



















Эвдэрч буй эх хэлээ “тэлж” байж авч үлдэнэ
Хаая, хайя, хай хай. Баая, баа, баая баая…
Энэ юу гэсэн үгс вэ? Энэ бол өнөөгийн монгол хүний уулзахдаа мэндэлж, салахдаа хэрэглэдэг үгс
Бидний эх хэл ярианы түвшнээс бичгийн хэл хүртлээ гажиж, эвдэрч буйг дээрх “мэндчилгээ” илтгэнэ.

1943 онд хойд хөршийн нөлөө, бодлогын дор крилл үсгийг улсын хэмжээнд албан ёсоор хэрэглэж эхэлсэн нь эх хэлний түүхэн эргэлтийн цэг байсан. Тэр үед үгийн үндэс язгуурыг нэрлэж, оноож, үйлдлийг нь ойлгуулан ухуулдаг босоо монгол бичгээ халж, шинэ цагийн илэрхийлэл болсон крилл бичигт шилжсэн. Гэхдээ бидэнд хохирол биш. Крилл бичиг бол шинэ цагийн бидний хөгжлийн гол зэвсэг байлаа. Монголчуудыг дэлхийтэй холбож, дэлхийг Монголд авчирсан крилл бичиг бидний эх болсон. Одоо ч та энэ бичвэрийг крилл үсгээр түүгээр уншин ойлгож байна.
Иймээс бид крилл бичгийг цаашид ашиглана гэвэл нэг мөр ойлголт, нэгдсэн бодлогоор өргөжүүлэн тэлэх хэрэгцээ тулчихаад буйг ухах нь нэн чухал.
Өнөөдөр бидний амьдралд “интернет”, “аппликэйшн”, “Wi-Fi”, “контент”, “шоп”, “молл”, “кофе”, “бэби”, “нөүтбүүк”, “пасс” гэх мэт үгс өдөр тутмын хэрэглээ боллоо.
Гэвч эдгээр үгсийг хэрхэн зөв, ойлгомжтой, нийтээрээ нэг мөр хэлж, бичиж, ойлгох вэ?
Хөгжил даган, айлсан ирж буй эдгээр үгсийг зүгээр нэг “цаасан дээрх галиг” болгох уу?
Монгол хэлний хэм хэмжээнд шингээн, утга агуулгаар нь тэлж, дэлхийн хөгжлийг эх хэлээрээ дамжуулан илэрхийлж сурах уу?
Жишээ нь, “Wi-Fi” гэх үгийг латин үсгээр нь бичих үү? “Вай-фай” хэмээн дуудаж галиглах уу? Эсвэл “утасгүй сүлжээ” хэмээн шууд орчуулж нэрлэх үү? Аль нь ч ойлгомж муутай, хэрэглээнд тохиромжгүй байж болно. Үг гэдэг өөрөө язгууртай. Тэр язгуур нь утга агуулгын үндэс болох ёстой. Энэ тохиолдолд “утасгүй сүлжээ” гэх нь бичлэг, дуудлагын аль аль талаасаа олны хэрэглээнд нийцэхгүй байх өндөр магадлалтай.
Бид 1300 орчим жилийн бичиг соёлын уламжлалтай ард түмэн. Босоо монгол бичгээ түр орхисон ч 80 гаруй жил хэрэглэж ирсэн крилл бичгийн дүрэм, журам, хэлзүйн цогц тогтолцоог хэрхэн авч үлдэх вэ?
Хэл шинжлэлийн ухааныхан, судлаачид, орчуулагчид, түүхчид, технологийн салбарынхан төртэй хамтраад боловсрол, хэвлэл мэдээлэл, цахим орчинд нэг мөр хэрэгжих Монгол үгсийг тодорхой болгомоор байна.
2014 онд “Ь”, “Ъ” тэмдэг үсгийг хасна, шинэ хэлний дүрэм гаргана гэх мэт санаачилга өрнөж байсан ч тодорхой шийдэлгүй, маргаан дунд бүдгэрсэн. Өнөөдөр ч бид “бөжин” гэж бичих үү, “бүжин” гэж бичих үү гэдгээ мэдэхгүй будилж сууцгаана.
Гэтэл цаг үеийн хурд, технологийн ачаар ирээдүйн монголчууд, бидний үр хүүхдүүд гадаад хэлээр чөлөөтэй ярьж, харилцаж, ойлголцох түвшинд хүрчихлээ. Тэдний хэлэхийг ойлгож болох ч ярихыг нь мэдрэх гэдэг зүйл үгүй болж байна. Тэдэнд зориулсан эх хэлний боловсруулалт, хэлний шинэ хэрэглээний бодлого хожимдох эрхгүй.
“Борхош” гэж кофег нэрлэх нь шийдэл биш. “Контент” гэх үгийг “агуулга” гэж шууд орчуулах нь ч шийдэл биш. Бид эдгээр үгсийг хэрхэн “монголчлон шингээж”, хэрэглээнд нийцүүлэн үгсийн сангаа арвижуулан хөгжүүлэх вэ? гэдэгт асуудлын гол утга оршиж байж мэднэ.
Хэл гэдэг зүгээр нэг авиа, дүрс тэмдэглэл биш. Энэ бол үнэ цэн, сэтгэлгээ, ялгарах онцлог, өөрөөр хэлбэл өв соёлын амьд урсгал. Монгол хэл XXI зуунд байх эсэх нь үсэг хасч, ингэж бичнэ гэх шийдвэр бус шинэчилж, тэлж, баяжуулах сэтгэлгээтэй цаг үеийн шийдэл байх учиртай.
Гадаад үгсийг “модон” байдлаар орчуулах бус, өөриймшүүлэн монгол сэтгэлгээнд нийцүүлж, баяжуулваас бидний хэлний баялаг, өв болон үлдэнэ. Хэрвээ бид эх хэлээ “дэлхийн хөгжилтэй зэрэгцүүлэх” зориг гаргах аваас эх хэл маань ч биднийг ирээдүй рүү авч явах тод зам болж гэрэлтэнэ.
Монгол хэл бидний зөвхөн өнгөрсөн түүх биш одоо бас ирээдүй.
Хэл, хил, мал гуравтайгаа байхад
Хэн баян … МОНГОЛ










