



















АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Грийнландыг худалдаж авч АНУ-д нэгтгэх санал гаргах тухай дэлхийн хэвлэлүүд хөндөж эхлэв. Дэлхийн хамгийн том арал болох Грийнландыг АНУ-д нэгтгэх геополитикийн өндөр ач холбогдолтой гэж Дональд Трамп үзэж буй.
Дональд Трамп анх Дани улсын Засаг захиргааны тусгай бүс Грийнландыг худалдаж авах саналаа 2019 онд тавьж байлаа. Тухайн үед Данийн засгийн газар болоод болон Грийнландын удирдлагууд газар нутгаа зарахгүй хэмээн эрс эсэргүүцэж байв.
Харин энэ удаагийн саналд Данийн засгийн газар ямар байр суурь илэрхийлэх нь одоогоор тодорхойгүй байна.
Стратегийн чухал байршил, байгалийн арвин нөөцтэй энэ арал их гүрнүүдийн хараанд байж, сонирхлыг нь татсаар байна. Тухайлбал АНУ-аас гадна ОХУ, Хятад зэрэг томоохон гүрнүүдийн ашиг сонирхол Грийнландыг онилж буй. Хятад улс ч Грийнландыг худалдан авах санал тавьж байсан юм. АНУ-ын хувьд 1951 онд тус аралд цэргийн баазаа байгуулж 10 мянга гаруй цэргээ байршуулж байв.
АНУ саналд 1.1 их наяд ам.доллар яригдах бөгөөд жил бүр олгох татаасын хэмжээ асар өндөр дүнтэй байхаар байна. Хүйтэн дайны дараа буюу 1946 онд АНУ-ын Ерөнхийлөгч Харри Трумэн Грийнландыг 100 сая ам.доллартай тэнцэх алтаар худалдаж авах санал тавьсан ч Дани улс татгалзаж байв. Харин Дани улсын засгийн газар Дональд Трампын хоёр дахь удаагийн санал, АНУ-ын гуравдахь удаагийн саналаас татгалзана гэж үзэж байна.
Грийнланд нь 2.1 сая км2 газар нутагтай, 57 мян.хүн амтай, цэвэр ус, мөс, байгалийн баялгийн асар их нөөцтэй арал билээ. 1979 онд Дани улс Грийнландад өөртөө засах эрх олгосон бөгөөд 2008 онд онд тус арлын иргэд Данийн вант улсаас тусгаар тогтнохын төлөө санал өгсөн аж. 2009 оны 6 сарын 21-нд хууль тогтоох, бодлого тодорхойлох эрхээ Грийнланд авч, өөртөө засан тохинох эрх нь ихээхэн өргөжсөн. Ингэснээр Данийн төв засгийн газраас зөвхөн гадаад харилцаа, аюулгүй байдал, санхүүгийн бодлогын талаар л хамааралтай болжээ. Ойрын ирээдүйд бүрэн тусгаар тогтнохыг эрмэлзэж байгаа. Грийнланд нь тивүүдийг эс тооцвол дэлхийн хамгийн том арал болно.









