Монгол улсын санхүүгийн зах зээл дээр компани худалдах, худалдан авах үйл явц ихээр явагдаж байна. Харин АНУ-д яаж явагддаг талаар бид тийм сайн ойлголттой байдаггүй. Та доорхи нийтлэлээс компани худалдах, худалдан авах америк маягийн соёлыг мэдэх болно. Таалан уншина уу.
Наймдугаар сарын сүүлчийн нэгэн өглөө, Сан Францискогийн хамгийн өндөр байшингуудын нэг, түүний 33-р давхарт Жим Колтерын албан тасалгаа байрлах бөгөөд цонхоор нь эргэн тойрны бүх зүйлс алган дээр тавьсан мэт илхэн харагдах аж. Далайн эргийн дээр хуралдсан үүлс нэгэнтээ замхарч, Gate Bridge-ийн гүүр алтан туяа цацруулан наранд гайхамшигтайгаар гялтганана. Энэ бол Сан Францискод хааяа нэг ховорхон харж болох гайхалтай мөчүүдийн нэг боловч Колтерт үүнийг анзаарах сөхөө ч байсангүй. Тэр цагаан самбар дээр тэмдэглэл хийлгүйгээр ногоон тодруулагчаар “Хувийн Үнэт Цаасны Бизнес” гэсэн гарчигтай схем зураглал хийх аж.
“Гурван хайрцагны загвар” гэж Колтер амандаа бувтнаад 3 хайрцаг зурж дотор талд нь SP буюу хувьцаа худалдан авагчид, DG буюу хэлэлцээр хийгчид, PM буюу багцын менежер гэсэн товчлолуудаар дүүргэв. Одоо 51 насыг зооглож буй Колтер, 19 жил үйл ажиллагаагаа явуулж буй “TPG Capital” хувийн үнэт цаасны фирмийг үндэслэгч, 68 настай Дэвид Бондерментэй хамтардаг бөгөөд салбартаа хамгийн томд орох 1997 оны “J.Crew” компанийг 475 сая ам.доллараар худалдан авч 2006 онд анхны хувьцаагаа гарган компанийн үнэлгээг 1.1 тэрбум ам.долларт хүргэсэн, “Energy Future Holdings” компани гэж нэрээ өөрчилсөн Техасын “TXU” үйлчилгээний компанийг 43.2 тэрбум ам.доллараар зарсан, “Caesars Entertainment” нэрээр алдаршсан казиногийн “Harrah’s” компанийн хувьцааны ханшийг 27 тэрбум ам.долларт хүргэсэн зэрэг ажлуудыг нэр төртэйгээр гүйцэтгэжээ. “TPG” компани нь 14 салбар, 278 ажилчидтай, 48 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хариуцдаг, хувийн үнэт цаасны салбарт Blackstone, Carlyle, KKR зэрэг томчуудтай зэрэгцэхүйц топ компаниудын нэг бол Колтер, “Forbes” сэтгүүлээс жил болгон зарладаг дэлхийн хамгийн баян эрхмүүдийн 221-рт жагсдаг хөрөнгөтэй нэгэн бөгөөд цэвэр хөрөнгийн хэмжээ нь 1.8 тэрбум ам.доллар. Дэвид Бондермен мөн 1.8 тэрбум ам.долларын хөрөнгөтэй аж.
Нэг компанийг нөгөө компани худалдаж авах салбарт ажиллаж буй хүн болгон Колтерын 3 хайрцагны зарчмыг мөрддөг. “TPG”-ийн Колтер, багцын менежмент, хэлэлцээрүүд дээр онцгой анхаарал тавьдаг гэж ярьдаг. Багцын менежментэнд хувьцааны тухай яригддаггүй ч худалдаалагдаж буй компаниудын үнэлгээг өсгөх асуудал 1-рт тавигддаг. Үүнд жаахан зүйлийг ч өчүүхэн гэж орхидоггүйгээрээ онцлог. TPG-ийн үйл ажиллагааны багууд 60 гишүүнтэй бөгөөд компаниуд дээр очиж, бүтээмжийн судалгаа хийдэг нь арилжаанд хамт оролцдог хувьцаа худалдан авагч, эсвэл хэлэлцээр хийгчид гэсэн үг биш хэмээн Колтер маргадаг. Энэ тухайгаа “бидэнд өөрсдийн гэсэн нууц арга барил бий” гэж тайлбарладаг.
