Питер Линч энэ хүний талаар бид бас ч үгүй тодорхой зүйлийг мэддэг. Түүний бичсэн “One up on Wallstreet” номыг та бүхэн эх хэл дээрээ уншсан гэдэгт итгэж байна. Хөрөнгө оруулалтын тухай энэхүү номонд их сонирхолтойгооp бичсэний дээр хаана юун дээр анхаарахыг ч зөвлөсөн байдаг. Хувьцаанд оруулах хөрөнгө оруулалтын талаар монгол хэл дээр маш цөөн ном орчуулагдсаны нэг нь Питер Линчийн бичсэн уг ном ордог билээ. Харин бид түүний намтарыг танд өргөн барьж байна. Таалан уншина уу.
Питер Линч бол дундын сангийн эрхлэгчдийн ертөнцөд цор ганц ховор үзэгдэл. Түүнтэй мэргэжил нэгт нөхөд нь бүх амьдралынхаа туршид хэн нэгэн хөрөнгө чинээ, нууцыг минь мэдчихвий гэсэн айдас хүйдсийн дунд нууцлаг амьдарч байхад, Линч амжилтанд хэрхэн хүрсэн, өөрийн бизнесийн тухай нэлээд илэн далангүй ярьдаг юм. Харин Питер Линч Жон Ротшильдтэй хамтран хөрөнгө оруулалтын тухай “One up on Wall street”, “Beating the street”, “ Learn to Earn” гурван ном нь өнөө хүртэл хөрөнгө оруулагчдын унших судар болоод байна.
Хөрөнгийн зах зээлийг дэлгэрүүлэн дэмжигч энэхүү хөрөнгө оруулагчийн содон чанар нь эгзэгтэй үед ажилаа орхин дураараа амьдарч явсан. Олж хуримтлуулсан нь хүрэлцээтэй гэвч амьдрал гэдэг дэгжин дэрвэж, унаж тусахын нэр биш, амттай тааламжтай олон зүйл байдаг.
Эхний хөрөнгө оруулалтууд
Питер Линч 1944 оны 1-р сард Массачутес мужийн Ньютонд эгэл жирийн гэр бүлд төржээ. Түүний хүүхэд нас хөнгөн хялбар байсан гэж хэлж болохгүй. Дайны дараах хүүхдүүд шиг тэр ажиллах хэрэгтэй байлаа. Чухам энэ ажил нь Линчийн ирээдүй хойчийг тодорхойлов. Линч 11 насандаа “Brae Burn Country Club” гэдэг нутгийн нэлээд үнэтэй гольфийн клубт ажилд оржээ. Тэрээр “Тавиад он бол хөрөнгийн зах зээлийн хувьд туйлын амжилтын үе болж хувьцаа байнга өсч байлаа” гэж дурсдаг. Тэр тоглогчдын цохиурыг зөөдөг, тэдний дунд цөөн бус тэрбумтнууд байж, тэд компанийн хувьцааг авах тухай л ярьдаг байв. Тэд биржийн тухай, аль компанийн хувьцааг худалдах, авах тухай л ярина. “Тэдний яриандаа дурдаад өнгөрдөг компанийн нэрийг дараа нь би сониноос үзэхэд хувьцааных нь үнэ өссөн байдаг байлаа” гэж Питер дурссан байдаг. Тухайн үед түүнд хөрөнгийн зах зээл дээр наймаалцах бэл бэнчин байгаагүй ч гольфийн талбайд сонссон хувьцааны яриа түүний сэтгэлд хадагдан, үнийн өсөлтийн график түүний ой тойнд сэргэв. Томчуудын яриаг сонордож зогссон хүү яваандаа дэлхийн шилдэг санхүүчдийн нэг болсон юм.
