
Пүрэв гарагт иен ам.долларын эсрэг 2 гаруй хувиар огцом чангарснаар арилжаачид Японы Төв Банк (BOJ-ЯТБ) бодлогын хүүгээ өсгөнө гэсэн магадлал дээр улам ихээр бооцоо тавьж эхэллээ. Үүний зэрэгцээ шинжээчид ЯТБ-ны нийтэлсэн мэдээллээс дүгнэлт хийж, лхагва гарагт иений ханш огцом чангарсантай тус улсын эрх баригчид холбоогүй болохыг нотолжээ.
АНУ-ын Холбооны Нөөцийн Банк (Төв Банк)-ны захирагч Кристофер Уоллер "Удахгүй гарах эдийн засгийн мэдээллүүд инфляцын дарамт суларч байгааг баталвал, АНУ-ын төв банк дараагийн Нээлттэй Зах Зээлийн Хорооны хурлаар бодлогын хүүгээ хэвээр хадгалахыг дэмжинэ" гэж хэлжээ.
Лхагва гарагт иен ам.долларын эсрэг маш огцом, гэнэт чангарсан нь Японы эрх баригчид иенийг дэмжихийн тулд валютын зах зээлд интервенц хийсэн гэх таамгийг төрүүлсэн. Энэ нь долдугаар сарын сүүлчээр АНУ, Японы эрх баригчдын хамтарсан түүхэн арга хэмжээний (хамтарсан интервенц) дараа бий болсон иений өсөлт буурч эхэлсэн үетэй давхцсан юм.
Гэвч есдүгээр 3-нд албан ёсоор интервенц хийсэн гэх нотолгоо олдоогүй тул шинжээчид иений өчигдрийн өсөлтийг Японы Төв банк есдүгээр сарын 17–18-нд болох хурлаараа өмнө нь хүлээгдэж байснаас илүү их хэмжээгээр бодлогын хүүгээ өсгөж магадгүй гэсэн зах зээлийн хүлээлттэй холбон тайлбарлаж байна.
CIBC Capital Markets-ийн олон улсын ахлах стратегич Жереми Стретч:
Өнөөдөр нийтлэгдсэн ЯТБ-ны өдөр тутмын мэдээллээс харахад лхагва гарагт Сангийн яам ам.доллар зарж, иен худалдаж авсан шинж тэмдэг байгаагүй. Мөн зах зээлд оролцогчдын мэдээллээр өчигдөр Сангийн яам ‘rate check’ буюу ханш шалгах ажиллагаа явуулаагүй.
гэжээ.
“Rate check” гэдэг нь төрийн байгууллага эсвэл төв банк зэрэг санхүүгийн байгууллагуудаас тухайн үеийн валютын ханшийн үнийн санал авах ажиллагааг хэлдэг. Энэ үед төв банк өөрөө валют худалдаж авах буюу зарах үйл ажиллагаа хийдэггүй.
Японы валютын асуудал хариуцсан дээд албан тушаалтан Ацүши Мимура пүрэв гарагт валютын зах зээлийн нөхцөл байдлыг анхааралтай ажигласан хэвээр байгаагаа мэдэгдэж, иений ханшийн сүүлийн үеийн хөдөлгөөнд сэтгэл хангалуун бус байгаагаа анхааруулжээ.
Goldman Sachs хөрөнгө оруулалтын банкны шинжээчдийн үзэж байгаагаар пүрэв гарагт иен чангарсан явц нь өмнөх интервенцүүдийн үеийнхээс илүү аажим, тогтвортой байсан байна.
Тэд мөн:
Иений хөдөлгөөнөөс бусад валютын хослол дахь ам.долларын сулралд үзүүлж буй дам нөлөө нь өмнөх интервенцийн үеүдтэй харьцуулахад өнөөдөр харьцангуй бага байна.
хэмээн дүгнэжээ.

ЯТБ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Хажимэ Такадагийн хатуу байр суурьтай хийсэн мэдэгдэл иений ханш чангарах гол шалтгаануудын нэг гэж үзэж байна.
Такада лхагва гарагт төв банк инфляцын дарамт эрчимжиж байгаа нөхцөлд бодлогын хүүгээ зах зээлд хүлээгдэж буй тогтсон зургаан сарын хуваарийн дагуу бус, эдийн засгийн нөхцөлд нийцүүлэн уян хатан байдлаар өсгөх ёстой гэж мэдэгдсэн.
Энэ мэдэгдлийн дараа зах зээл ЯТБ энэ сард хүүгээ 0.25 нэгж хувиар өсгөх магадлалыг 75 хувь гэж үнэлж эхэллээ.
Зарим арилжаачид бүр 0.25 нэгж хувиас илүү хэмжээний өсөлт хийх боломжтой гэж таамаглаж байна.
