
АНУ-ын OpenAI компанийн гүйцэтгэх захирал Сэм Алтман, Nvidia компанийн гүйцэтгэх захирал Женсэн Хуан нар ирэх долоо хоногт АНУ-ын Хойд Каролина мужийн Рали хотод болох Их 20-ийн бүлгийн (G20) сайд нарын, технологийн асуудалд төвлөрсөн уулзалтад оролцохоор төлөвлөж байна гэж уг арга хэмжээний талаарх мэдээлэлтэй эх сурвалж мэдээлжлэ.
Мөн АНУ-ын зүгээс SpaceX компанийн гүйцэтгэх захирал Илон Маск, Meta Platforms компанийн удирдлагын багийн гишүүн Дина Пауэлл МакКормик, мөн венчур хөрөнгө оруулагч, Цагаан ордны хиймэл оюун ухааны асуудал хариуцсан зөвлөх асан Дэвид Сакс нарыг оролцогчдод видео хурлаар хандаж үг хэлүүлэх төлөвлөгөөтай байгаа аж. Мэдээлэлтэй ихээхэн ойр эх сурвалжийн хэлснээр тэд мягмар гарагт үг хэлэх юм байна.
АНУ нь Их-20-ийн гишүүн орнуудыг хиймэл оюун ухааны зохицуулалтад хэт хатуу бус, уян хатан хандлага баримтлах тухай хууль зүйн хувьд заавал биелүүлэх шаардлагагүй хэлэлцээрт нэгтгэхийг зорьж байгаа гэж Цагаан Ордны албан тушаалтан мэдэгджээ.
Тус хэлэлцээрээр Их-20-ийн гишүүн орнуудыг хиймэл оюун ухааныг зохицуулах шинэ төрийн байгууллагууд байгуулахаас зайлсхийх, шинээр гарч ирж буй технологийг турших, хөгжүүлэх үйл явцад хувийн хэвшлийн компаниудтай хамтран ажиллахыг уриалах юм байна.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Цагаан ордны технологийн асуудал хариуцсан зөвлөх Майкл Крациос мэдэгдэлдээ:
Дэлхийн эдийн засгийн хөгжил цэцэглэлтийг дэмжихийн тулд илүү ухаалаг зохицуулалт, арга барил, хиймэл оюун ухааны хэрэглээнд саад болж буй бэрхшээлийг бууруулах, ажиллах хүчийг хөгжүүлэх хүчирхэг санаачилгуудын талаар өргөн хүрээнд, үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлэхийг бид тэсэн ядан хүлээж байна.
гэжээ.
Сэм Алтман АНУ-ын Худалдааны сайд Ховард Латникийн хамт “Түүдгийн дэргэдэх ярилцлага” буюу албан бус, чөлөөт хэлбэрийн ярилцлагад оролцоно гэж OpenAI-ийн төлөөлөгч мэдэгдэв. Алтман уг ярилцлагын үеэр хиймэл оюун ухааны технологийн удахгүй гарах шинэ дэвшлүүдийн талаар ярих аж.
Харин Женсэн Хуанг уг арга хэмжээнд оролцох эсэх талаар Nvidia компанийн төлөөлөгч тайлбар өгөхөөс татгалзжээ.
Уг уулзалт нь энэ оны арванхоёрдугаар сард Флорида мужийн Майами хотод болох Их-20-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтын өмнөх 3 сарын хугацаанд зохион байгуулагдах цуврал уулзалтуудын нэг юм.
Уулзалтын цахим хуудсанд мэдээлснээр Рали хотод болох уулзалтаар Их-20-ийн гишүүн орнуудын технологи, худалдааны асуудал хариуцсан албан тушаалтнууд “Хиймэл оюун ухаан болон шинээр хөгжиж буй бусад технологи”-ийн асуудлыг хэлэлцэх юм байна.










