Баяр, Сангийн сайд асан Сангажавын Баярцогт нарын үгнээс нэг л зүйл тов тодорхой болж байна. Тухайн үед Ерөнхий сайд Санжийн Баярын эрүүл мэнд маш хүнд байж. Өвдөөд хамгийн багадаа 1 жил 6 сар эмнэлгийн орон дээр хэвтэж ажлаа явуулж байсан гэх. Үүнийг ч тэрээр Хянан шалгах түр хорооны сонсгол дээр дэлгэрэнгүй ярьсан. Тийм хүнд өвдсөн юм бол эртхэн биеэ эмчлүүлж, Ерөнхий сайдын ажлаа хүлээлгэн өгөхгүй гүрийсэн нь нэг л зүйлийг хүлээж байсан нь тодорхой. Тэр бол “Оюутолгойн Хөрөнгө Оруулалтын Гэрээ” байгуулах.
Санжийн Баяр:
2010 оны аравдугаар сарын 28-нд яагаад ажлаа өгсөн юм бэ? Би хувийн эрүүл мэндийн асуудлаа босгож гаргаад баймааргүй байна. Би 2009 оны хавраас хойш Ерөнхий сайдын ажлыг эмнэлгээс хийж байсан. Манай Засгийн Газрын гишүүд, УИХ-ын гишүүд, холбогдох ажлын хэсгийнхэн сайн мэднэ. Засгийн Газрын нэг ч хурлыг таслаагүй. Албан үүргээ чадах ядахаараа гүйцэтгэж байсан. Ихэнх цагт би эмнэлэгт байсан, элэг солиулах болсон. Өрөөндөө дуслын аппараттай сууж байдаг байсныг тэр үеийн хүмүүс мэднэ. Энэ гэрээ байгуулагдах боломж бололцоо гарсан учир Ерөнхий сайд байгаа дээрээ энэ гэрээг заавал байгуулна гэж шүд зуун явсан юм. Би 9 сард энэ гэрээ байгуулагдчих болов уу гэж бодсон. Есөн сардаа бид амжаагүй. 10 сар гаргаж байж энэ гэрээг байгуулсан. Тэр үед бол Ерөнхий сайдын ажлаасаа татгалздаг улстөрч хаана байхав дээ. Миний ажил амжилттай явж байсан. Атрын аянаас авахуулаад тавантолгойн асуудал, Оюутолгойн гэрээгээ байгуулчихыг бодолгүй яахав. Өвчин гэдэг асууж ирдэггүй, дайраад ирдэг шүү дээ. Өнөөдөр би энд хувийн юмаа яримгүй байгаа юм. Гэхдээ нэгэнт асуусан учраас өгсөн өргөдлийг маань УИХ хэлэлцсэн. УИХ-ын индэр дээрээс энэ учир шалтгаанаа тайлбарласан.
Санжийн Баяр улсаа биш хувиа бодсон уу?
“Оюутолгойн Хөрөнгө Оруулалтын Гэрээ” байгуулагдаад 21-хэн хонож, гарын үсэг зурсан үзэгнийх нь бэх хатаагүй байхад Санжийн Баярт Монгол Улсад сэтгэл хорогдож, Ерөнхий сайдын албатай зууралдах шалтгаан үгүй болсон бололтой.
Тиймээс л Сүхбаатарын Батболдод эрүүл мэндийн шалтгаанаар Ерөнхий сайдын албаа өгсөн. Тэгж л Монголын ард түмэн түүнийг хүндээр өвдсөнийг, албаа өгөх хүртэл түүний эрүүл мэнд хүндэрснийг мэдсэн. Өмнө нь ихэд нууцалж байсан бололтой. Ерөнхий сайд Санжийн Баяр Монгол Улсын хөгжилтэй холбоотой энэ чухал гэрээг байгуулахад амь нас нь дээсэн дөрөөн дээр байсан юм бол яагаад гэрээ байгуулахыг тэгтлээ их хүсэв гэдэг асуулт ургана. Санжийн Баяр албаа өгөөд илүү эрүүл саруул хүнээр гэрээг байгуулуулж яагаад болоогүй юм бол? Түүнд гэрээг байгуулах ямар нэг чухал шалтгаан байв уу?