Линч сургуулиа төгсөөд Бостоны коллежийн “Wharton School”-д эдийн засаг санхүү сурахаар шийджээ. Гэвч түүнд суралцах төлбөрийн чадвар байсангүй. Түүний гольфийн клубээс авдаг 700 ам.долларын өчүүхэн тэтгэмж нь сургалтын төлбөрийн хаана нь ч хүрэхгүй байлаа. Тэгээд Линч бирж дээр арилжаа хийхээр шийдэв. Пите оюутан байхдаа агаарын ачаа тээврийн зах зээлийн судалгаа гаргаж байгаад “Flying Tiger” компанитай тулгарсан байна. Линч агаарын ачаа тээвэр ирээдүйтэй гэж үзэн, азаа сорихоор шийдэж хүнд хүчир хөдөлмөрийнхөө хуримтлал болох 1000 ам.доллараар энэ компанийн хувьцааг авчээ. Уолл Стрийтийн ирээдүйн од ер бусын азтай байлаа. Вьетнамын дайн эхэлж, хөрөнгийн биржийн гол индекс унасан боловч, цэргийн анги нэгтгэлүүдийн ачааг тээвэрлэх гэрээ хийсэн “Flying Tiger” компаний хувьцааны үнэ 10 дахин өслөө. Линч хувьцааны үнэ хэд дахин өсөх үед хувьцаагаа борлуулан сургалтын төлбөртөө нэмэрлэдэг байв. “Үнэндээ “Flying Tiger” миний коллежийн төлбөрийг төлсөн” гэж тэр инээд алдан дурсдаг.
Ашигтай танилууд
Питер Линч коллеж төгсөөд жилийн дараа 1966 онд хөрөнгө оруулалтын “Fidelity Investments” компанид ажилд оржээ. Компанийн гурван орон тоон дээр 75 хүн өрсөлдсөн юм. Гэвч Уолл Стрийтийн ирээдүйн алдартан маань өөртөө итгэлтэй байв. Тэр өөрийн товч намтартаа “Fidelity Investments” компанийн Ерөнхий захирлын гольфийн цохиурыг найман жил зөөснөө дурдсан байдаг. Гайхалтай нь захирал түүнийг мартаагүй байсан бөгөөд залуу төгсөгчийг “хуучин танил”-ын хувиар компанидаа шууд авчээ.
Линч “Fidelity Investments” компанид цаасны үйлдвэр, химийн, хэвлэлийн салбарын хувьцаан дээр ажиллаж, өөрийгөө муугүйг илэрхийлжээ. Гэхдээ тэр өөрөө үүнийгээ зах зээлийн байдалтай холбон тайлбарлах дуртай. Хэрэв тавиад онд ихэнх хөрөнгө оруулагчид зах зээлд хөрөнгө оруулахгүй ажиглагчийн байр сууринаас ханддаг байсан бол, жараад онд хөрөнгийн зах зээлийн байдал эрс сайжирч олон олон хувийн хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтын компаниудын мөнгийг зузаатган хөрөнгө оруулж эхлэв. 1969 онд Линчийг цэргийн алба хаагаад ирсний дараа “Fidelity Investments” компанийн удирдлага түүнийг баяртайяа хүлээн авч залуу трейдерийн (арилжаачин) хуучин үүрэгт ажил дээр нь нэхмэлийн, уул уурхайн, химийн аж үйлдвэрт болон төмөрлөгийн үйлдвэрийн хувьцаа арилжих үүргийг нэмэн даатгажээ. Түүний цалинг 16000 ам.доллараас 17000 ам.доллар болгон өсгөснийг Линч өөрөө “овоо их мөнгө” шүү гэж үнэлэв.
Олдошгүй ажилтан
Өөрийн үүрэг хариуцлагыг аажим өргөсгөсөөр Линч хөрөнгийн зах зээлд ховор хүний нэг болжээ. Тэр 1974 онд гучин насандаа “Fidelity Investments” компанийн судалгаа эрхэлсэн захирал болж гурван жилийн дараа “Fidelity”-д хамаардаг “Magellan” сангийн эрхлэгч болов. Энэхүү “түрэмгий сан” нь (компани “Magellan”-ыг, ногдол ашиг тооцох биш хувьцааны үнийг нь өсгөх зорилгоор хямдхан авсан юм) 1963 онд байгуулагдсан бөгөөд зөвхөн Америкийн үндэсний компаниудад хөрөнгө оруулахаар мэргэшсэн ажээ. Линч үүнийг тайлбарлахдаа уг санг байгуулагдсаны дараа АНУ-ын татварын хууль өөрчлөгдөж хилийн чанадад хөрөнгө оруулах нь ашиггүй төдийгүй шийтгэлтэй байхаар болсон. 1977 онд “Magellan”-ны мэдэлд 20 сая ам.доллар байсан боловч дөнгөж 45 компаний хувьцаа хөрөнгө оруулалтын санд нь байв. Питер Линчийн чармайлтаар 1990 онд компаний багцад эдийн засгийн янз бүрийн салбарын 1200 гаруй компаний хувьцаатай болсон байв.
