



















Төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагууд өөрт олгогдсон эрх мэдлийн хил хязгаарыг давж шүүх эрх мэдэл рүү “халдах” хандлагатай болсоор байна. Энэ хил хязгаарыг хөндөх нь шүүхийн хараат бус байдлыг “ганхуулж” ардчиллыг “задлах” заналхийлэлийн эхлэл байж мэднэ. Орчин үеийн ардчилсан тогтолцоот орнуудад төрийн эрх мэдлийг “хууль тогтоох”, “гүйцэтгэх”, “шүүх эрх” мэдэлд хувааж хүчний тэнцвэрийг сахина. Төрийн эрх мэдлүүдийг өөр хооронд нь тэнцвэржүүлж, харилцан бие биенээ хянадаг тогтолцоог хамгаалах нь эрхзүйт нийгмийн үнэт зүйл.
Гүйцэтгэх эрх мэдэлд төрийн бодит эрх мэдэл төвлөрдөг ч үүнийгээ хууль, эрх зүйн хүрээнд ашиглах үүрэгтэй. Зүйрлэвээс хууль хэмээх гинжээр хүлэгдсэн үлэмж биетэнтэй адил гэж тодорхойлох нь бий. Харин шүүх засаглал төрийн захиргааны нэг хэсэг байж болохгүй, бие даасан байх ёстой. Мөн л гагцхүү хуульд захирагдана. Тэгвэл төрийн эрх мэдэл хүчний хуваарлилтыг “гинжлэн” тогтоох “хууль” шиг хуулийг парламент нь батлана. Иймд төрийн эрх барих дээд байгууллага гэж парламент бүх хүчийг тэнцвэржүүлэх сайн хууль баталж байх ёстой.
Монгол улсад өнөөдөр хууль нь засаглаж, шүүх нь хуулиар нийгмийн хэм хэмжээ, эрхийг хамгаалж, иргэд нь ёс суртахууны хэм хэмжээгээ баримталж байж сая ардчилсан Монгол улс “бүтэн” оршино. Хуульд захирагдах гүйцэтгэх засаглал хязгаараа давж зэрэгцээ орших учиртай тулгуур баганаа нурааж болохгүй.
Гэвч өнөөдөр энэ хэм хэмжээг урвуулан, халдаж үл болох шүүх засаглалын эрхэд халдаж эхлээд байна. Зөвхөн хуульд захирагдаж, хуулийг хэрэгжүүлдэг шүүх институцид гар дүрэх санаархалтай “данхар” толгойтнууд хараат бус байдалд нь халдах оролдлогыг дотроос нь явуулдаг болох гэсэн “хардмаар” үйл явдлууд ар араасаа гарах болов. Тухайлбал нийгмийг талцуулсан 8 ишигний гэх тодотголтой хэргийн шүүх хурлын үеэр Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчээ нөлөөнд автсан гэж “буруутгаж” гомдол гаргасан нь гаж гэмээр үйл явдал болсон. “Гаж” гэмээр гэж тодотгож байгаа учир нь ШЕЗ-ийн төлөөлөгч нь шүүгчээ олны нөлөөнд автсан гэж гомдол гаргасан ичмээр явдал...
Шүүх хурлын гаднаас мэдээ бэлтгүүлж, лоозон тавих нь нөлөөлөл үү? Буруутгагдсан сэтгүүлчийн асуудлаар бус энгийнээр тайлбарлавал, нийгэмд нөлөөтэй, цахимд олон дагагчтай хэн нэгэн аливаа гэмт хэрэгт буруутгагдлаа гээд дэмжигчдийнх нь нөлөөнд автаж “ял оноодог” шүүх дэлхийн хаана ч байхгүй. Байх аваас “хууль бус”, “фанатизм” засагладаг орон эсвэл дарангуйлал засагладаг улс биз. Олонд нөлөөлөгч улс төрчид, олны хайрыг татсан нийгмийн зүтгэлтнүүдийн гэмт буруутай эсэх шүүх хурал болоход дэмжигчид нь шүүхийн гадаа уриа лоозон барьж олны анхаарлыг татаж дэмжлэг авах, эсэргүүцэл үзүүлээд зогсдог “хэдэн арван” жишээ бид өдөр тутамдаа олон улсын хэвлэлүүдээс авсаар байна. Бүүр сэтгүүлч, нийтлэгчид нь таамаг дэвшүүлж хардах эрхээ эдэлцгээж суудаг. Аливаа нийгэмд байх ёстой феномон (үзэгдэл). Бүх нийтээрээ давалгаалж тухайн нөлөөлөгчийг суллахыг шаардсан ч шүүх зөвхөн “хуулиа” л дагана. Ганц л нөлөөлөгч бүхэл бүтэн шүүх институцийг хараат бус байдлыг ганхуулчихдаг тийм л “эмзэг” институц оршиж байгаа бол шүүх засаглал байгаад яах юм? Нийгмээрээ цахимаараа шүүе. Ардчилсан бус анархи нийгмийг цогцлооё...
Дарангуйллыг, мунхарлалыг, хувь хүний үзэл бодлын хэм хэмжүүрийг “шударга ёс” тогтоохтой эндүүрч болохгүй. ШЕЗ нь шүүхдээ “гомддог” нь анхнаасаа шүүхийн хараат бус байдлыг жинхэнэ утгаар нь алдагдуулах гэж дотроос нь “хагалах” явуулга гэж харагдахаар. Харин үүнийг нь эрх мэдэлтнүүд шууд тосож аваад “авилгач шүүгч”, зөвхөн шүүхэд л “буруу” байна гэж хэвлэлээр дамжуулан хүслээ гүйцээх шат болгон хүсэл зоригоо гүйцэлдүүлэх оролдлого хийж байна уу. Харин олонд “ адлуулах” шүүгчид нь хэвлэлд ярилцлага өгч дуугарах эрх байхгүй. Угтаа бол хэн “чанга чарлаж” байгаагийн зөв байх албагүй. Шүүх гагцхүү хуульд л захирагдана. Бурууг хайх бол шүүгчийн барьж буй хуулийг “эргэн харах” нь зүйд нийцнэ. Хуулиа эрх баригчид л баталдаг. Ийм л энгийн логик.
Шүүх институцийг гутаан нийгэмд “хаос” үүсгэж байгаа эрх мэдэлтнүүдийн далд ашиг сонирхол нь авилгын шүүх рүү чиглэж байх магадлалтай. Өөрсдөдөө зориулсан авилгын шүүх байгуулахаар иргэдийн тархийг угаах нь алсдаа зөвхөн авилгын хэргийг шүүдэг “тусгай шүүх” байгуулж байж л авилга буурна хэмээн нийгмийг үнэмшүүлэх “догматизм” (сохроор итгэх). Ардчиллын амин сүнс шүүх засаглалд итгэх иргэдийн итгэлийг “үнс нурам” болгохоор улайрна гэдэг бол нэг хүний засаглалд оруулах далд санаархал үнэртэж эхэлсэн шинж ч байж мэдэх. Шүүгч бүр авилгач, шударга шүүх байхгүй гэдэг бол харьцангуй (релятив) ойлголт. Учир нь эрх баригчдад 500 шүүгчтэй учраа олохоос илүү “авилгын нэртэй” хэдхэн шүүгчийг хараат байлгах нь амархан санагдсан бололтой...