Ийм асуулт гарцаагүй хариулт нэхнэ. Санжийн Баяр Япон Улсад айлчилж явахдаа УИХ-аас 57 дугаар тогтоол гарсныг дуулаад айлчлалынхаа хугацааг дуусгалгүй хаяад ирсэн. УИХ-ын 57 дугаар тогтоолоос болоод дипломат ёсыг нулимж, Монгол улсад хамгийн найрсаг ханддаг Япон улсын Ерөнхий сайдыг эвгүй байдалд оруулсны цаадах гол шалтгаан нь 57 дугаар тогтоолд орсон зарим зүйл заалт байжээ гэдгийг өчигдрийн сонсголоор өөрөө ил болгосон.
Санжийн Баяр:
Албан ёсны айлчлалыг таслаад ирдэг тохиолдол Монгол Улсын түүхэнд анх удаа гарсан байх гэж бодож байна. Айлын урилгаар оччихоод албан ёсны хэлэлцээрийн 3 дахь өдрөөс ирнэ гэдэг бол ноцтой юм гарсан гэж бодсон учраас л үндсэн багаа аваад ирсэн.
Тухайн үед Монгол улсад гал усны гашуун зовлон тохиогоогүй, дайн самуун, үймээн, цуглаан болоогүй байсан. Тиймээс л Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд байж боломгүй үйлдэл гаргасан юм.
Санжийн Баяр:
УИХ 57 дугаар тогтоол гарсан нь Ерөнхий сайдын хувьд цочирдмоор, шоконд оруулахуйц мэдээ байсан. Яагаад гэвэл Засгийн газар өгөөжийг өндөр түвшинд байлгахын төлөө л ажиллаж байсан. “34 хувийг заавал ав” гэсэн шаардлага байхгүй, “байхгүй болно” гэсэн ойлголт л байсан. 57 дугаар тогтоолын гуравдугаар заалтад орсон 50 хувь гэсэн зүйл бол огт хуульд байхгүй. Ийм заалтыг Ерөнхий сайд гадаад айлчлалтай байх үед яагаад гаргав гэж бид гайхсан.
УИХ-ын дарга Дамдингийн Дэмбэрэл:
УИХ-ын 57 дугаар тогтоолын Нэгдүгээр заалт дээр Оюутолгой компанийн хувьцаа эзэмшигчдийн төрийн эзэмшлийн доод хэмжээг 34 хувиар тогтоосугай гэж заасан. Тогтоолын нэгдүгээр заалтыг би хувьдаа хууль зөрчсөн гэж үзэхгүй. Ашигт малтмалын хуулийн дагуу гарсан тогтоол.
Монгол Улсын гүйцэтгэх засаглалын тэргүүн Ерөнхий сайд гэрээ байгуулах компанийхаа өмнөөс хууль тогтоох дээд байгууллага УИХ-ын тогтоолын шийдвэрийг зөв буруу гэж дүгнэж байгаагаас харахад тэрээр ихээхэн “том толгойтой” Ерөнхий сайд байсан бололтой. Ер нь МАН -ын дарга нарт нэг иймэрхүү хуулиас дээгүүр давилуун байдал байдгийг хэн хүнгүй мэднэ.
Ерөнхий сайд Санжийн Баяр 2009 онд “Хөрөнгө Оруулалтын Гэрээ”-г байгуулахдаа УИХ-ын 57 дугаар тогтоолыг үл тоон, “том толгойлж”гэрээ байгуулсан гэдгээ тэрээр дээрх үгээрээ баталсан юм.
Угтаа бол 2009 оны долдугаар сард УИХ-ын гаргасан тогтоолыг тоосон бол өнөөдөр Монгол Улс ногдол ашгаа хүртчих байж.
Оюутолгойн гэрээг байгуулсан Ерөнхий сайд Санжийн Баяр ч тэр, Сангийн сайд Сангажавын Баярцогт ч тэр гэрээг хамт байгуулалцсан Эрдэс Баялаг, Эрчим Хүчний сайд Дашдоржийн Зоригт, Байгаль Орчин, Аялал Жуулчлалын сайд Лүймэдийн Гансүх нар эс үйлдлээрээ өвчтэй хүнээр удирдуулсан нь буруутай.
Угтаа бол Ерөнхий сайдыг хүнд өвдсөн гэдгийг мэдэгдээд, гэрээ байгуулахад оройлон оролцож байсан Ерөнхий сайдыг яаралтай солиулаагүйгээрээ тэд эс үйлдэл хийсэн болж таарна.