Удаан ч гэсэн итгэлтэй
Зах зээлийн нарийвчилсан судалгаанаас үзэхэд Линчийг толгойлж байх үед “Magellan”-ны цүнхэнд “хог новш” байсангүй харин үнийн хувьд удаан ч гэсэн байнга өсч байгаа компаниудын хувьцаа байдаг байв. Линчийн анх хийсэн арилжаануудын нэг “Taco Bell” түргэн хоолны, рестораны сүлжээ бол Мексик үндэсний хоолоор төрөлжсөн юм. Линч нэг удаа “Taco Bell”-ийн бурритог амталж үзээд үй олон сүлжээнээс түүнийг сонгож хувьцааг нь авснаараа хожжээ. 1982-1990 онд бүгд л автомашин үйлдвэрлэлийн тэргүүлэх компаниудын нэг “Chrysler”-ийг удахгүй дампуурна гэдэгт итгэлтэй байв. Харин Линч тэдний хувьцааг худалдан авахыг зөвлөн компани цаашид хөгжин өөдлөнө гэж итгүүлж байв. Тэр бас л хожлоо. Эмэгтэй хүний урт оймс, трико үйлдвэрлэдэг “Hanes” ба “Kaiser-Roth” хоёр компаниас сонголт хийхийн тулд Линч ойр орчны их дэлгүүрүүдэд байсан 48 ширхэг загварыг худалдан авч өөрийн ажилтнуудад тараан өгөөд хоёр долоо хоногийн дараа аль нь сайн болох талаар тайлан бичиж өгөхийг хүсчээ. “Хэрэв “Hanes Consolidated Foods” өрсөөд худалдаад авчихгүй бол түүний хувьцаа 10-30 дахин өсөх байсан” гэдэгт Линч итгэлтэй байсан тухайгаа хожим дурссан байдаг.
Оргилсон өсөлт
Хүнд хэцүү 1982-1984 онд “Magellan” дундын сан “Их уналт”-ын үеийн эдийн засгийн инфляц 14% хүрснийг үл харгалзан, сүүлийн таван жилд хамгийн өндөр ашигтай ажиллажээ. Сэтгэлд хоногшим амжилт нь хэвлэлийнхний шохоорхлыг татаж, хөрөнгө оруулагчид шавж эхлэв. 1983 оны 4-р сард Линчийн эрхэлсэн сангийн хөрөнгө тэрбум ам.доллараас давж 1977 оны үеийнхээсээ 55 дахин ихсэв. “Хүмүүс хөрөнгийн зах зээлийг сонирхон хувийн хэвшлийнхэн голдуу орж ирж байв” гэж Линч ярисан байдаг. Эдгээр хүмүүс тэрбумтнууд байсангүй. Эд бүгд 2-5 мянган ам.доллартай хөрөнгө оруулагчид байв.
Санд орж ирэх хөрөнгийн урсгал буурахгүй тогтмол болсон нь “Magellan”-д хэн нэгэн том хөрөнгө оруулагч сангаас гарч сангийн хөрөнгийн тэн хагасыг суга татаад явчихна гэж айх аюулгүй чөлөөтэй ажиллах, ажлаа жигдрүүлэх боломж олгожээ. Тухайн үед зарим нэг сангуудад ийм зүйл тохиолдож л байсан юм. 1984 онд “Magellan” АНУ-ын томоохон дундын сан болж хэдэн жилийн дараа хөрөнгө нь 5 тэрбум доллар болтлоо өслөө. 1980-аад оны дундуур Линчийн сан ихэд алдаршин бүр “Jeopardy” гэдэг телевизийн алдартай шоунд хүртэл түүний тухай асуулт тавих болов. “Энэ дундын сангийн нэр нь алдарт далайчны нэрээр нэрлэгдсэн” гэсэн асуултын хариу мэдээж “Magellan” юм. Энэ тухай Линч бахархан ярьдаг. Линчийн хэлснээр бүх гурван оролцогч нэгэн зэрэг товчийг дарлаа. Учир нь тэд “Wall Street Journal”, “Forbes”, “Fortune” ч юм уу “New York Times” зэрэг бизнес хэвлэлүүдээс зах зээлийн байдлыг мэддэг болжээ. Чухам тэр үед л хүмүүс хэрхэн өөрчлөгдсөн болон түүний компанийг нүд цавчихгүй харж байдгийг олж мэдэв.
