Ганцмод Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын ажил гацаж 4-5 тэрбум ам.долларын боломж алдагдсан.
Бүтээн байгуулалтын дараа нүүрсний экспорт 40 сая тонноор нэмэгдэнэ.
Нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэхэд энэ төсөл чухал үүрэгтэй.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын төслийг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-аас чиглэл авах тухай тогтоолын төслийг яаралтай горимоор УИХ-д өргөн барихаар боллоо. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын төсөл нь "Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-т тусгагдсан 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн, төслийн хэрэгжилтийг хангахад зарим хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүссэн.
Тогтоол батлагдаж Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр батлагдсаны дараа УИХ соёрхон батална. Харин дээрх хугацаанд хоёр улсын ажлын хэсэг байгуулагдаж, уг ажлын хэсгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан ахална. Хоёр улсын Засгийн газраас гаргасан шийдвэрүүдийн дараа талуудын төрийн өмчит компани болох ‘’ЭТТ’’ ХК, ‘’Чайна Энержи’’ компаниуд хоорондоо гурвалсан гэрээ байгуулж үйл ажиллагаагаа эхлүүлэх юм.
Гурвалсан гэрээгээр төмөр замын холболтын гэрээ, нүүрс худалдан авах урт хугацааны гэрээ, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэрээ байгуулна. Хэлэлцээрүүдээр хоёр талаасаа харилцан асуудлуудаа тавьж, хэрхэн шийдвэрлэх вэ гэдгээ тохирно. Хил холболтын бүтээн байгуулалтын дараа Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч гэсэн чиглэлд төмөр замыг холбох ажлууд үе шаттай хийгдэнэ. Хил холболтын бүтээн байгуулалтын дараа Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн боомтоор жилдээ 20 сая тонн нүүрс, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтоор үлдсэн 20 сая тонн нүүрсний экспорт хийгдэнэ.
Хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг 2003 оноос эхлэн хоёр улсын талаас ярьж, 2009 онд хоёр улсын засгийн газар хоорондын уулзалтаар хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт эхлэх хэлэлцээр байгуулж, 2014 онд хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлд бүтээн байгуулалтыг өрнүүлэх асуудал тусгагдсан гээд багагүй цаг хугацаа алдсан.
Удсан асуудлуудын дунд өмнө нь яригдаж байсан ЭТТ ХК-ийн эмэзшиж буй лицензэд БНХАУ-ын ‘’Чайна Энержи’’ компани давуу эрхтэйгээр олборлолт хийх тухай хөндсөн байдаг. Харин энэ удаа Хятадын тал дээрх саналаасаа бүрэн татгалзжээ. ЭТТ компанийн эзэмшлийн ордууд жилд 30 сая гаруй тонн нүүрс олборлож байна. Гурвалсан гэрээ байгуулагдсаны дараа ЭТТ-н ордуудын хүчин чадал дийлэхгүй. Тиймээс ЭТТ ХК-ийн олон улсын нээлттэй тендерийг Онч хараат, Бор толгой ордуудыг ашиглалтад оруулж нүүрсний экспортоо нэмэгдүүлнэ. Олон улсын тендер БНХАУ-ын ‘’Чайна Энержи’’ компанид ч нээлттэй.