




















Үнэхээр жижигхэн. Бүүр чигчий хуруу шиг жижигхэн. Угтаа бол АН-ын талаар Wikipedia дээр тавьсан мэдээллээс харахад 150 мянган гишүүнтэй гэж танилцуулагдаж байна. Өөрсдөө 200 мянган гишүүнтэй ч гэж ярьдаг. 1990 оны Ардчилсан Холбоо эвслийн суурин дээр бүрэлдэж, 2000 оны 12 дугаар сард 6 хүчний нэгдэл дээр төрсөн энэ нам өнөөдөр ХҮН-ээс жижигхэн нам болж хувирлаа.

Үнэндээ Ардчилсан Нам жижгэрсэн бус дарга нь жижигхэн байна. Үндэсний биш юмаа гэхэд намдаа тэргүүлэх лидер алга. Үнэхээр алга. Анхны дарга Дамбийн Дорлигжаваасаа эхлүүлээд өнөөдрийн дарга Одонгийн Цогтгэрэл хүртэл 9 даргын нүүр үзсэн Ардчилсан Нам улстөр яаж хийхээ ч ойлгохгүйдээ хүртэл унаж байна. Унах ч гэж дээ хийх гэж оролдох ч үгүй байна.
Маш богинооо дүгнэхэд Ардчилсан Намын 9 даргаас хамгийн нэр цэвэр ажлаа өгсөн нь Лувсаннямын Гантөмөр түүнээс бусад нь хэрүүлтэй, хэлцээтэй, дуулиантай шуугиантайгаар намаа удирдсан. Гэхдээ хэнийх нь ч үед ингэж доошоо орж байсангүй. Баабар гуайн хэлдэгээр Ардчилсан Нам Содномзундуйн Эрдэнийн үед адагт хүрч, доошоо орно гэж хэлж байхад ч ийм арчаагүй байгаагүй. Хилсдүүлсэн хийрхэл болохгүй.
МАН-ын сүүлийн 63 жилийн (Б.Нямбуу, Б Сурмаажав, Ц.Лоохууз нарын намын эсрэг бүлгээс хойш) түүхэнд болоогүй, үндсэн хуулийн цэцийг хүртэл татаж оруулсан ийм том хагарал өнгөрсөн есдүгээр сард болж, намын даргынх нь өрсөлдөөнөөс улбаалсан зодоон цагаан байрнаасаа хальж Төрийн Ордонд орж, бүүр УИХ-ын хаалгыг татаад урилгагүй орж ирж байхад АН-ынхан ангайгаад сууж байв. Тэр дундаа АН-ын дарга Одонгийн Цогтгэрэл болон гал тогоог нь барьж байгаа Ерөнхий Нарийн Бичгийн дарга Наянтайн Ганибал нар улстөр хийж чадахгүйгээ баттай батлав.
Улстөрийн намын хүсэн хүлээдэг нөхцөл бүрдээд байхад, өмнөх 8 даргад нь мөрөөдөөд ч олдоогүй боломж давхар давхар ирж байхад Одонгийн Цогтгэрэл ашигласангүй. Хэрвээ ийм боломж олдсон бол өмнөх дарга нар нь үмхээд авах нь дамжиггүй байв. Үнэндээ Норовын Алтанхуяг АН-ын дарга байхад бизнесийн салбараас улстөрийн салбарт тооноор орж ирсэн Одонгийн Цогтгэрэл бол яах аргагүй сайн бизнесмэн.
Түүнээс улстөрч бол биш юм байна гэдгийг АН-ын гишүүд ч, МАН-ын гишүүд ч цаашлаад Монголын ард түмэн харлаа, үзлээ. МАН-ын 32 гишүүн Гомбожавын Занданшатарыг буулгаад, огцруулаад өгөөчээ гэхэд хөдлөөгүй АН-ын дарга Одонгийн Цогтгэрэл 150 бүтээмжийн хийгээд хяналтын менежерийнх нь ажлыг авна гэнгүүт
УИХ-ын гишүүн, Ардчилсан намын бүлгийн дарга, АН-ын дарга Одонгийн Цогтгэрэл
“Дэд сайд нараа огцруулах уу гэсэн асуултад “Үгүй” гэж хариулах болвол энэ бол Ардын Нам ард түмэн рүү салаавч өгч байна гэж ойлгоно. Бид төрөө улам том болгон ард түмний амьдрал доройтож байгаа энэ бүхэн бидэнд падлийгүй, дарга нарын тоогоо улам олон болгоно гэж ард түмэнд “Салаавч өгч” байгаа хэрэг шүү” гэсэн.