Хүн ёсны хувиар Санжийн Баярыг гэрээ байгуулах үйл явцад оруулахгүй байх.
Нэгэнт өвдөж зовсон хүн ямар ч хамаагүй үйлдэл хийх зоригтой байх магадлалтай тул улс орныхоо эсрэг ямар нэг алдаа гаргахаас болгоомжилж гэрээний үйл явцаас нэн даруй тусгаарлах ёстой байсан.
Ямар ч хүнд өвчин туссан хүн үлдэх үр хүүхдээ бодох нь лавтай. Тиймээс УИХ дарга асан Зандаахүүгийн Энхболдын батлаад байгаа Санжийн Баяр “Оюутолгой”-н гэрээг байгуулснаар “Петровис” компанид давуу эрх олгуулах, олгосон давуу эрхээрээ дамжуулж үр хүүхэддээ өндөр үнэтэй хувийн орон сууцыг олноор АНУ-д авахуулж өв болгон үлдээсэн юм биш байгаа гэх хардлагыг Хууль зүй, Дотоод хэргийн сайд Баттөмөрийн Энхбаярын адил хардаж байна. Магадгүй л гэж хэлье.
УИХ дарга асан Зандаахүүгийн Энхболд:
Дизель түлшийг нь Санжийн Баярын найзын компани “Петровис” нийлүүлдэг болсон. Петровисийн захирал Давааням нь Санжийн Баярт 10 сая ам.долларын хахууль өгөөд 10 байшин АНУ-д аваад ялаа авсан нөхөр ш дээ. Ийм ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсээс болоод менежментийн төлбөрт Монгол улс авсан бүх татвараас ч их мөнгийг төлчихөөд байгаа юм. Хариугүй жаахан хоолны мөнгө, хариугүй жаахан шатахууны мөнгө шүү. Гэрээнд идэвхтэй оролцсон бүх хүмүүс ямар нэг зүйл хүртчихээд байгаа.
Хэрвээ УИХ дарга асан Зандаахүүгийн Энхболд худлаа хэлсэн бол Ерөнхий сайд асан Санжийн Баяр, Сангийн сайд Сангажавын Баярцогт нарыг гүтгэж Монгол Улсын Иргэний хуулийн 21.2 -ийг зөрчих юм.
21 дүгээр зүйл. Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалах
21.2. Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ.
УИХ-ын түр хорооны сонсгол дээр Санжийн Баяр, Сангажавын Баярцогт нарын авсан авлигын талаар УИХ дарга асан Зандаахүүгийн Энхболд ийнхүү тов тодорхой гэрчилсэн. Хэрвээ 2010 оны долдугаар сард УИХ-аас 57 дугаар тогтоол батлагдангуут энэ хүн гэрээ байгуулаагүй бол, хэрвээ тухайн үед өвчний улмаас Ерөнхий сайдын ажлаа өгсөн бол гэх бодол эргэлдэх.
Бид өнөөдөр иргэн Санжийн Баярын талаар ингэж бичээд байгаагийн цаад шалтгаан нь өнөөдөр ч “Рио Тинто” ХХК-тай Оюутолгойн хэлэлцээр хийгдэж байгаа. Энэ үед өвчтэй, зовлонтой хэн нэг сайд байгаа бол өөрийн эрх ашгийг Санжийн Баяр шиг урдаа тавилгүй хойш тавиад, улсынхаа эрх ашгийг бодохгүй бол ирээдүй үеийнхээ шүүлтийн хаалган дээр гэмтэн болж зогсоно гэдгийг эргэн санах хэрэгтэй юмаа.
УИХ гишүүн, Түр хорооны дарга Отгоншарын Батнайрамдал:
Шийдэл ярих гэж байгаа бол алдааг хүлээн зөвшөөрөх ёстой. Алдааг засах эхлэл алдаагаа хүлээн зөвшөөрөхөөс эхэлдэг. Тийм учраас 16 жилийн туршид "Оюутолгойн Хөрөнгө Оруулалтын Гэрээ" анх хэрхэн байгуулагдсан нь хуульд нийцсэн юм уу? Энэ хооронд юу болж өнгөрсөн юм. Ямар эс үйлдэхүй гарсан юм. Ямар үр дагавар гарсан гээд энэ бүхнийг бид ойлгож, үнэлэлт дүгнэлт хийж байж ирээдүйгээ ярих учиртай. Бид цогцоор нь харахыг хичээж байна.









