Испанийн шигшээ баг 2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргын шигшээ тоглолтод Аргентиныг нэмэлт цагт 1:0-ээр буулган авч, түүхэндээ хоёр дахь удаагаа дэлхийн аварга боллоо.
АНУ-ын Нью Жерси мужийн МетЛайф цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтын 106 дахь минутад Ферран Торрес ялалтын цорын ганц гоолыг оруулснаар Испани 2010 оны анхны түрүүгээс хойш 16 жилийн дараа дахин дэлхийн аваргын цомыг өргөв. Ингэснээр тэд Европын аварга болон Дэлхийн аваргын дараалсан түрүүг хүртсэн түүхэн амжилтын эзэд боллоо.

Барселонагийн довтлогч Ферран Торресын шийдвэрлэх гоол нь Аргентины ахлагч Лионель Мессигийн дэлхийн аваргын тайзан дээрх "Ялалтын төгсгөлийн мөрөөдөл"-ийг үгүй хийсэн юм.
Испани тоглолтын туршид талбайг илт давамгайлж, Аргентины баг 120 минутын турш хаалга руу оновчтой чиглэсэн ганц ч цохилт хийж чадсангүй.
80'663 хөгжөөн дэмжигчтэй МетЛайф цэнгэлдэхэд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ч хүрэлцэн ирж, Месси хоёр дахь дэлхийн аваргын цомоо өргөх эсэхийг үзэхээр цугласан байлаа.
Гэвч 39 настай Месси энэ тоглолтод Испанийн хамгаалалт, хяналтад бүрэн дарагдаж, бараг нөлөө үзүүлж чадсангүй. Харин Аргентины тоглогчид тоглолтын турш олон удаа бүдүүлэг, санаатай алдаа гаргасан юм.
Тоглолтын төгсгөлд Аргентины хагас хамгаалагч Энцо Фернандес Испанийн хамгаалагч Пау Кубарсигийн эсрэг маш аюултай алдаа гаргасныхаа төлөө улаан хуудас авч талбайг орхисон.
Испани олон боломж үүсгэсэн ч үндсэн цагт гоол оруулж чадалгүй, тоглолт нэмэлт цагт шилжсэн. Нэмэлт цагийн эхэнд Нико Уильямсын оруулсан гоолыг маргаантай байдлаар хүчингүй болгосон ч удалгүй Испани ялалтын гоолоо хийв. Педро Поррогийн алсын дамжуулалтыг Нико Уильямс мөргөж дамжуулахад Ферран Торрес хүчтэй цохилтоор хаалганд шигтгэн Испанид ялалт авчирсан юм.

Торрес тоглолтын дараа:
Энэ гоол зөвхөн миний гоол биш, Испанийн 47 сая иргэнийх. Финал болгон хэцүү байдаг. Мессигийн эсрэг тоглохоор мэдээж сандардаг ч бид өөрсдийн тоглолтдоо үргэлж итгэлтэй байсан.
гэж хэлжээ.
Шагнал гардуулах ёслолын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон FIFA-гийн ерөнхийлөгч Жанни Инфантино нар талбайд гарч ирэхэд үзэгчдийн суудлаас хүчтэй шүгэлдэж, эсэргүүцлийн авиа гаргасан байна. Дональд Трамп, Инфантино нар Испанийн ахлагч Родрид дэлхийн аваргын цомыг гардуулсан.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿
Испанийн дасгалжуулагч Луис де ла Фуэнте:
Бид хүртэж болох бүх цомыг хүртлээ. Энэ бол гайхамшигтай мэдрэмж. Энэ үеийн тоглогчид Испанийн ард түмний бахархал. Бид хамтдаа байхдаа илүү хүчтэй байдаг.
хэмээн ярьсан байна.

Финалын өмнө олон шинжээч Аргентины баг Испанийн техниктэй тоглолтыг бүдүүлэг алдаа, хатуу хамгаалалтаар сааруулахыг оролдоно гэж таамаглаж байсан бөгөөд тоглолт яг тэгж өрнөв.
-Тоглолтын эхэнд Алексис Мак Аллистер Дани Олмогийн шагай руу хоёр хөлөөрөө орсон ч зөвхөн алдаа гэж тооцогдож, шар хуудас аваагүй.
-Удалгүй Испанийн Алекс Баэна Мессиг тохойгоороо мөргөсөн ч мөн шийтгэлгүй өнгөрөв.
-Дараа нь Николас Тальяфико Ламин Ямалын шилбийг өшиглөсөн ч дахин анхааруулга авсангүй.
-Эцэст нь Словенийн шүүгч Славко Винчич Аргентины хамгаалагч Лисандро Мартинест Микель Оярсабалын эсрэг бүдүүлэг алдаа гаргасных нь төлөө анхны шар хуудсыг үзүүлсэн юм.
Финалын тоглолтын завсарлага ердийнхөөс хавьгүй урт буюу 27 минут үргэлжилсэн бөгөөд энэ үеэр Мадонна, Шакира, Жастин Бибер зэрэг дэлхийн оддын оролцсон шоу тоглолт болсон.
Гэсэн ч энэ нь Испанийн тоглолтын хэмнэлийг алдагдуулсангүй. Хоёрдугаар үед Испани довтолгоогоо улам эрчимжүүлж, дасгалжуулагч де ла Фуэнте Педри, Ферран Торрес нарыг талбайд гаргаснаар Аргентины хамгаалалт улам шахалтад орсон.
Педри, Кубарси нарын холын зайн цохилтуудыг хаалгач Эмилиано Мартинес маш их хүч гарган хааж байлаа.

Сэлгээгээр орж ирсэн Нико Уильямс, Микель Мерино нар Испанийн довтолгоог улам хурцалсан. Энцо Фернандес улаан хуудас авснаар Аргентин 10 тоглогчтой үлдэж, нэмэлт цагийг хамгаалалтад өнгөрүүлэхээс өөр аргагүй болов.
Үндсэн цагийн төгсгөлд Ямалын гайхалтай торгуулийн цохилтыг Мартинес хааж чадсан ч нэмэлт цагт Испанийн давамгайлал үргэлжилсэн. Эхлээд Нико Уильямсын мөргөсөн бөмбөгийг Мартинес нэг гараараа гайхамшигтай хаасан юм. Дараа нь Уильямс дахин гоол оруулсан ч Отамендигийн эсрэг алдаа гарсан гэж үзэн шүүгч хүчингүй болгожээ.
Гэсэн ч 106 дахь минутад Ферран Торресын шийдвэрлэх гоол Испанид ялалт авчирсан юм.
Тоглолтын төгсгөлд Аргентин сүүлчийн удаа довтлохыг оролдсон ч Испанийн хамгаалалт алдаа гаргалгүй тоглож, 1:0-ийн ялалтаар Испанчууд ийнхүү дэлхийн аваргын цомыг өргөлөө.













