



















Өнгөрсөн шөнө Грекийн Коста-Наварино хотод болсон 144 дүгээр чуулганаар Кирсти Лей Ковентри Сьюард 49 гишүүний саналыг авч тэргүүлснээр 4 жил тутам 7 тэрбум ам.долларын орлоготой, 206 орныг эгнээндээ нэгтсэн спортын хамгийн том байгууллага "Олон Улсын Олимпын Хороо"-г удирдах анхны эмэгтэй, Африк тивээс гаралтай Ерөнхийлөгч болох нь тодорхой болсон юм. Зимбабве улсын усанд сэлэгч, улс төрч Кирсти Лей Ковентри Сьюард 2025 оны зургадугаар сарын 24-ны өдрөөс эхлэн "Олон Улсын Олимпын Хороо"-г удирдаж эхэлнэ. Нийт долоон хүн нэр дэвшин өрсөлдсөн бөгөөд тэрээр ганцаараа эмэгтэй нэр дэвшигч байсан юм. Олон Улсын Олимпын Хороо түүхэндээ анх удаа эмэгтэй, мөн Африк тивээс гаралтай ерөнхийлөгчтэй болж байгаа нь 144 дэхь чууулганы онцлох үйл явдал байсан.
Олон Улсын Олимпыг Хорооны анхны эмэгтэй Ерөнхийлөгч Кирсти Лей Ковентри Сьюард гэж хэн бэ?
Ковентри Олон Улсын Олимпын Хорооны 10 дахь Ерөнхийлөгч болох бөгөөд энэ албан тушаалд сонгогдсон анхны эмэгтэй, Африк тивээс гаралтай Ерөнхийлөгч болж байна. Тэрээр 6-р сарын 24-нд Томас Бахаас албан ёсоор ажлаа хүлээн авна. Ковентри нь 2018 оны есдүгээр сараас хойш Зимбабве улсын Засгийн Газрын Залуучууд, Спорт, Урлаг, Амралт, Зугаалгын сайдын албыг хашиж байгаа. Олимпын аварга, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч тэрээр Африк тивээс хамгийн олон медаль хүртсэн тамирчин гэгддэг.
Зимбабве Улсын Хараре хотод төрсөн Ковентри АНУ-ын Алабама муж дахь Оберн их сургуулийг төгссөн. 2004 оны Афинд болсон Зуны Олимпод Ковентри алт, мөнгө, хүрэл гэсэн усанд хэлэлтийн гурван төрлөөр медаль хүртсэн бол 2008 оны Бээжингийн зуны олимпоос нэг алт, гурван мөнгөн медалийг хүртэж байсан юм. Зимбабвегийн Ерөнхийлөгч Роберт Мугабе түүнийг "Алтан охин" хэмээн нэрлэж, 2008 оны Олимпод үзүүлсэн амжилтынх нь төлөө түүнд 100'000 ам.доллар бэлнээр шагнасан байдаг. 2016 онд Ковентри тав дахь олимпынхоо дараа усанд сэлэлтийн спортоос зодог тайлсан. Ковентри эмэгтэйчүүдийн усанд сэлэлтийн төрөлд хамгийн олон медаль хүртсэн дэлхийн амжилтыг эзэмшдэг юм. Одоогоор түүний амжилтыг хэн ч эвдэж чадаагүй байна. Тэрээр Олон улсын олимпын хорооны (ОУОХ) гишүүн бөгөөд 2018 оны эхээр ОУОХ-ны Тамирчдын комиссын даргаар сонгогсон.
Ковентригийн бүрэн эрхийн хугацаанд 2026 оны Милан-Кортинагийн өвлийн олимп, 2028 оны Лос-Анжелесын зуны олимп зэрэг томоохон тэмцээнүүд зохион байгуулагдана.Түүнээс өмнө Олон Улсын Олимпын Хороог нийт 9 хүн удирдаж байснаас хамгийн залуудаа Ерөнхийлөгч болсон хүн бол Францын иргэн Олимпизмийг үндэслэгч Пер дэ Купертин өөрөө 33 насандаа тус хорооны ерөнхийлөгч болж байсан юм.
Кирсти Лей Ковентри Сьюард









