
Иран улс АНУ-д “Ялагдлаа хүлээн зөвшөөр” хэмээн шаарджээ. Хариуд нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иран улсыг “Хамгийн адгийн улс” хэмээн буруутгаснаас гадна Ирантай хийж буй дайны улмаас шатахууны өндөр үнийг хэсэг хугацаанд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болсныг ард иргэддээ мэдэгдэв.
Үүний зэрэгцээ энхийн хэлэлцээрт бодит ахиц гарах шинж тэмдэг харагдахүй байгаагаас гадна дэлхийн газрын тосны тээвэрлэлтийн хамгийн чухал гарцуудын нэг болох Хормузын хоолойгоор нефть тээвэрлэгч хөлөг онгоц нэвтэрч чадахгүй хэвээр байна.
АНУ, Израилийн Ираны эсрэг дайныг хоёрдугаар сарын 28-нд эхлүүлснээс хойш талуудын хооронд мөргөлдөөнийг зогсоох яриа хэлэлцээр олон болсон. Гэвч дайныг зогсоох алхам хийгдээгүй.
Ираны Гадаад хэргийн дэд сайд Казем Гарибабади өнөөдөр өглөө X нийгмийн сүлжээнд хийсэн мэдэгдэлдээ:
Энэ хоолойг зөвхөн Иран нээж, хаана. Та нар ялагдлаа хүлээн зөвшөөрч, хий хоосон мөрөөдлөөсөө татгалзах хүртэл Иран Хормузын хоолойг хаасаар байх болно.
гэжээ. Иран Хормузын хоолойг нээх асуудлаар АНУ-ын дарамтад бууж өгөхгүй гэдгээ мэдэгдсээр байгаа юм.
Ираны Гадаад Хэргийн сайд Аббас Арагчи АНУ-тай яриа хэлэлцээ хийх эсэхээ одоогоор шийдээгүй байна гэжээ.
Түүний хэлснээр, Хормузын хоолойгоор далайн тээврийг дахин хэвийн явуулахын өмнө АНУ тодорхой нөхцөлүүдийг биелүүлэх ёстой аж.
Хормузын хоолой нь дайнаас өмнө дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн ойролцоогоор тавны нэг буюу 20 хувь нь дамжин өнгөрдөг стратегийн чухал усан зам юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай хийж буй дайны улмаас шатахууны үнэ өндөр хэвээр байж болзошгүйг ард иргэдээ хүлээн зөвшөөрөхийг уриалав.
Тэрээр баасан гарагт Нью-Йоркийн Гарден-Сити хотод болсон улс төрийн арга хэмжээний үеэр:
Шатахуундаа бага зэрэг илүү мөнгө төлөх нь үнэ цэнтэй байх болно.
гэж хэлжээ.
Трампын тайлбарласнаар, Иран цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлэхийн тулд ийм үнэ төлөх нь зүйтэй аж. Гэвч энэ нь Дональд Трампын хувьд улс төрийн эмзэг асуудал болж байна.
Учир нь тэрээр дахин сонгогдох кампанит ажлынхаа үеэр эрчим хүчний зардлыг бууруулна гэж амлаж байсан.
Харин одоо шатахууны үнэ өсөж байгаа нь иргэдийн амьдралд шууд нөлөөлж, Дональд Трампын Бүгд найрамдах намын хувьд улс төрийн эрсдэл үүсгэж байна. Ардчилсан намынхан ч энэ дайны эдийн засгийн үр дагаврыг арваннэгдүгээр сард болох Конгрессын сонгуулийн гол асуудлын нэг болгохыг хичээж байгаа юм.
АНУ-д нэг галлон бензиний дундаж үнэ баасан гарагт ойролцоогоор 4.08 ам.долларт хүрсэн байна.
АНУ-ын галлон (US gallon)-ыг хэлж байгаа бол:
1 галлон = 3.785 литр. ҮГ.МН
Энэ нь өмнөх оны мөн үеэс 29%-иар өндөр үнэ юм.
Хормузын хоолойн нөхцөл байдал газрын тосны зах зээлд шууд нөлөөлж байна. Баасан гарагт түүхий нефтийн фьючерсийн үнэ нэг баррель тутамд 1 ам.доллараар өссөн.
Тухайлбал:
Брэнт төрлийн нефть тухайн долоо хоногт 6.0%-иар өсөх төлөвтэй;
Вэст Texas Intermediate (WTI) буюу АНУ-ын нефтийн үнэ 5.4%-иар өсөх төлөвтэй байв.
Ираны Гадаад хэргийн дэд сайд Гарибабади:
Хормузын хоолойг жиргээ, нисэх онгоц тээгч хөлөг, тушаал гаргах эсвэл сонгуулийн сурталчилгааны илтгэлээр эзлэн авч чадахгүй.
