



















Баасан гарагт АНУ-ын ам.доллар дөрвөн сарын доод түвшинд хэлбэлзэж байлаа. Учир нь худалдааны тарифтай холбоотой бодлого байнга өөрчлөгдөж, дэлхийн хамгийн том эдийн засгийн өсөлтийн төлөвт эргэлзээ төрүүлж, хөрөнгө оруулагчдыг энэ өдөр гарах ажлын байрны тайланг (Улаанбаатарын цагаар 21:30 гарна) хүлээхэд хүргэв. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гарагт Мексик, Канад руу чиглэсэн тарифын хөнгөлөлтийг дахин сунгасан боловч энэ нь хангалттай нөлөө үзүүлсэнгүй. Үүнээс үүдэн аюулгүй хөрөнгө оруулалт гэж тооцогддог иенийн ханш долларын эсрэг өнгөрсөн аравдугаар сараас хойших хамгийн өндөр түвшиндээ ойрхон байв.
Швейцарийн франктай харьцах ам.долларын ханш нь 0.8820 франк болж, сүүлийн гурван сарын доод хэмжээнд хүрч унасан бол Канад доллар болон Мексик песогийн эсрэг ч ам.долларын ханш буурсан байна.
Доналд Трамп энэ хөнгөлөлтийг дөрөвдүгээр сарын 2-нд дуусгавар болгох ба АНУ-ын бүх худалдааны түншүүдэд "Харилцан тариф" ногдуулна гэж мэдэгджээ.
"InTouch Capital Markets"-ийн Азийн валютын хэлтсийн дарга Киран Уильямсын хэлснээр, АНУ-ын эдийн засгийн давуу тал буурч байгаа шинж тэмдгүүд улам нэмэгдэж байгаа тул ам.долларын эрэлт багассан байна. Мөн тарифын инфляцийн нөлөө ханшийг дэмжих хангалттай шалтгаан болж чадахгүй байгаа аж.
Баасан гарагт анхаарал төвлөрч буй гол асуудал нь АНУ-ын Хөдөө аж ахуйн бус салбарын ажил эрхлэлтийн тайлан (NFP) юм. Үүнээс дүгнэлт хийн АНУ-ын эдийн засгийн өсөлт саарах уу гэдгийг шинжээчид үнэлнэ.
"Энэ удаагийн тайлан өмнөх мэдээллүүдээс харахад сул гарах магадлалтай байна. Хэрэв тийм болвол зах зээлийг цочроож болзошгүй" гэж Уильямс хэлжээ.
АНУ-ын эдийн засаг хоёрдугаар сард 160,000 ажлын байр шинээр нэмсэн гэж таамаглаж байгаа бөгөөд нэгдүгээр сард 143,000 ажлын байр нэмэгдсэн билээ. Харин ажилгүйдлийн түвшин 4.0%-д тогтвортой байна гэж эдийн засагчид таамаглаж байна.
Пүрэв гарагт Challenger, Gray & Christmas компанийн мэдээлснээр, хоёрдугаар сард АНУ-ын 17 төрийн байгууллага нийт 62,242 ажлын байр хасахаа зарласан байна. Нийт төлөвлөсөн халагдалт 172,017-д хүрч, энэ нь сүүлийн хоёр хямралын үеийн түвшинд дөхөж иржээ.
АНУ-ын Холбооны Банкны (ХНБ) дарга Жером Пауэлл ажлын байрны тайлан гарсны дараа эдийн засгийн төлөв байдлын талаар мэдэгдэл хийх юм. Одоогоор зах зээл 2025 оны үлдсэн хугацаанд төв банкны хүүг 77 суурь нэгжээр бууруулах магадлалтай гэж үнэлж байна.
ЦАЛИНГИЙН ӨСӨЛТ
АНУ-ын долларын индекс 0.05%-иар буурч 104.15 болжээ.
Евро 1.0790 ам.доллар дээр тогтвортой байсан бөгөөд өмнөх өдрийн арилжааны үеэр дөрвөн сарын дээд түвшиндээ хүрсэн. Энэ нь Германы томоохон зардлын төлөвлөгөө, Европын Төв банк ойрын хугацааны инфляцийн таамгаа өсгөсөнтэй холбоотой юм.
Евро энэ долоо хоногийн байдлаар бусад валютуудын 4%-ийн өсөлттэй байгаа нь 2009 оны гуравдугаар сараас хойших хамгийн өндөр долоо хоногийн өсөлт болж байна.
Их Британийн фунт стерлинг 1.28845 ам.доллар дээр тогтвортой байв.
Японы иентэй харьцах долларын ханш 0.09%-иар буурч 147.86 иен болсон. Японы хамгийн том үйлдвэрчний эвлэлийн холбоо 30 гаруй жилийн хугацаанд анх удаа хамгийн өндөр буюу 6%-иас дээш цалин нэмэхийг шаардаж буйгаа пүрэв гарагт мэдэгджээ. Үүнээс үүдэн Японы Төв банк бодлогын хүүгээ нэмэх магадлалтай гэсэн хүлээлт өсөөд байна.
Австралийн доллар 0.63291 ам.доллар дээр бараг өөрчлөгдөөгүй боловч, пүрэв гарагт 0.6364 ам.доллар болж, хоёрдугаар сарын 24-нөөс хойших хамгийн өндөр ханшдаа хүрчээ.
КРИПТОВАЛЮТ
Биткойн 4.61%-иар унаж, 85,354.63 ам.доллар болсон байна.
Цагаан ордны криптовалютын бодлого хариуцсан албан тушаалтан Дэвид Сакс "X" (хуучнаар Twitter) дээрх нийтлэлдээ Трамп пүрэв гарагт биткойныг стратегийн нөөц болгох тушаал гаргасан гэж мэдээлжээ. Энэ нөөцийг гэмт хэрэг болон иргэний хөрөнгө хураалтын шугамаар биткойн хэлбэрээр бүрдүүлэх юм байна.









