



















Монголын нийгэмд эх хүнийг тэсвэртэй, бүхнийг зохицуулдаг, бүгдийг даадаг, ядрах эрхгүй мэтээр төсөөлөх нь элбэг. Гэвч 0–5 насны хүүхэдтэй ээжүүдийн дунд сэтгэлзүйн ядаргаа, стресс, ганцаардал түгээмэл байна. Энэ нь төдийлөн ил яригдахгүй, анзаарагддаггүй хэвээр байсаар.
Сэтгэлзүйчдийн хэлж буйгаар бага насны хүүхэдтэй ээжүүдийн сэтгэлзүйн ачаалал нь зөвхөн төрсний дараах сэтгэл гутралаар хязгаарлагдахгүй.

“Ээжүүд ‘би ядраад байна’ гэж хэлэхийг сул дорой гэж ойлгогдоно хэмээн айдаг. Үнэндээ бол нойр дутуу, тасралтгүй анхаарал шаардсан орчинд удаан байх нь сэтгэлзүйн ядаргаанд хүргэх бүрэн шалтгаан” гэж сэтгэлзүйч Б.Энхтуяа ээжүүдийг өмөөрч, онцолжээ.
0–5 насны хүүхэдтэй байх нь байнгын асаргаа шаарддаг, ээжийн амьдралын хэмнэл өөрчлөгддөг сорилтын үе. Учир нь нойр дутуу байдал, өөртөө цаг гаргах боломжгүй ,санхүүгийн хязгаарлалт, гэр бүлийн дарамт,нийгмээс тусгаарлагдсан мэдрэмж авдаг байх нь. Нийслэлд амьдардаг, хоёр настай хүүхдийн ээж Н:
“Хүүхдээ унтуулаад ганцаараа уйлах үе олон байсан. Ядарч байгаагаа хэлэхээр “бусад ээжүүд чадаж байна, чаддаг л юм” гэсэн үг сонсдог. Тэгээд л миний буруу юм шиг санагддаг байсан.”
Ийм жишээ цөөн биш. Гэвч тусламж хүсэхээс санаа зовдог,сэтгэлзүйчид хандах нь “хэтрүүлэг”, гэр бүл, нийгмээс хангалттай ойлгож, дэмждэггүй байдал байсаар, үргэлжилсээр.
Хүүхдийн эмч нарын зүгээс ч “Ээжийн сэтгэлзүйн байдал хүүхдийн нойр, хооллолт, зан авирт шууд нөлөөлдөг. Стресстэй ээжтэй хүүхэд тайван хүн болоход хэцүү” гэж тодотгож байна.
Тиймээс гэртээ 5 хүртэлх насны хүүхдээ харж байгаа ээжүүдэд 50 мянган төгрөг өгөхөөсөө илүү тайван байлгах нь нэн чухал. Олон улсад 0–5 насны хүүхэдтэй ээжүүдийн сэтгэлзүйн эрүүл мэндийг төрийн бодлогоор дэмжиж эхлээд буй.
Жишээ нь
• Скандинавын орнуудад ээжүүдэд зориулсан үнэгүй сэтгэлзүйн зөвлөгөө
• Япон, Солонгост ээжүүдийн дэмжих бүлэг, уулзалт
• Европын зарим улсад эцэг, эхийн хамтын амралт, уян хатан ажлын цаг зэргийг хэрэгжүүлж эхлэн амжилт олж байна.
Харин Монголд …???









