Украины Ерөнхийлөгч Влодомир Зеленский бямба гарагт "Хойд Солонгос ОХУ-д 30-50 мянган цэрэг илгээж болзошгүй байна" гэж мэдэгдлээ. Энэ нь Москва, Пёньяны хооронд цэргийн хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлж буйн бодит илрэл хэмээн тэр үзэж байгаа аж.

Гэхдээ Зеленский уг мэдээллийг ямар эх сурвалжаас авснаа тодорхой хэлээгүй. Харин БНАСАУ (Хойд Солонгос) ОХУ-д үзүүлж буй цэргийн дэмжлэгийнхээ хүрээнд орчин үеийн дайны туршлага хуримтлуулж, ОХУ-аас цэргийн технологи, зэвсэг хэрэгслийн чадавх эзэмших боломжтой болж байгааг анхааруулжээ.
Зеленский бямба гарагт X платформд нийтэлсэн мэдэгдэлдээ:
ОХУ-ын нутаг дэвсгэрт 30-50 мянган хойд солонгосын цэрэг байрлуулах шийдвэр гарсан.
гэжээ.
Энэ нь түүний өнгөрсөн долдугаар сард хэлж байсан 30 мянган цэрэг гэсэн тооцооллоос нэмэгдсэн үзүүлэлт юм. Гэвч Зеленский энэ мэдээллийг хэрхэн олж авсан талаараа дэлгэрэнгүй тайлбарлаагүй байна.
Түүнчлэн Украины нутаг дэвсгэрээс Хойд Солонгост үйлдвэрлэсэн хэд хэдэн пуужин илрүүлсэн гэж Зеленский мэдэгдсэн боловч тэдгээрийг яг хаанаас илрүүлсэнээ мөн хэлээгүй.
Тэрбээр:
Хойд Солонгос орчин үеийн дайны туршлагаа улам нэмэгдүүлж, ОХУ-аас лиценз болон төрөл бүрийн цэргийн технологи, хэрэгсэл авсан нь тодорхой.
гэжээ.
Зеленский БНСУ (Өмнөд Солонгос)-ыг Украинтай цэргийн салбарт илүү нягт хамтран ажиллахыг уриалжээ. Тэрээр Украин улсын хувьд хамгийн их дутагдаж буй зэвсэгийн нэг нь агаарын довтолгооноос хамгаалах систем болохыг онцлоод:
Бидэнд дутагдаж байгаа энэ зэвсгийг нийлүүлэхийг Өмнөд Солонгосоос маш их хүсэж байна.
гэж мэдэгджээ.
Мөн Украин Өмнөд Солонгостой дрон үйлдвэрлэл, нийлүүлэлтийн чиглэлээрх хамтран ажиллахад бэлэн байгааг Зеленский мөн мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, Украины дипломатчид Өмнөд Солонгосын талтай боломжит хэлэлцээрүүдийн талаар аль хэдийн холбоо тогтоон ажиллаж байгаа аж.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар 2024 оны зургадугаар сард Путин Пёньянд айлчлах үеэр “Иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ” байгуулсан.
Уг гэрээнд аль нэг улс нь гаднын түрэмгийлэлд өртсөн тохиолдолд хоёр тал харилцан туслалцаа үзүүлэх тухай заалт багтсан байна. Хойд Солонгос ОХУ-д цэрэг илгээж буйгаа уг гэрээний хүрээнд холбоотон улсдаа үзүүлж буй тусламж хэмээн тайлбарладаг. Украины мэдээллээр, Хойд Солонгос 2024 оноос хойш ОХУ-ын Курск мужид ойролцоогоор 14 мянган цэрэг илгээсэн байна. Тэдгээр цэрэг Украины армийн ОХУ-ын нутаг дэвсгэрт хийсэн томоохон давшилтыг няцаахад Оросын армид тусалсан гэж мэдээлжээ.
Энэ сард Украины цэргийн тагнуулын өндөр албан тушаалтан Ройтерс агентлагт мэдээлэхдээ, Хойд Солонгосын пуужингийн нэг анги ОХУ-ын баруун хэсэгт байрлаж эхэлсэн гэжээ.
Тус анги нь 120 баллистик пуужин, зургаан харвах төхөөрөмжөөр зэвсэглэсэн байж болзошгүй бөгөөд эдгээрийг Украины эсрэг цохилтод ашиглах боломжтой гэж мэдээлсэн байна.
Украин өндөр хүчин чадалтай агаарын довтолгооноос хамгаалах системийн хомсдолд орсон бөгөөд ОХУ энэ нөхцөл байдлыг ашиглан баллистик пуужингаар дайралтаа нэмэгдүүлж байгаа гэжээ.
Баллистик пуужинг агаарт илрүүлж, устгах нь харьцангуй хүндрэлтэй байдаг байна.
Украины болон хараат бус шинжээчдийн хийсэн үнэлгээгээр, Хойд Солонгос ОХУ-д:
-Сая сая ширхэг их бууны болон миномётын сум;
-Баллистик пуужин;
-Алсын тусгалтай их буу;
-Олон сумт пуужингийн систем нийлүүлсэн байна.
Хойд Солонгосоос ОХУ-д суугаа Элчин сайдаас Ройтерс агентлагийнхан тайлбар хүссэхэд одоогоор хариу өгөөгүй байгаа аж.
Мөн Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яам Ройтерс агентлагийн тайлбар хүссэн хүсэлтэд ажлын бус цагийн улмаас хэмээн шалтаглаж мөн хариу өгөөгүй байна.









