



















Аргентин улсад 2020 онд нас барсан хөлбөмбөгийн домог Диего Армандо Марадонагийн үхэлтэй холбоотой эмч нарын багийн эсрэг олон жил хүлээгдсэн шүүх хурал мягмар гарагт эхэллээ. Хөлбөмбөгийн дэлхийн аварга Марадонаг бурханчлан хүндэлдэг тус улсын иргэдийн дунд энэхүү хэрэг хүчтэй сэтгэл хөдлөлийг өдөөд байна. Марадонагийн гэр бүл, өмгөөлөгчид Марадонаг эмчилж байсан сувилагч, тархины мэс засалч, сэтгэлзүйч нарыг "болгоомжгүй аллага" (хайнга байдлаас үүдэлтэй аллага)-д буруутган шүүхээр болжээ. Буэнос-Айрес хотын захад байрлах Сан Исидрогийн давж заалдах шатны шүүхийн гадаа Марадонагийн шүтэн бишрэгчид "D10S-д шударга ёс" гэсэн бичигтэй лоозон барин цугларсан байна. (Түүний өмсдөг 10 дугаартай футболкны нэртэй холбогдуулсан үг бөгөөд испаниар "Бурхан" гэсэн утгатай).
"Тэд Марадонаг хөнөөсөн, харин өнөөдөр энд үүнийхээ төлөө хариуцлага хүлээх ёстой" гэж Марадонагийн нэгэн шүтэн бишрэгч Серхио Хименес хэлжээ.
Аргентинд томоохон хөшөө, шивээс болон мөнхөрсөн Марадона нь бүх цаг үеийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг гэж тооцогддог. Шүүх хурлаар 7 хүнийг буруутган шүүж байгаа ба шүүх ажиллагаа хэдэн сар үргэлжлэх төлөвтэй байна. Найм дахь хүн болох сувилагч Дахиана Мадридыг долдугаар сард тусад нь шүүх юм.
Марадона 2020 оны 11-р сард 60 насандаа, тархины цусны бөөгнөрөл авахуулах мэс заслын дараа гэртээ эмчлүүлж байхдаа зүрхний дутагдлаар нас барсан. Түүний эмчилгээ хариуцсан баг "Хайнга байдлаас үүдэлтэй аллага" гэх хэргийг үгүйсгэж байна.
Шүүх танхимд прокурорууд яллах дүгнэлтээ уншиж танилцуулсан бөгөөд Марадонагийн хуучин эхнэр, хүүхдүүд ч иржээ. Тэд Марадонагийн авсан эмчилгээг "аймшигтай, хариуцлагагүй, стандартын бус" гэж тодорхойлжээ. Эмч нарын зүгээс дагах ёстой журам, протоколыг зөрчсөн ба Марадонагийн эмчлүүлж байсан гэрийг "аймшгийн театр" хэмээн нэрлэсэн байна.
Харин тархины мэс засалч Леопольдо Лукегийн өмгөөлөгч Мара Дижуни "Гэрийн эмчилгээний шийдвэрийг эмч нар болон Марадонагийн гэр бүлийнхэн хамтран гаргасан. Марадонагийн үхэл нь урьдчилан харах боломжгүй зүрхний асуудлаас болсон тул ямар ч гэм буруу байхгүй" гэж мэдэгджээ.
Сэтгэлзүйч Агустина Косачовын өмгөөлөгч "Шинэ нотлох баримтууд нь хэнийг ч гэмт хэрэгт буруутгах үндэслэлгүйг баталж байна" гэж шүүхийн өмнө сэтгүүлчдэд ярьжээ.
Хэрвээ буруутайд тооцогдвол 8-25 жилийн хорих ял авах магадлалтай.
Марадонагийн үхэл нь олон жилийн турш хар тамхи, эрүүл мэндийн асуудалтай тэмцэж ирсэн түүнийг биширч хайрладаг ард түмэнд гүн гашуудал, хэн буруутай вэ гэх асуултыг үлдээсэн.
Шүүхэд 100 гаруй гэрч, түүний дотор гэр бүл, эмч, сэтгүүлчид, найз нөхөд оролцоно.
2021 онд мөрдөн байцаагчид уг хэргийг "санамсаргүй аллага" гэж үзсэн. Учир нь буруутгагдсан хүмүүс Марадонагийн ноцтой өвчний байдлыг мэдэж байсан ч аврах ёстой арга хэмжээг аваагүй гэж дүгнэсэн байна.
Марадонагийн хүүгийн өмгөөлөгч Марио Баудри "Диегод зохих эмчилгээ хийгдээгүй гэдгийг нотлох хангалттай баримт бий. Шударга ёс тогтоосой гэж бид бүгд хүсэж байна" гэжээ.
Шүүхэд дуудагдсан хүмүүс бол сэтгэлзүйч Агустина Косачов, тархины мэс засалч Леопольдо Лукe, сэтгэл судлаач Карлос Анхел Диас, эмч Нэнси Эдит Форлини, сувилагч Рикардо Алмирон, ахлах сувилагч Мариано Ариэль Перрони, дотрын эмч Педро Пабло Ди Спанья нар юм.