гэж Трампын байр суурийг шүүмжилжээ.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Иран улс хатуу байр суурьтай байгаагаа илэрхийлж байгаа боловч дайны эдийн засгийн дарамтыг өөрөө ч хүчтэй мэдэрч эхэлжээ. Тус улсын Ерөнхийлөгч Масуд Пезешкиан төрийн телевизээр үг хэлэхдээ, тус улсад инфляц өндөр байгаа шалтгааныг:
АНУ-ын Ираны боомтуудад тавьсан хориг;
Ираны нефтийн экспортод тавьсан хориг арга хэмжээ
зэрэгтэй холбон тайлбарлав.
Өөрөөр хэлбэл, Иран Хормузын хоолойг хааж, газрын тосны урсгалыг хязгаарлаж байгаа ч үүний эдийн засгийн сөрөг үр дагаврыг өөрөө мөн адил амсаж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Трамп болон Сангийн сайд Скотт Бессент нар Ираны эдийн засагт цаашид улам их дарамт үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн.
Бессент пүрэв гарагт Newsmax телевизийн “Rob Schmitt Tonight” нэвтрүүлэгт оролцохдоо Ираны эсрэг авах ирэх долоо хоногт нэмэлт арга хэмжээ зарлана гэж мэдэгджээ.
Иран Хормузын хоолойгоор зорчиж буй хөлөг онгоцны хөдөлгөөнийг хязгаарласнаа “блокад” буюу бүслэлт/хаалт гэж нэрлэж байна.
Харин Вашингтон Ираны боомтуудаас гарч буй хөлөг онгоцны эсрэг авч буй арга хэмжээг мөн “блокад” гэж нэрлэж байгаа юм.
Дональд Трамп:
Бид зөвхөн өөрсдийнхөө төлөө биш, дэлхий дахины төлөө асар том үйлчилгээ үзүүлж байна.
гэж мэдэгдээд, дайны ажиллагааг дэмжиж буй USS Abraham Lincoln нисэх онгоц тээгчийн 260 хоногийн ажиллагааг “Хангалттай урт хугацаа биш” гэж хэлжээ.
🚢 Өмнө нь өдөрт 130 гаруй хөлөг нэвтэрдэг байсан бол одоо ердөө хоёрхон хөлөг нэвтэрч байна. Хөлөг онгоцны хөдөлгөөнийг хянадаг Kpler компанийн мэдээллээр баасан гарагт Хормузын хоолойгоор ердөө хоёр хөлөг онгоц нэвтэрсэн байна.
Хамгийн анхаарал татсан зүйл нь: Эдгээр хөлөг онгоцны дунд түүхий нефть тээвэрлэсэн хөлөг байгаагүй. Зарим хөлөг онгоц автомат таних системийнхээ дохиог унтрааж, нууцаар нэвтэрсэн байж болох боловч энэ үзүүлэлт нь дайнаас өмнөх үеийнхээс асар их буурсан байна. Дайнаас өмнө Хормузын хоолойгоор өдөрт 130-аас дээш хөлөг онгоц нэвтэрдэг байжээ. Одоо энэ урсгал бараг бүрэн зогссон байна.
Ираны зөвшөөрөлгүйгээр Хормузын хоолойгоор нэвтрэхийг оролдсон хөлөг онгоцууд пуужин болон дроны халдлагад өртөх эрсдэлтэй байна. АНЭУ-ын Abu Dhabi National Oil Company (ADNOC) компаниас мэдээлснээр, пүрэв гарагийн орой Хормузын хоолойгоор нэвтэрч байсан тус компанийн хоёр хөлөг онгоц халдлагад өртсөн аж.
Мөн АНЭУ-ын төрийн мэдээллийн агентлаг WAM-ын мэдээлснээр баасан гарагт өөр нэг хөлөг онгоц халдлагад өртжээ.
Дайныг дуусгах талаар зургадугаар сард байгуулж магадгүй байсан урьдчилсан тохиролцоо нуран унасан юм.
Ираны Гадаад хэргийн сайд Арагчи:
Бидэнд сунгах гал зогсоох хэлэлцээр анхнаасаа байгаагүй. Бид ‘дайны төгсгөл’-ийн талаар ярьж байсан. Харин одоо нөхцөл байдал өөрчлөгдсөн.
гэжээ.
Энэ нь Иран одоо өмнөх түр зуурын гал зогсоох биш, харин дайныг бүхэлд нь дуусгах шинэ нөхцөл шаардэж байгааг илэрхийлж байна.
Үүний зэрэгцээ Ираны дэмжлэгтэй Хуситуудын халдлага Йеменд дахин идэвхжиж, бүс нутгийн дайн улам өргөжих вий гэсэн болгоомжлол нэмэгдэв.
Йемений олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн засгийн газрын мэдээлснээр, Хуситууд баасан гарагт Улаан тэнгисийн эрэг дээрх Моха боомт хот руу зургаан баллистик пуужин харважээ.
Халдлагын улмаас дөрвөн энгийн иргэн амиа алдсан байна.
Харин Хуситуудын хяналтад байдаг SABA мэдээллийн агентлагийн мэдээлснээр, тус бүлэглэл Саудын Арабын Нажран хот дахь Aramco компанийн байгууламжийг дроноор онилсон гэжээ.📌









