АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иранд дахин цохилт өгөхөө түр хойшлуулж, тохиролцоонд хурдан хүрнэ гэж найдаж байгаагаа мэдэгдлээ.
Бямба гарагийн орой АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоож, Ормузын хоолойг дахин нээх асуудлаар богино хугацаанд тохиролцоонд хүрч чадвал Ираны эсрэг цохилт өгөхөө түр хойшлуулахад бэлэн гэж мэдэгдсэн байна.

Тэрээр өөрийн нийгмийн сүлжээндээ Иран болон "Ойрхи Дорнодын бусад орнууд" хэлэлцээрээ эцэслэхэд хугацаа хүссэн гэж бичжээ. Түүний бичсэнээх уг хэлэлцээр нь:
-Ормузын хоолойг нэн даруй, бүрэн, бүхэлд нь нээх
-Ираны цөмийн аюул заналыг бүрэн зогсоох зорилготой аж.
Дональд Трамп:
Энэхүү хүсэлтийг харгалзан дэлхийн ирээдүйн ашиг тусын төлөө, мөн амжилттай, хөгжин цэцэглэсэн Иран улсын оршин тогтнолын төлөө би төлөвлөсөн цохилтоо цуцлахаа зөвшөөрлөө. Гэхдээ хариу нөхцөл нь бид маш хурдан тохиролцоонд хүрэх явдал юм.
гэж бичжээ.
Мөн тэрээр Израиль ч энэхүү байр суурийг дэмжиж байгаа гэж мэдэгдсэн боловч Израилийн Засгийн газар энэ талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.
Иран энэ амралтын өдрүүдэд АНУ-д хандан ямар нэгэн "Эрсдэлтэй, өдөөн хатгасан ажиллагаа" явуулахгүй байхыг сануулж, хэрэв АНУ дахин довтолбол шийдэмгий, хүчтэй хариу арга хэмжээ эгүүлэн авна гэж мэдэгдэв.
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Аракчи Турк, Пакистан, Саудын Арабын өндөр албан тушаалтнуудтай утсаар ярихдаа:
Ираны эсрэг аливаа түрэмгийлэлд хатуу хариу өгнө, АНУ Иранд цохилт өгвөл бүс нутгийн тогтворгүй байдлыг улам нэмэгдүүлнэ гэж анхааруулжээ.
Дараа нь тэрээр Саудын Арабын Гадаад хэргийн сайд ханхүү Файсал бин Фархантай ярилцахдаа:
АНУ болон Израиль улс Иран руу довтлох, эсвэл бүс нутгийн бусад улс ийм ажиллагаанд хамтран оролцвол, Иран "Хэмжээнд нь тохирсон хариу арга хэмжээ" авна гэж мэдэгджээ.
Үүний зэрэгцээ Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мохаммед бин Салман Дональд Трамптай утсаар ярьж, АНУ Ираны талаар ямар төлөвлөгөөтэй байгааг асууж, санаа зовниж буйгаа илэрхийлэн тодруулга хүссэн талаар АНУ-ын нэгэн албан тушаалтан Axios-д мэдээлжээ. Цагаан ордны төлөөлөгч Ройтерс агентлагт хоёр удирдагч ярилцсаныг баталсан ч, ярианы агуулгын талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Эдгээр дипломат ярианууд Кувейтийн арми Иранаас хөөргөсөн гэж үзэж буй дронуудыг устгасан тухай мэдэгдлийн дараахан өрнөв.
Кувейтийн армийн мэдээлснээр:
Улсын хойд хэсгийн нэгэн төрийн байгууламж, мөн Бубиян арал дахь хувийн компанийн байгууламж дээр бөмбөгний хэлтэрхий унасны улмаас материаллаг хохирол амссан ч хүний амь эрсдээгүй гэжээ.
Ираны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлтэй холбоотой Nournews агентлаг: Хэрэв АНУ Ираны эрчим хүчний байгууламжуудыг цохивол, Иран Саудын Араб, АНЭУ-ын газрын тосны ордууд, Катар болон Израилийн хийн байгууламжуудыг онилно гэж мэдээлжээ.
Тус агентлаг:
"Бүгд үнсэн товрог болно" хэмээн онцолсон байна.
Баасан гарагт Кэмп Дэвидэд болсон Засгийн газрын хуралдааны үеэр Дональд Трамп: Хүргэн Жаред Кушнер, тусгай элч Стив Уиткофф, Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нар Ирантай тохиролцоонд хүрч чадна гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
Гэсэн ч тэрээр:
Иранчууд амлалтаа хэтэрхий олон удаа зөрчдөг. гэж хэлээд, "Би тэднийг амлалтаа зөрчөөд байвал цохилт өгнө" хэмээн мөн анхааруулсан байна.
АНУ, Израиль улсууд хоёрдугаар сарын 28-нд Иранд цохилт өгснөөс хойш газрын тосны үнэ өндөр хэвээр байна. Brent төрлийн газрын тосны үнэ долдугаар сард 24%-иар өссөн.
Ройтерс агентлагийн судалгаанд оролцсон шинжээчид энэ онд үнэ цаашид өснө гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
АНУ, Иран улсуудын дайнаас болж дэлхийн эрчим хүчний хамгийн чухал тээврийн гарц болох Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх усан тээвэр эрс багасч, дэлхийн эдийн засагт хүчтэй дарамт үүсгээд байгааг бид олон удаа мэдээлж байсан.
Нөхцөл байдлыг улам хүндрүүлж, Ираны холбоотон Йемений Хути бүлэглэл:
Суэцийн сувгийн өмнөд гарц болох Баб эль-Мандебийн хоолойд халдлага үйлдэхээр сүрдүүлж эхэлсэн нь Саудын Арабын газрын тосны экспортод шинэ эрсдэл үүсгээд байна.
Мөн Их Британийн Maritime Trade Operations (UKMTO) байгууллага: Оманы эргийн ойролцоо хоёр далайн ослын мэдээлэл хүлээн авсан байна.
Үүнд:
Нэг нефть тээвэрлэгч танкер үл мэдэгдэх суманд оногдож хөдөлгүүрийн хэсэг нь гэмтсэн, нөгөө танкерын ахмад усан онгоцны ойролцоо хүчтэй дэлбэрэлт болсон ч хөлөг онгоц гэмтээгүй гэж мэдээлжээ.