Линч “Magellan”-ыг 1977-1990 хүртэл нийт 13 жил удирдсан бөгөөд энэ хугацаанд сангийн хөрөнгийн хэмжээ 2700% өсчээ. Өөрөөр хэлвэл 1977 оны таван сард 1000 ам.долларын хөрөнгө оруулсан бол 1990 оны таван сард 28000 ам.доллар авна гэсэн үг.
Хямрал
Сангийн хувьд хамгийн азгүй жил нь 1987 оны хямралын жил байлаа. Линч 8 жилийн туршид анх удаа богино хугацааны амралт аван эхнэртэйгээ Ирланд руу явсан хойгуур 10-р сард хямрал эхлэв. Амарч ч амжсангүй хоёр өдөр болоод эргэж ирэх энэ хугацаанд индекс гамшгийн хурдаар унаж байлаа. “Хоёр хоногийн дотор сангийнхаа гуравны нэгийг тавиад туучихсан” гэж дурсдаг. Хямралын өмнөх дөрвөн жилд 777 хувиас 1982 онд 1700%, 1986 онд 1700% өсч дараа нь 9-р сарын хугацаанд мөн төдийчинээ өсч 1987 оны 8 сард 2700%-д хүрчээ.
Ийм эрчимтэй байсан нь гайхахаар зүйл биш, 2 сарын хугацаанд индекс нь 100 нэгжээр буюу сар тутамд 500 нэгжээр унаж 1986 оны төвшинд очсон байв.” Энэ бол компаниудийн үйл ажиллагаа хэвийн сайн байхад зах зээл савлаж байсан хосгүй содон үе байлаа” гэж Линч ярьсан юм. Хөрөнгө оруулагчдаа тайвшруулахын тулд хувьцааг нь авсан томоохон компаниуд руу өөрөө утасдаж байсан ч түүний тайлан тооцооноос шалтгаалах юм олсонгүй. Түүний үгээр бол тэр 1987 оны хямралын шалтгааныг одоо болтол ойлгоогүй олж мэдээгүй яваа.
Муу ёрын совин
1990 онд зах зээлийн байдал хурцдан хүндэрч Линч дөнгөж 46 насандаа “Magellan”-аас явахаар шийдлээ. Энэ нь нэг талаар тэр өөртөө болон компанид хангалттай хөрөнгө босгосон, нөгөө талаар зах зээлийн байдлаас болж хуруу хумсаа хугалах шахам олж авсан нэр хүндээ алдахыг хүссэнгүй. Түүнийг зах зээлээс явахад ихэнх хамтрагчид нь эргэлзэн гайхаж байв. Хямралын шинж тэмдэг албан ёсоор мэдэгдээгүй, индексын үзүүлэлт 3000 нэгжийг зааж эдийн засгийн байдал тогтвортой тогтуун болов. Гэвч үйл явдлын цаашдын өрнөл Линчийн зөв байсныг гэрчилнэ. 1990 оны 8 сард Иракийн цэрэг Кувейтэд цөмрөн орж, 1991 оны 1 сард Америкийн арми, холбоотнуудынхаа дэмжлэгтэйгээр “цөмийн шуурга” ажиллагааг эхлэв. Дээрээс нь АНУ-ын санхүүгийн хямрал нүүрлэж араас нь хачирлажээ. “Цэргийн шинжээчдийн олонх нь сунжирсан хүнд хэцүү дайн болно гэж урьдчилан сануулж байлаа. Түүнчлэн Холбооны Нөөцийн Сан энэ үед “Citigroup”, “Chase”, “Chemical”, “Hanover”, “Bank of America” зэрэгтэй учраа ололцож чадна гэсэн найдлага АНУ-ын эдийн засагт маш чухал байлаа” гэж Линч ярьж байв. Ер нь тэр үеийн байдал зах зээлд болж байгаа үйл явдлыг ажиглаад, тэр зөв юм хийсэн гэдгээ нэг бус удаа мэдэрсэн гэдэг.
