Лхагва гарагт ОХУ-ын Хар тэнгисийн эрэгт орших Новороссийск хот Украины дроны халдлагад өртсөнөөр нэг хүүхэд амиа алдсан гэж тус хотын захирагч Андрей Кравченко мэдээлэв.
Захирагчийн мэдээлснээр, халдлагын улмаас дөрвөн аж ахуйн нэгжийн байр, 20 гаруй орон сууцны барилга эвдэрч, найман хүн шархадсанаас нэг хүүхэд амиа алджээ.

Мөн Краснодарын хязгаарын захирагч Вениамин Кондратьев тус бүс нутагт болсон дроны халдлагын улмаас өөр нэг хүн амиа алдаж, хэд хэдэн хүн шархадсан гэж мэдэгдсэн байна.
Новороссийск нь ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх стратегийн ач холбогдол бүхий томоохон боомт хот юм. Тус боомтоор нефть, үр тариа зэрэг бүтээгдэхүүнийг экспортолдог бөгөөд ОХУ-ын экспортын чухал зангилааны нэгд тооцогддог.
Халдлагын дараа Новороссийск хотод гал гарч, өтгөн утаа суунаглаж буйг харуулсан баталгаажаагүй зураг, дүрс бичлэгүүд Telegram сувгуудаар тархжээ.
Үүний зэрэгцээ ОХУ-ын эзлэн түрэмгийлсэн Украины нутаг дэвсгэрт орших Крымын Севастополь хотын захирагч Михаил Развожаев хот руу нь нисэж ирсэн 30 гаруй дроныг устгасан гэж мэдэгдэв. Хэд хэдэн орон сууцны барилга эвдэрсэн ч хүний амь нас эрсдээгүй байна.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
УКРАИНЫ ХОТУУД Ч МӨН ОРОСЫН ЦОХИЛТОД ӨРТЖЭЭ
Үүний зэрэгцээ Украины зүүн өмнөд хэсэгт орших Запорожье хотод ОХУ-ын цохилтын улмаас худалдааны төвд гал гарсан талаар тус мужийн захирагч Иван Федоров мэдээлсэн. Цохилтын улмаас ойролцоогоор 1'200 өрхийн цахилгаан хангамж тасарсан байна.
Мөн Украины хамгийн том боомт хот болох Одесс ОХУ-ын цохилтод өртөж, дэд бүтцийн байгууламжууд гэмтсэн талаар хотын цэргийн захиргааны дарга Сергей Лысак мэдээлжээ. Тэрээр хохирлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
ХАЛДЛАГУУД ЭРЧИМЖСЭЭР БАЙНА
Ройтерс агентлагийн мэдээлснээр, сүүлийн үед ОХУ Украины хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн хадгалдаг агуулахууд болон бусад дэд бүтцийг онилон цохилт өгөх нь нэмэгджээ.
Москва үүнийг Украины тал ОХУ-ын эрчим хүч, боомт болон ложистикийн дэд бүтцэд дроноор халдлага үйлдэж буйн хариу арга хэмжээ хэмээн тайлбарлаж байгаа юм.
Харин Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський мягмар гарагт мэдэгдэхдээ, дайныг дуусгах төлөвлөгөөнийхөө Украины саналыг АНУ-ын хэлэлцээний багт шилжүүлсэн гэжээ.
ОХУ Украины эсрэг бүрэн хэмжээний цэргийн довтолгоог 2022 оны хоёрдугаар сард эхлүүлсэн бөгөөд дайн өнөөдрийг хүртэл үргэлжилж байна.