“Хувийн Үнэт Цаас” гэдгийг хатууханаар хэлбэл олон нийтийн хараанаас хол хөрөнгийг тараан байршуулах гэж тодорхойлж болох ч “хувийн” гэдгийг үргэлж хоёр дахь утгаар ойлгогдоход хүргэдэг. Тэгэхээр ийм төрлийн бизнес нь хамгийн нууцлаг шинжийг агуулж байдаг. Учир нь хийгдэж буй хэлэлцээр нь покерын гараа, хамгийн зөв байршуулалтаас шалтгаалан төлбөрийн хэмжээ тогтоогддог бөгөөд ноогдол ашгийн хэмжээ ч үүнийгээ дагаад худалдан авалт бүр дээр өөр өөр байдаг онцлогтой. Хувийн үнэт цаасны фирм зөвшөөрвөл худалдан авалт заримдаа бүр ч эсрэгээр олон нийтийн өмнө нээлттэй хэлбэрээр явагддаг. Жишээ нь Blackstone, KKR хоёр хоёулаа нээлттэй арилжааг явуулдаг бол “Carlyle” 2011 оноос энэ тухай хэлэлцэж байгаа гэж мэдэгдсэн байдаг. Харин “TPG”-ийн тухайд Колтер “фирмийн үйл ажиллагааг олон нийтэд зарлах төлөвлөгөө алга” гэжээ.
Сэтгүүлчдийг фирм дээрээ дуудаж аваачина гэдэг “TPG”-гийнхний хувьд боломжгүй зүйл бол хувийн хөрөнгийн фирмийн салбарт “TPG” энэ үйлдлээрээ онцгойрно. Үүний цаад шалтгаан нь арилжаа хэлэлцээрийн шатандаа дөнгөж орж эхлээд л зах зээл дээр хөдөлгөөн гарч эхлэдэг бөгөөд олох ашгийн 20% нь хөрөнгө оруулагч нарт ногддог бол 2% нь алдсан ч бай, хожсон ч бай хамаагүй менежентын зардалд ордогтой холбоотой. Зарчим ёсоор, хувийн үнэт цаасны салбарт хөрөнгө оруулалт хийдэг хүмүүс мөнгөө 10 жилийн хугацаатайгаар санд байршуулдаг. Тэгвэл санд байршуулсан хөрөнгө доод тал нь 5 жилийн дараа л ногдол ашгаа хувиарлаж эхлэдэг бөгөөд зарим тохиолдолд хөрөнгө оруулалт хийсэн сангийн дотоод журамд заасан хугацаанд ашгаа хүртэж эхлэдэг бол ногдол ашгийн хэмжээ харилцан адилгүй. Тухайлбал хувийн үнэт цаасны зах зээлийн тухай мэдээлэл түгээдэг “PitchBook” фирмийн ноогдол ашиг 2001 онд 22%-иар өссөн бол 2005 оноос дундажаар 4%-иар нэмэгдэж байсан. “TPG” сан, дээрх хугацаанд ижил хэмжээний ногдол ашиг хуваарилсан. Харин тэднийг “Вашингтон Хөрөнгийн Сан”-д Energy Future-ийг худалдаж авахад зориулж хийсэн 1.3 тэрбум ам.долларын алдагдал одоо ч зүгээр суулгадаггүй.
Хэлэлцээрийн шат болгонд олон нийтийн болон улс төрийн зүгээс маш их дайралтанд өртдөг тул TPG, компаниудтай холбоотой аливаа муу мэдээллийг хайхралгүйгээр зөвхөн шүүмжлэл өрнүүлэхийг хичээдэг. Тус фирмийн үйл ажиллагааг урам хугарсан хөрөнгө оруулагчид, ажил олгогчид, Уолл Стрийтийн эсрэг байр суурьтай улс төрчид гээд эсэргүүцэх хүмүүс олон байдаг нь хувийн үнэт цаасны талаар буруу ойлголттой байдагтай холбоотой гэж боддог. Колтер “Бид байнга олон нийтийн анхаарлын төвд байдаг” гэв. Зарим зуршил болсон зүйлийг засах нь тийм ч амархан биш. Колтер, цагаан самбар дээр тайлбар бичихийн хажуугаар покер тоглож байв. Тэр хэдэн өдрийн дараа Нью-Йорк руу нисэж, “J Crew”-гийн захирал МикейДрекслертэй үдийн хоол идэнгээ компанийг нь худалдаж авах талаар дахин хэлэлцэнэ. Энэ удаагийн төслийн нийт өртөг 3 тэрбум ам.доллар. Энэ салбарын ажил эхнээсээ дуусах хүртэл компани худалдаж авахдаа TPG, бага хүүтэй зээл авах, гэнэт ажил бүтэлгүйтэх зэргээс сэргийлж, бэрхшээлийг урьдчилан зайлуулдаг. Тиймээс ч 2006, 2007 онуудад 10 хэлэлцээрээс 9 нь амжилттай болж, түүхэнд нэрээ үлдээсэн. Түүний дотроос TXU, Harrah’s-ийн төслүүдийг TPG бие даан гүйцэтгэсэн.
