



















Японы эрх баригч Либерал ардчилсан намын (ЛАН) удирдагч болох өрсөлдөөнд оролцож байсан эдийн засгийн аюулгүй байдлын сайд асан Санаэ Такаичи “Нордийн орнуудын түвшинд” буюу (эмэгтэйчүүдийн оролцоо, хүйсийн тэгш байдлын хамгийн өндөр түвшин) нийгмийн хувьд дэвшилтэт Скандинавын орнуудын Засгийн газартай дүйцэх хэмжээний эмэгтэйчүүдийг өөрийн эмхлэх Засгийн газартаа оруулах зорилт тавьж, улс төр дэх хүйсийн тэгш бус байдлыг багасгахыг амласан юм.

Одоо тэрээр намынхаа шинэ удирдагчаар сонгогдож, өөрийн шүтээн Их Британийн анхны эмэгтэй Ерөнхий сайд Маргарет Тэтчерийн жишээг дагах замдаа шуударлаа. Гэвч Санаэ Такаичи өөрийн намын олон жил амлаж ирсэн боловч биелүүлж чадаагүй хүйсийн тэгш эрхийн асуудалд бодит өөрчлөлт хийх сорилттой тулгарах болно.
“Ганц эмэгтэй удирдагчийн гарч ирэлт улс төр дэх эмэгтэйчүүдийн байр суурийг гэнэт сайжруулахгүй” гэж Токио их сургуулийн хүйсийн судалгааны профессор Тохко Танака хэлжээ. Тэрээр “Тэтчерийн дараа Их Британи дахин нэг эмэгтэй удирдагчтай болох хүртэл 26 жил хүлээсэн” гэж нэмж анхааруулсан.
Танакагийн хэлснээр “Японы дараагийн Ерөнхий сайд хүйсийн асуудлыг урт хугацааны бодлогоор шийдвэрлэх шаардлагатай. Ажиллах хүчний хомсдол улам ноцтой болж, эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй байгаа энэ үед богино хугацааны арга хэмжээ хангалтгүй” гэжээ.
Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан 2025 оны Хүйсийн тэгш байдлын дэлхийн тайланд Япон улс 148 орноос 118 дугаар байр эзэлсэн нь “Их долоогийн” орнууд дундаа хамгийн муу үзүүлэлт юм.
Либерал ардчилсан намын дотоод сонгуулийн гол анхаарал нь инфляцтай тэмцэх болон гадаадын хууль зөрчигчдөд хандах бодлого байсан тул хүйсийн тэгш байдлын асуудал хоёрдугаар зэрэглэлд орсон. Гэсэн хэдий ч Такаичи “Нордийн орнуудтай ойролцоо хэмжээний эмэгтэй сайдтай Засгийн газар” байгуулна гэж онцолсон нь анхаарал татсан юм.
“Би эмэгтэйчүүдийг зөвхөн эмэгтэй гэдгээр нь томилохгүй” гэж тэр намынхаа цуглаанд хэлжээ. “Харин улсдаа чин сэтгэлээсээ зүтгэх чадвартай, хүсэлтэй илүү олон эмэгтэйг томилно” гэжээ.
Одоогийн Ерөнхий сайд Шигэру Ишибагийн 20 гишүүнтэй Засгийн газарт зөвхөн 10 хувь нь эмэгтэй, хамгийн өндөр үзүүлэлт нь урьд өмнө 25 орчим хувь байсан. Харин Нордийн орнуудад энэ үзүүлэлт Дани – 36%, Финланд – 61% байдаг.
Гэвч Такаичигийн хувьд сонголтын боломж хязгаартай — ЛАН-ын хоёр танхимын нийт гишүүдийн зөвхөн 13% нь эмэгтэй, намын зорилт болох 2033 он гэхэд "30%”-д хүргэх хэмжээн хол байна.
Өмнөх Ерөнхий сайд Шинзо Абэ “Womenomics” хөтөлбөрөөр дамжуулан илүү олон эмэгтэйг ажиллах хүчний зах зээлд татсан боловч шүүмжлэгчдийн үзэж байгаагаар ахиц удаан байна, ялангуяа удирдах түвшний албан тушаалд.
2020 онд Засгийн газар эмэгтэйчүүдийг нийгмийн бүх салбарын удирдах албан тушаалын 30 хувьд хүргэх зорилтоо 2030 он хүртэл хойшлуулсан билээ.
Такаичи мөн улс даяар эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн төвүүд байгуулах зэрэг санаачилгыг дэвшүүлсэн ч түүний өргөн цар хүрээтэй барууны консерватив бодлого нь зарим эмэгтэй сонгогчдын дэмжлэгийг сулруулсан гэдгийг санал асуулгууд харуулж байна.
Жишээ нь, тэрээр гэрлэсэн хосууд нэг овог хэрэглэх ёстой гэсэн одоогийн хуулийг хамгаалдаг. Энэ нь бодит байдал дээр эмэгтэйчүүд ихэвчлэн нөхрийнхөө овгийг авах шаардлагатай болгодог бөгөөд тэдний карьерийн өсөлтөд сөргөөр нөлөөлдөг гэж шүүмжлэгчид үздэг. Харин барууны үзэлтнүүд энэхүү хууль нь “гэр бүлийн нэгдэлд зайлшгүй чухал” гэж үздэг.
Барууны төвийн үзэлтэй ЛАН нь сүүлийн жилүүдэд хүчээ авч буй “Сансэйто” хэмээх барууны шинэ намын сорилттой нүүр тулж байна. Энэ намын удирдагч хүйсийн тэгш байдлын бодлого нь Японы төрөлт буурах гол шалтгаан гэж шүүмжилдэг бөгөөд энэ санаа зарим эсэргүүцлийн хөдөлгөөнүүдийн дунд, тэр дундаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын холбоотнуудтай хамтран ажилладаг популист хүрээнд хүчтэй тархаж байгаа юм.











