БНХАУ-ын эдийн засгийн шинэчлэлийн гол архитекторуудын нэг, тус улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд асан Жу Рунжи 98 насандаа таалал төгсжээ.
БНХАУ-ын төрийн мэдээллийн Синьхуа агентлагийн мэдээлснээр Ерөнхий сайд асан Жу Рунжи 2026 оны наймдугаар сарын 12-ны 11:06 цагт Бээжин хотод өвчний улмаас эмчилгээ хийлгэж байхдаа нас барсан байна.

Түүнийг нас барсантай холбогдуулан Хятадын Коммунист намын Төв хороо, Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурал, Төрийн зөвлөл болон Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн Үндэсний хороод хамтран эмгэнэл илэрхийлсэн байна.
Дэлхийн хэвлэлүүд Жу Рунжиг 1998-2003 онд БНХАУ-ын Ерөнхий сайдаар ажилласан, эдийн засгийн шинэчилэгч нарын нэг, Хятадын эдийн засгийг орчин үеийн тогтолцоонд шилжүүлэх үйл явцад чухал үүрэг гүйцэтгэсэн төрийн зүтгэлтэн хэмээн онцолжээ.
Жу Рунжи 1928 оны аравдугаар сарын 23-нд Хунань мужийн Чанша хотод төрсөн. Тэрээр Цинхуа их сургуулийг цахилгааны инженер мэргэжлээр төгссөн бөгөөд хожим эдийн засаг, санхүүгийн салбарын мэргэшсэн төрийн зүтгэлтэн болжээ. Тэрээр 1980-аад оны сүүлээр Шанхай хотын удирдлагад дэвшиж, 1988-1991 онд тус хотын даргаар ажилласан байна. Энэ үедээ Шанхайн эдийн засаг, дэд бүтцийг шинэчлэх, зах зээлийн механизмыг нэвтрүүлэх чиглэлд идэвхтэй ажиллаж, төв засгийн газрын анхаарлыг татжээ.
1991 онд Төрийн зөвлөлийн Дэд ерөнхий сайдаар томилогдож, БНХАУ-ын эдийн засгийн бодлогын гол удирдагчдын нэг болсон байна. Дараа нь 1993-1995 онд Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчөөр ажиллаж, (Төв банк) санхүүгийн салбарын шинэчлэл болон инфляцтай тэмцэх бодлогод голлон анхаарчээ.
1998 онд Жу Рунжи Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдаар томилогдов.
Түүний Ерөнхий сайдын албыг хашсан таван жил Хятадын эдийн засаг дэлхийн зах зээлтэй улам нягт холбогдож, зах зээлийн шинэчлэл эрчимжсэн чухал үе байлаа.
Жу Рунжи төрийн өмчит компаниудын шинэчлэлийг эрчимжүүлж, банк, санхүүгийн салбарын тогтолцоог бэхжүүлэх, инфляцыг бууруулах, төрийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх бодлого хэрэгжүүлсэн юм.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Ройтерс агентлаг Жу Рунжиг Хятадын эдийн засгийг шинэчлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн удирдагч хэмээн тодорхойлжээ.
Жу Рунжигийн Ерөнхий сайдаар ажилласан үеийн хамгийн том үйл явдлуудын нэг нь Хятадыг Дэлхийн Худалдааны Байгууллага (ДХБ)-д элсүүлсэн явдал байв.
Хятад улс 2001 онд ДХБ-д элссэнээр дэлхийн худалдаа, хөрөнгө оруулалтын системд илүү гүнзгий нэгдэж, экспортод чиглэсэн эдийн засгийн өсөлтийн шинэ үе эхэлсэн юм.
Тухайн үеийн шинэчлэлүүд нь Хятадын эдийн засгийн дараагийн хоёр арван жилд эрчимтэй өсөх суурийг тавьсан гэж олон улсын эдийн засгийн шинжээчид үздэг.
Жу Рунжи шулуун шударга, хатуу байр суурьтай, асуудлыг тойруулалгүй ярьдаг улстөрч гэдгээрээ алдартай байв.
1998 онд Ерөнхий сайдаар сонгогдсоныхоо дараах хэвлэлийн бага хурлын үеэр тэрээр шинэчлэлийн замд тулгарах бэрхшээлийг үл харгалзан ухрахгүй гэдгээ илэрхийлж:
Миний өмнө минатай талбай, эсвэл гүн ангал байсан ч би эргэж харалгүйгээр урагш алхах болно. Би үүргээ эцсээ хүртэл үнэнчээр биелүүлнэ.
хэмээн хэлсэн нь түүний улс төрийн байр суурийг илэрхийлсэн алдартай эшлэлүүдийн нэг болжээ. 1998 онд хийсэн энэ мэдэгдлийг өнөөдөр ч Хятадын эдийн засгийн шинэчлэлийн тухай дурсахдаа иш татдаг.
Жу Рунжи 1992-2002 онд Хятадын Коммунист намын Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн байж, тухайн үеийн удирдлагын эдийн засгийн гол бодлого боловсруулагчдын нэг байв.
Түүнийг хатуу сахилга бат, ажил хэрэгч байдал, прагматик хандлага, эдийн засгийн шинэчлэлийг тууштай хэрэгжүүлсэн байдлаараа Хятадын орчин үеийн түүхэнд тод мөр үлдээсэн төрийн зүтгэлтэн хэмээн үнэлдэг.
Жу Рунжи Ерөнхий сайдын албан тушаалаа 2003 онд өгснөөс хойш төрийн өндөр албан тушаалд эргэн ажиллаагүй бөгөөд амьдралынхаа сүүлийн жилүүдийг харьцангуй нам гүм өнгөрүүлжээ.
Тэрээр 2026 оны наймдугаар сарын 12-нд 98 насандаа таалал төгслөө.
Түүний нас барсан нь Хятадын зах зээлийн шинэчлэлийн эхний үеийг удирдсан томоохон төрийн зүтгэлтнүүдийн нэгийг үдэж буй үйл явдал болж байна.