Хувийн үнэт цаасны фирм судалгааны ажлаа зөвхөн олон нийтийн дунд хийдэггүй бөгөөд тэдний хамгийн ойр дотно харьцдаг хүмүүс нь тухайн зарагдах гэж буй компанийн хувьцааны томоохон хувийг эзэмшдэг хөрөнгө оруулагчид юм. Тэдгээр санхүүгийн тоглогчдод санхүүгийн хямралаас гадна хөрөнгө оруулалт хийсэн газруудаасаа ямар нэг шинэ мэдээлэл олж цуглуулах нь хамгийн чухал байдаг. Түүнчлэн хөрөнгө оруулалт хийсэн газраасаа хэдий хэмжээний ашиг гаргаж чадах талаар Дартмаут коллежийн Тук Бизнесийн Сургуулийн захирал, Хувийн Үнэт Цаас, Хувиараа Бизнес Эрхлэх Төвийн дарга Колин Блейдоноос баталгаа гаргуулах дуртай. “Аль хэдийнээ хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд төлбөрийн асуудал нэгдүгээрт тавигддаг. Үүнтэй холбоотой асуудал хамгийн чухалд тооцогддог” гэж тэр ярив. 1998-2005 он, зах зээл дээр хувийн компаниудад илт шахалт үзүүлж эхлэсэн үе. Энэ хугацаанд TPG шиг фирмүүд компани худалдаж авах үйл ажиллагаанд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж эхлэсэн. Тэд тухайн үеийн зах зээлээсээ илүү ажиллаж байсан учраас мөнгө ч тэр хэмжээгээр орж ирдэг байсан. "Тухайн салбар хөгжихийн хэрээр хэлэлцээрийн үеэр өрсөлдөөн улам ширүүсч, олох ашиг нь төдий хэмжээгээр багассан" гэж Чикакогийн Их Сургуулийн Бүүт Бизнесийн Сургуулийн профессор Стивен Каплан ярив.
Өнөөгийн нөхцөлд TPG шиг фирмүүд хэр туршлагатай болохоо харуулах цаг нь ирсэн. Хувийн үнэт цаасны фирмд хагас их наяд ам.долларын алдагдалыг хүлээж чадахуйц хэмжээний хөрөнгөтэй байх шаардлагыг тавьдаг болсон. TPG нь нийт 17 тэрбум ам.долларын эргэлтийн хөрөнгөтэй. Тэдэнд хөрөнгөө ухаалгаар зарцуулах уу үгүй юу гэдгээс үл хамааран зах зээлд шаардлагатай бүх төлбөрийг барагдуулж чадах уу гэдэг асуудал хамгийн чухал. Өмнө хийж байсан хэлэлцээрүүдээс одоогийнх нилээн төвөгтэй, нарийн хийгдэж байгаа ч TPG ашигтай ажиллаж чадна гэдэгт Колтер итгэдэг. Хэлэлцээр хийгддэг суурь процессорууд өөрчлөгдөж байгааг бид харж байна. Компани худалдаж авахад бид 3 аргаар мөнгө олж болно. 1-рт, үндсэн арга – бага үнээр худалдаж аваад өндөр үнээр зарах, 2-рт, тухайн компанид орж ирэх орлогыг нэмэгдүүлэх, эцэст нь ирээдүйд ирэх ашгийн хувь өндөр байна гэдэгт хөрөнгө оруулагч нар итгэлтэй байх.