Ажлын дараах амьдрал
Линч “Fidelity Investments”-ээс халагдсаны дараа ном бичих, гурван хүүхэдтэйгээ ажиллах, өглөг тэтгэмж үзүүлэх, өөрийн дуртай бейсболоо тоглох зэрэг эрх дураараа амьдарч эхлэв. Түүний явсны дараах 6 жилд “Magellan” урьдын адил өндөр ашигтай ажиллаж хөрөнгө оруулагчдыг баясгаж байв. Линч компанийхаа тухай үргэлж халуун дотноор “Дэлхийн сайн компаниудын нэг” гэж дурсан ярьдаг юм. Компани түүнд өндөр хөлс төлж, үнэгүй кофегоор үйлчилж байсан төдийгүй, түүний сонирхсон дурын компанийн тухай мэдээллээр хангаж байсан гэж тайлбарлан ярьжээ. “Надад өргөн эрх мэдэл, өндөр хариуцлага байсан ба хэзээ ч дарамт шахалт мэдэрч байгаагүй” гэсэн байна. Орчин үеийн мөнгөний ертөнцөд ийм хандлага нүдний гэм ялангуяа удирдлагууд нь ашиг олохын тулд нүдээ ухаад өгөхөөс буцахгүй болсон үед шүү дээ. “Aжил маань цаг их шаарддаг байсан. Би долоо хоногийн зургаан өдөр нь ажиллаад ч цаг хугацаа хүрдэггүй байлаа” гэж Линч халагдах болсон шалтгаанаа тайлбарладаг.
“Magellan”-д захирал байхдаа хөрөнгө оруулалтын банкны эздийг бага ч гэсэн цайруулж чадсан, энэ мэрэгжлийг олон түмэнд таниулж өгснөө өөрийн гавъяа гэж үздэг. “Хэрэв 60-70-аад оны үед та хүмүүст, хөрөнгө оруулалтын ажил эрхэлж байна гэж ярихад тэд тэр дороо ярианыхаа сэдвийг өөрчилдөг байсан” хэмээн Линч инээмсэглэн ярих дуртай. Харин “Magellan” зах зээлд ноёрхогчдын нэг болсон 80-аад оны үед байдал эсрэгээрээ эргэж, бүгд л хөрөнгийн зах зээлийн тухай ярьж энэ талаар өөрсдийгөө “мэргэжилтнүүд” гэж тооцох болов. Тэр үед таксины жолооч нар хүртэл ямар нэг хувьцаа худалдаж авахыг санал болгодог болжээ.
Онцлон тэмдэглэхэд Питер Линч бол дэлхийн бүх мөнгийг хаман авахыг эрмэлздэг эрхлэгч биш, амьдрал ахуйд даруу төлөвхөн хандлагаараа онцгойрсон ховор хүмүүсийн нэг юм. Жишээлбэл тэр бичсэн гурван номынхоо бүх шагналыг “Өөрийн мэдлэгээрээ мөнгө олох гэж хүсээгүй эгэл жирийн хүмүүсийг амжилттай хөрөнгө оруулахад нь туслахыг хичээсэн юм” гэж тайлбарлаад тэтгэлэг тусламжид зориулан хандивласан. Тэр үнэтэй машин, ховор хуучин эдлэлд мөнгөө үрдэггүй бөгөөд Америкчуудыг мөнгө хуримтлуулж хадгaлж чaдахаа болиод хөрөнгөнөөсөө илүү “өртэй” амьдарч байгаад харамсаж явдгаа нуудаггүй. Америкчууд Япончуудын нэгэн адил сарын цалингийнхаа 20 орчим хувийг хуримтлал болгон хадгалах хэрэгтэй гэж үздэг нэгэн.
Тэрээр ийм л эгэл жирийн, нээлттэй хүн ажээ.
Орчуулсан: Ж.БАДАРЧ