




















Домогт хөрөнгө оруулагч Уоррен Баффет гүйцэтгэх захирлын албан тушаалаа хүлээлгэн өгөх сүүлийн өдөр "Berkshire Hathaway" компанийн хувьцааны ханш бага зэрэг буурч хаагдсан байна. Тэрээр удирдлагын жолоог Пүрэв гарагт Грег Абелд шилжүүллээ.

Berkshire Hathaway-ийн A ангиллын хувьцаа Лхагва гарагт 600 ам.доллараар буюу 0.1%-иар буурч, нэгж нь 754,800 ам.доллар болсон бол, B ангиллын хувьцаа 1.06 ам.доллараар буюу 0.2%-иар буурч, 502.65 ам.доллар-т хүрэв.
S&P 500 индекс зэрэгцэн 0.7%-иар унажээ.
Уоррен Баффет 1965 онд компанийн удирдлагыг авснаас хойш Berkshire-ийн хувьцааг эзэмшсэн хөрөнгө оруулагчид ойролцоогоор 6'100'000%-ийн өгөөж хүртсэн нь, ногдол ашгийг оруулан тооцсон S&P 500 индексийн 46'000%-ийн өгөөжөөс хавьгүй өндөр үзүүлэлт юм.
Хэдийгээр 2025 онд болон сүүлийн 10 жилд S&P 500 индекс илүү гүйцэтгэл үзүүлсэн ч, Berkshire нэг ч жил алдагдал хүлээгээгүй. Гэсэн ч Уоррен Баффет 1.08 их наяд ам.долларын үнэлгээтэй конгломератад тохирох худалдан авалт олоход бэрхшээлтэй тулгарч байв.
Berkshire-ийн охин компаниудад:
Geico даатгалын компани
BNSF төмөр зам
Үйлдвэрлэл, эрчим хүчний салбарын олон арван бизнес
Brooks, Dairy Queen, Fruit of the Loom, See’s Candies зэрэг жижиглэн худалдааны брэндүүд багтдаг.
Тус компани 2025 оны 9 дүгээр сарын эцсийн байдлаар 381.7 тэрбум ам.долларын бэлэн мөнгө болон түүнтэй тэнцэх хөрөнгөтэй байжээ.
Удирдлагын шилжилт
Грег Абел (63 настай) нь 2000 онд Berkshire MidAmerican Energy-г худалдан авах үеэр компанид нэгдсэн бөгөөд уг компани нь одоо Berkshire Hathaway Energy нэртэй болсон. Тэрээр 2018 оноос хойш даатгалаас бусад бизнесүүдийг хариуцсан дэд даргаар ажиллаж ирсэн.
95 настай Уоррен Баффет ТУЗ-ийн даргын албан тушаалдаа үлдэж, Небраска мужийн Омаха хот дахь (гэрээсээ ойролцоогоор 3.2 км зайтай) оффисдоо өдөр бүр ирж, Абелд туслахаа илэрхийлсэн байна.
Дэд дарга Ажит Жайн Berkshire-ийн даатгалын бизнесүүдийн өдөр тутмын удирдлагыг үргэлжлүүлэн хариуцах бол, Абел нь BNSF төмөр зам, үйлдвэрлэл, эрчим хүчний бизнесүүдийг хянах эрх нь хэвээр үлдэнэ.
NetJets компанийн гүйцэтгэх захирал Адам Жонсон нь Berkshire-ийн хэрэглээний бараа, үйлчилгээ, жижиглэн худалдааны бизнесүүдийг шууд хариуцахаар болжээ. Эдгээрийг өмнө нь Абел хариуцаж байсан юм.
Хөрөнгө оруулалтын багцын ирээдүй тодорхойгүй хэвээр
Berkshire-ийн хөрөнгийн багцыг хэн хариуцах талаар одоогоор мэдэгдээгүй байна. 2025 оны 9 дүгээр сарын 30-ны байдлаар тус багцын хэмжээ 283.2 тэрбум ам.доллар байсан бөгөөд үүнд Apple, American Express зэрэг томоохон хувьцаанууд багтдаг.
Удаан хугацаанд Тодд Комбс, Тэд Уэслер нар уг багцыг өвлөн авах магадлалтай гэж үзэж байсан ч, Комбс энэ сард JPMorgan Chase-д ажиллахаар явсан. Харин Баффет 2024 оны 5-р сард Абел уг ажлыг ч мөн гүйцэтгэж чадна гэж мэдэгдэж байжээ.
Berkshire Hathaway энэ талаарх тайлбарын хүсэлтэд шууд хариу өгөөгүй байна.