“Хөрөнгө оруулагч нарын ганц сонирхож байгаа зүйл нь амласан ашгаа хэрхэн хуваарилах вэ. Бидэнд энийгээ батла” гэж шаарддаг хэмээн Колтер ярив. Харин хөрөнгө оруулагчдын тухайд, бид амжилттай хийгдсэн хөрөнгө оруулалтыг хүү, татвар, үнийн бууралт, элэгдлийн сангийн өсөлтийг тооцохоос өмнөх үеийн ноогдол ашиг ямар байхаар хэмждэг. Нэг үгээр тайланг дахин шинэчлэгдэхийн өмнөх дүнг сонирхдог гэсэн үг. Одоо үед үйл ажиллагаа нь илүү энгийн, санхүү нь төслийн хүрээнд хийгдэх тусмаа ашигтай гэдгийг менежерүүд ойлгох хэрэгтэй гэж Пенсильванын Нийгмийн Даатгал, Тэтгэврийн Систем Сургуулийн ахлах хөрөнгө оруулагч Алан Ван Ноорд өгүүлжээ. TPG, үйл ажиллагааныхаа талаар дэлгэрэнгүй сурталчилахаас татгалздаг цорын ганц фирм хэмээн байнга шүүмжлүүлдэг. Харин тэдний гол хамтрагчид нь Clayton, Dubilier & Rice, одоо тус фирмийн тусгай түнш General Electric-ийн захирал Жек Велч нар юм. Колтерын ажлын нэгэнд эдгээр компаниудын захирлуудын хамтран ажиллах хүслийг өдөөж өгөх, бас хэвээр хадгалах ордог. Түүнээс гадна Procter & Gamble-ийн захирал асан Эй.Жи.Лафлэй, Гап, жижиглэн худалдааны мэргэжилтэн Пол Пресслер нарыг фирм чухалчлан авч үздэг. KKR нь Capstone гэж нэрлэгддэг дотоод үйл ажиллагааны нэг хэсэг бөгөөд 2007 оноос хойш хөрөнгийнхөө хэмжээг хоёр дахин өсгөж чадсан.
“ССМР Capital Advisors” хувийн үнэт цаасны фирмийн одоогийн захирал Грег Бреннемэн, TPG-гийн компаниудыг удирддаг бөгөөд үүнд Continental, Burger King нар багтана. Бреннемэн саяхан TPG-ийн Бондермэнтэй Колорадод өглөөний цай уунгаа “санхүүг төсвийн хүрээнд удирддаг цаг нь үеэ өнгөрөөсөн. Харин түүний болон TPG шиг фирмүүд хамтран ашигтай ажиллах боломж бүрдсэн. Хувийн үнэт цаасны зах зээл дээр хамтдаа ажиллаж байж л ирэх 5 жилийн хугацаанд мөнгө үйлдвэрлэж чадна. Учир нь оператор компаниуд эргээд дээд шатанд гарч ирнэ” гэж ярьжээ. “J.Crew”-гийн захирал Декслертэй хийсэн нууц уулзалтаас хойш хэдэн долоо хоног өнгөрөөд байлаа. Колтер хуучин Пепсигийн захирал асан Ричард Дик Бойстой уулзаж стратеги төлөвлөгөө зохиож байв. Бойс, TPG-гийн Сан Франциско дахь салбарыг 14 жил удирдаж байгаа нэгэн. Бойс “Би бол жинхэнэ хэлэлцээр хийгч мэргэжилтэн” гээд маягт бөглөх нь түүний дуртай ажлуудыг нэг бөгөөд график нь эхийнх нь гарыг санагдуулдаг гэж ярив. Түүнчлэн үүрэг ажлынхаа талаар, судалгааны ажил бүрэн дуусaсны дараа тайлантай танилцаж, хэдийд, хэзээ хэлэлцээрийг эхлүүлэх цагийн хуваарийг товлож, хэрэгжилтэнд нь анхаарлаа хандуулдаг хэмээн товчхон тайлбарлав.