Мөн аравдугаар сард хүүг дахин өсгөх боломжийг зах зээл үгүйсгэхгүй байгаа боловч одоогоор энэ хувилбарыг тийм ч өндөр магадлалтай гэж үзэхгүй байна.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Жереми Стретч:
Бидний үзэж байгаагаар зах зээлийн одоогийн хүлээлт ЯТБ бодлогын хувьд хэтэрхий хатуу тал руу хэлбийсэн байна. Гэхдээ бодлогын хүү өсгөх хурд илүү хурдасч магадгүй гэсэн зах зээлийн үргэлжилсэн таамаглал нь ойрын өдрүүдэд USD/JPY-ийн урт позициудыг хүчээр хаалгах нөхцөл үүсгэж болзошгүй.
гэжээ.
USD/JPY-ийн урт позици гэдэг нь ам.доллар өсөж, иен сулрана гэсэн хүлээлтээр ам.доллар худалдаж авсан байр суурийг хэлнэ. Харин иен гэнэт чангарвал эдгээр арилжаачид алдагдлаа зогсоохын тулд байр сууриа өөрчлөх шаардлагатай болж, улмаар иен бүр цааш чангарч болзошгүй.
Пүрэв гарагийн байдлаар иен 2.08 хувиар чангарч, 1 ам.доллар = 155.47 иен болсон байна.
Ингэснээр иен долдугаар сард хийсэн интервенцийн дараах хамгийн өндөр түвшин болох 155.21-д ойртжээ.
Хэрэв иен 155.21-ээс давж чангарвал, энэ нь 2026 оны тавдугаар сарын 6-наас хойших хамгийн хүчтэй түвшин болох юм.
Гэхдээ иений ханшийн өсөлтийг эдийн засгийн суурь хүчин зүйлс одоогоор бүрэн дэмжиж чадахгүй байна. Японы иен дараах хүчин зүйлсийн нөлөөгөөр дарамтад орсоор байгаа:
-Япон болон бусад томоохон эдийн засгуудын хүүгийн зөрүү өндөр хэвээр байгаа
-Японы төсвийн нөхцөл байдалтай холбоотой болгоомжлол
-Эрчим хүчний үнэ дахин огцом өссөн зэрэг нь иений ханшид сөргөөр нөлөөлж байна.
АНУ-ын ажил эрхлэлтийн мэдээллийг зах зээл хүлээж байна
Уоллерын мэдэгдлийн дараа арилжаачид Холбооны Нөөцийн Банк есдүгээр сард хүүгээ өсгөх магадлалын талаарх хүлээлтээ бууруулсан тул ам.долларын ханш цаашид суларч магадгүй
Ам.долларыг иен, евро зэрэг гол валютуудын эсрэг хэмждэг Dollar Index 0.69 хувиар буурч, 98.91 болсон байна.
Евро ам.долларын эсрэг 0.41 хувиар чангарч, $1.1634 болсон бол Их британийн фунт 0.18 хувиар өсөж, $1.3508 болжээ.
Шинжээчид ХНБ энэ сард бодлогын хүүгээ өсгөх магадлалыг 48 хувь гэж үнэлж байна. Энэ нь Уоллерын мэдэгдлээс өмнөх 59 хувиас буурсан үзүүлэлт юм.
Өнгөрсөн баасан гарагт ХНБ-ны дарга Кевин Уорш хатуу байр суурьтай мэдэгдэл хийсний дараа арилжаачид есдүгээр сард хүү өсгөх магадлалыг нэмэгдүүлж байсан юм.
Энэ долоо хоногийн АНУ-ын хамгийн чухал эдийн засгийн мэдээлэл нь баасан гарагт гарах хөдөлмөрийн зах зээлийн тайлан юм. Ройтерс агентлагийн эдийн засагчдын дунд явуулсан санал асуулгын дундаж таамгаар:
Өнгөрсөн сард АНУ-д 56,000 ажлын байр нэмэгдсэн байх төлөвтэй. Харин долдугаар сард ажлын байрны тоо гэнэтийн байдлаар 23,000-аар буурсан байна.
Ирэх долоо хоногт мөн АНУ-ын наймдугаар сарын хэрэглээний үнийн инфляц (CPI) болон үйлдвэрлэгчийн үнийн инфляц (PPI)-ын мэдээлэл гарна.
Пүрэв гарагт гарсан мэдээллээр өнгөрсөн долоо хоногт ажилгүйдлийн тэтгэмж шинээр хүссэн америкчуудын тоо бага зэрэг өссөн байна.
Энэ нь наймдугаар сарын сүүлчээр АНУ-ын хөдөлмөрийн зах зээлд томоохон өөрчлөлт гараагүйг харуулж байна.
Бусад зах зээл дээр Швейцарийн франк чангарсан байна. Швейцарын инфляц долоодугаар сарын 0.4 хувиас наймдугаар сард жилийн өмнөхөөс 0.8 хувь болж өссөн нь Швейцарийн Үндэсний Банк бодлогын хүүгээ тэг орчим түвшнээс өсгөж магадгүй гэсэн таамгийг нэмэгдүүлжээ.
Швейцарийн франктай харьцуулахад ам.доллар 0.74 хувиар суларч, 1 ам.доллар = 0.807 франк болсон байна.