Хэрвээ Одонгийн Цогтгэрэл 150 менежерээ явуулаад дэд сайд нарыг явуулж чадаж гэмээнэ дарга шиг дарга болно. Үгүй бол тэр 150 менежерээрээ тохиролцоод Ерөнхий сайдад муриулсан байж мэднэ. Ерөнхий сайд, шатарчин Гомбожавын Занданшатар Одонгийн Цогтгэрэл мэтийн жижиг хүмүүст улстөрийг уншуулаад мадлах нь баараггүй. Инфляц, шатахууны хомсдолоос улбаалан засаг огцруулах тухай ярьж явбал АН-ын даргын үг, үйлдэл ард түмэнд гарцаагүй таалагдана. Гэтэл хэдхэн Дэд сайд томилсны төлөө бор шидмэсээр хоолойгоо боож, үхэх гээд яваа нь даанчиг өрөвдөлтэй бас гайхмаар!!!
УИХ-ын гишүүн Жуковын Алдаржавхлан
Огцруулах нь нээлттэй, гэхдээ ярилцах хүсэлтэй байх шиг байна.
гэж байгаа нь АН албан тушаалын “шантааж” хийж буйг маш боловсноор хэлсэн. Өнгөрсөн баасан буюу 2025 оны 12 дугаар сарын 26-нд болсон Ерөнхий сайдын цаг дээр Гомбожавын Занданшатар УИХ-ын гишүүн Батбаярын Жаргалангын асуултад АН-ынханыг “мад” тавих хариулт өгсөн.
Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар
Таны хэлсэн 197 хоногт уруудаад байгаа эдийн засгийг сэргээсэн байна. Та өөрөө эдийн засагч хүн мэдэж байгаа. Эдийн засгийн өсөлт оны эцэст 6.4 хувьд хүрнэ. Тоо чинь итгэл, хоосон итгэл биш, бодит итгэл ярих ёстой. Хоосон шүүмжлэл биш бодит тоо ярих ёстой. Тоо худлаа хэлдэггүй гэж би хэлээд байна. Эдийн засгийн өсөлт 6.4 хувь болсон байна. Валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар болсон байна. Энэ өөрөө болоогүй. Валютын ханш 3600 даваад 4000 хүрэх гэж байсныг өнөөдөр 3545 төгрөг болгож буулгалаа. Энэ бодитой баримт. Амьдралыг хар талаас нь хараад байвал нэг ч болж бүтэж байгаа юм байхгүй. Бүх зүйлийг сайн сайхан болж байна гэж би хэлэхгүй. Ирэх жил хүнд байх болно. Бүхэл бүтэн Ардчилсан намын бүлэг энэ 300 хоногт улс орныхоо эдийн засгийг сэргээх тухай биш 16 дэд сайдын талаар ярьсаар байгаад өнөөдрийн цагийг барж байгаад харамсаж байна.
Тиймээ МАН-ын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар хүртэл өрсөлдөгч намаа ийм сул дорой байгаад харамсаж байхад 200 мянган гишүүн нь харамсахын дээдээр харамсаж суугаа нь лавтай. Яах гэж тэдний төлөө улаа эргэтэл явж, улстөржив дөө гэж “толгойгоо шааж” суугаа.
Улстөрийн уур амьсгалыг мэдэрдэггүй, улстөрчийн буурьгүй, улстөрчийн хувьд даанч жижигхэн, хулчгар, гэхдээ сүүхээтэй бизнесмен АН-ын дарга Одонгийн Цогтгэрэл Иргэний Зориг Ногоон намын гишүүн Мөнхтөрийн Нарантуяа-Нара гишүүний ч энд хүрэхгүй жижигхэн улс төр хийж байна.
АН-ынхан даргадаа 2025 оны “a political toddler” шагнал өгөх хэрэгтэй. Ядаж “Ухаангүй ноёнд урагшгүй албат”-ууд заяачихсан аятай УИХ-ын АН-ын 41 гишүүн дотор сөрөг хүчний ажил хийн торойх гишүүн Лувсанням гуайн хүүгээс өөр алга. Магадгүй АН-ын дарга Одонгийн Цогтгэрэл өмнөх дарга Лувсаннямын Гантөмөрөөрөө УИХ дахь АН-ын бүлгээ удирдуулаад, арын фронтоос улстөр хийж болно.
“Хог дээрээ үсэрчихээд” байсан АН-ыг босгож УИХ-д 42 суудалтай болгон өнөөдрийн улстөрийн хэрүүлийн алим болсон 150 бүтээмжийн менежерийг томилуулж, 8 яамыг удирдах хэмжээнд хүргэж чадсан Лувсаннямын Гантөмөрөө хэлэх хэлэхгүйгээр хэлээд байлгүй “Аюуш” хадаг дээр албан тушаал тавиад очвол Лувсанням гуайн хүү наашаа харан ярвайж, цаашаа харан инээж хадгийг нь авч, сөрөг хүчний улстөр эрчимжих ч юм билүү .