Колтер, Дартмаутыг санхүүгийн чиглэлээр төгссөн нэгэн бөгөөд өөрийгөө “хатуу самар” гэж тодорхойлов. Мөн тэр Бойс шиг бодож, сэтгэдэг нэгэн тул гаргаж буй санаанууд нь яг л бууны сум шиг тусгалаа онодог гэнэ. Колтер, гурван хайрцагны нэгэнд харьяалагдах хэн нэгэн байсан бол гарцаагүй багцын удирдагч болох хүн. 1997 онд J.Crew-г худалдаж авснаас хойш TPG, бүхий л үйл ажиллагаанд нь хяналт тавьж, олох орлогын хэмжээг хамгийн дээд цэгт нь хүргэх судалгаа шинжилгээний ажлуудыг хийн, тодорхой амжилтанд хүргэсэн. Нэг үгээр худалдаж авсан компани болгоныхоо менежментийг дахин шинэчилж, үйл ажиллагааг нь өргөжүүлснээр жилд олох орлогын хэмжээг өсгөдөг. Энэ нь эргээд тухайн компанийг зах зээл дээр өндөр үнэлгээтэй болгоход тусладаг бөгөөд эргүүлэн зарахад төдий хэмжээний ашгийг тухайн үнэт цаасны фирмд өгдөг.
Колтер, Бондермэн нар 1980-аад оны сүүлчээр бие биенээ таньдаг болж, хамтдаа Форт Ворт дахь Роберт Бассын офист ажилладаг байв. Тэдэнтэй хамт Colony Capital-ийн захирал Томас Ж. Барак Жр, Lone Star Fund-ын Жон Грейкен, TPG-гийн ирээдүйн түнш Келвин Дэвис нар ажилладаг байжээ. Хуульч байсан Бондермэн, сүүлд хөрөнгө оруулалтын банкир байсан Колтертай хамтрах болсон. Тэдний анхны том ажил нь 1993 онд Continental Airlines-ийг худалдаж авах байсан бөгөөд хувийн хөрөнгө оруулагчдыг Texas Pacific Group-тэй хамтран ятгаж чадсaны ачаар TPG фирм анхныхаа хөрөнгө оруулалтыг 10 дахин их буюу 60 сая ам.доллар болгон өсгөсөн. Тус компанийг худалдаж авсны дараа үйлчлүүлэгчдийн тав тухтай байдал, энгийн үйлчилгээний салбарууд ялангуяа хоол, тээшийн хэсэгт ихээхэн анхаарал хандуулан ажилласнаар тус компанийг дампуурлаас авраад зогсохгүй нэрд гаргаж чадсан. Continental-ийн хэлэлцээр бидэнд хөрөнгө оруулалтын фирм байгуулах санааг анх өгсөн гэж Болтермэн өгүүлэв. Бид газрын зураг гаргаж ирээд харж байхдаа Хенри Фордыг аж үйлдвэрлэлийн салбарт шинэчлэл авчирсанд талархсан бөгөөд тэдэнд санхүүгийн төсөл зохиож өгдөг мэргэжилтнүүд дутагдаж буйг анзаарсан. Тэгээд тухайн компанийн үнэлгээг хэрхэн өсгөж болох талаар бидэнд бүгдэд маань туршлага байсан болохоор цаашид хийх ажил маань бидэнд улам тодорхой болж ирсэн. Тэгээд үйл ажиллагаагаа санхүүгийн институтын хэмжээнд хүргэх ёстой болж, Бойстой хамтрах болсон.
Хэлэлцээрийн үед багийн гишүүдийг зөв бүрдүүлснээр амжилтанд хүрдэгийг бид анхны худалдан авалтаараа нотлосон. 1994 онд сангийн жилийн дундаж орлого 36.3%-иар тогтмол өсч эхлэсэн бол 2000 оноос жилийн орлого нь 24.6%-д хүрч, хөрөнгө оруулагчдын мөнгийг 2.5 дахин нугалж өгдөг болсон. Тухайн үед дундаж сангуудын жилийн орлого 7.9%-иар өсдөг, хөрөнгө оруулагчдад өгөх ашиг 1.4 дахин нугардаг байв. Гэсэн ч TPG хүчтэй байдлаа удаан хадгалж чадаагүй. Харин тэднээс салбарласан хөрөнгө оруулалтын 4 сан, жилд дундажаар 23.4%-ийн ашигтайгаар ажиллаж эхлэсэн байна. Энэ нь хувийн үнэт цаасны салбарт хамгийн өндөр ашигтай ажилласан фирмээр түүхэнд нэрээ гаргахад туслаад зогсохгүй дараа дараагийн худалдан авалтуудаа амжилттай гүйцэтгэхэд чухал үнэлэлт болсон.
TPG-д баг бүрдүүлэхэд Бойс тэргүүлэх үүрэгтэй оролцдог бөгөөд багийн бүх гишүүд үнэт цаасны чарт дээр ажиллаж сурсан байх шаардлагыг тавьдаг. Хэлэлцээрийн шатанд тухайн компанийн үнэт цаасны ханш хамгийн чухал байдаг тул багийн бүрэлдэхүүнд үнэт цаасны арилжаачдаас эхлээд багцын удирдагчид хүртэл ордог. Үүний бас нэг шалтгаан нь тэд тухайн хэсэг, салбар бүртээ түншүүдтэй, тэдэнтэй мэдээлэл солилцох бүрэн боломжтой байдаг. Колтер, “J.Crew”-гийн менежментийг бие даан хийсэн бөгөөд 2010 онд тус компанийн жилийн цэвэр орлого хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан. Үүнд хамгийн их тус болсон зүйл нь Хятадын зах зээлд орсон явдал байв. Колтер, Бойс нар J.Crew-гийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзаж байсан ч тэнд ажилдаг хүний өгүүлснээр, J.Crew-г худалдаж авснаас 5 жилийн дараа зах зээлд Madewell нэртэй шинэ брэнд гаргаж, олон улсад өрсөлдүүлсэн бөгөөд удалгүй хувьцааныхаа хувийг нэмж хөрөнгө босгох замаар жилийн цэвэр орлогын хэмжээг нэмсэн гэнэ. Брэндийг олон улсад таниулах ажил амжилттай болж, хувийн өмчит компани гэнэт их хэмжээгээр өргөжин, жилийн орлогын хэмжээгээр цахиур хагалах болсон түүхтэй. Энэ нь бусад хувийн өмчит компаниудад ихээхэн дарамтыг бий болгосон.
“Бид худалдаж аваад үнэд хүртэл нь ажилладаг. Нэгэнт үнэд хүрчихвэл түүнээс “гарах” цаг болсныг илтгэдэг. “Гарах” гэдэг нь манай салбарынхны ойлголтоор зарах гэсэн үг. Худалдан авалт хийсэн л бол эргээд нэгдэх цаг болсныг ухааруулдаг. Бид ч нэгдэж чаддаг. Эдийн засагтай өрсөлдөж чадна гэж итгэж л байвал таны мөнгө үйлдвэрлэх зам дардан болсныг ухаарна” гэж Бойс ярив. Бид Колтерой уулзснаас хойш сарын дараа буюу 1-р сарын дунд үе, Манхаттан бүхэлдээ цасанд хучигдсан тэр нэгэн өдөр TPG-гийн бүх түншүүд жилийнхээ хуралд суухаар дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн байв. Уг хурал Central Park-ын өнцөгт байрлах Mandarin Oriental Hotel-ийн 36 давхарт ёслол төгөлдөр нээгдэж, хоёр өдөр дамнан хуралдав. Уг хуралд TPG-ийн түнш 54 эрхэм оролцсон бол ирэх 3-р сард хувьцаа эзэмшигч нарын хурал болох гэнэ. Хурал, шалнаасаа тааз хүртэл шатласан хэлбэрээр зассан ширээтэй хурлын том танхимд хийгдсэн бөгөөд зөвхөн Bloomberg News-ын сэтгүүлчдийг оролцохыг зөвшөөрсөн байв.
Колтер, хурлын завсарлагаанаар гарч ирэн түншүүдийн уулзалт олон жилийн дараа ийнхүү анх удаагаа халуун дулаан уур амьсгал дунд өрнөж буйг өгүүлээд жилийн эхнээс олон өөрчлөлт хийхээр товлосон тухайгаа товчхон хүүрнэв. Түүнчлэн түншүүд нь эдийн засгийн хоёр дахь том уналт болох гэж буйг дор дорноо зөвшөөрч, юу хийх ёстойгоо хамтран хэлэлцэж байна гэж Колтер нэмж өгүүлэв. Мөн тэрээр “жилийн өмнө санхүүгийн зах зээл “галаа унтраах” гэж хичээж байсан. Энэ жилийн тухайд бидний хийдэг шиг эдийн засагтай жил болж байна. Тиймээс бидний зорилго бол санхүүгийн салбарыг тойрсон элдэв цуу яриаг мартаад ажилдаа хамаг анхаарлаа хандуулах” гэж сэтгүүлчдэд мэдэгдчихээд хуралдаа оролцохоор танхимын хаалгыг аажуухан хаагаад гарав.