



















Монгол улсын байгалийн баялгийн нөөц, олборлолт, боловсруулалт, экспортын асуудал манай улстөр, эдийн засаг, нийгмийн амьдралын халуун сэдэв болдог. Болсоор ч байна. Ирээдүйд ч болох биз ээ...
2025 оны 1 дүгээр сарын 17-нд Монгол улсын түүхэнд бичигдэх онцгой үйл явдал болсон нь Монгол улсын уул уурхайн бүтээгдэхүүнийг солонгоруулах боллоо. Энэ бол Францын Орано Майнинг компанийн хөрөнгө оруулалтаар Улаанбадрахад уран олборлох гэрээ үзэглэгдсэн явдал байв. Хэрүүл тэмцэлтэй ч Монголчууд минь уул уурхайн салбараа нэг шат ахиулаад авлаа хөөрхий.
Харин Орано Майнингтэй хийсэн уран олборлолтын гэрээний дараа “газар эхийн хэвлийд хор шахах” нь гэсэн бүдүүн баараг ухуулгатай “ориг, хулхи” аль нь болох нь үл мэдэгдэх эх орончдын шантажны тэмцэл үргэлжилж байна.
Газрын доор уусган олборлох арга гэж юу болох дээр мэргэжилтнүүд эрүүгээ чилтэл тайлбарласан ч тэмцэгчид дотор ойлгох хүсэлтэй хүнгүйн дээр, хүний хэлснийг ухан ойлгох, уншин дэлгэрүүлж чадамжтай нь нэгээхэн ч үгүй бололтой юм.
ӨГҮҮЛЭХ НЬ:
Уул уурхайгаас аливаа бүтээгдэхүүн олборлох уламжлалт хоёр арга бий. Энэ бол “ил” болон “далд” уурхайгаар олборлох арга. Хүн төрөлхтөн ашигт малтмалыг олборлож түүгээр эд эдлэл, гоёл чимэг урлаж асан хэдэн зууны туршид дээрх хоёр аргыг мэддэг болсон бол манайхан “Оюу толгойн бүтээн байгуулалт эхлэх үед л нийтийн ойлголтод ил болон далд уурхай гэх үгтэй болсон. Үнэн юм чинь. Үүнээс өмнө олборлолтын тал дээр нийтээрээ таг л байсан.
Тэгвэл газрын доор уусган олборлох арга нь ил болон далд бүтээн байгуулалт хийх боломжгүй элсэн чулуун дахь ураныг олборлодог арга юм. Энэ бол ураныг ашиглаж байгаа хүн төрөлхтний ололт дундаас хамгийн өргөн ашигладаг арга. Өнөөдөр дэлхий даяар олборлож буй ураны 48 хувийг газрын доогуур уусган олборлодог гэсэн үг. Ганц ураныг л тэгж олборлодог гэж бодож байна уу?
Тэгвэл үгүй. Зэс болон бусад металыг ч ингэж олборлодог.
БАЙЖИЙ...ЯАЖ?
Одоо нүдэндээ төсөөл...Бага хэмжээний гүний үйлдвэрлэлийн усыг соруулж авна. Ингээд энэ усандаа 2 хувийн концентрацтай хүхрийн хүчил нэмнэ. Хүчилжүүлсэн усны рН буюу хатуулаг нь 1,5 байдаг. Ингээд хүчилжүүлсэн усыг ураны хүдэржилт байрлах уст үе рүү шахах цооногоор шахна. Энэхүү уусмал хүдрийн биетээр нэвтрэхдээ өөртөө ураныг уусгана. Цаашлаад соруулах цооногт хүрч газрын гадаргa руу сорогдон гарч ирснээр боловсруулах хэсэгт очно.
Үүний дараа ураныг шингэнээс нь салган, худалдаалах боломжтой ураны концентрат буюу ураны хүдрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.
БАЙЖИЙ...
Газар доор уусган олборлох аргыг ашигласнаар уран агуулагч хүдрийг газрын гадаргад гаргаж ирэлгүй металыг нь олборлодог. Энэ арга бол бидний мэддэг ил болон гүний уурхайн аргуудтай харьцуулахад эдийн засгийн үр ашиг, техник технологи мөн байгаль орчны хувьд олон давуу талтай.
Юутай ч газрын хөрс хуу татаж, талыг там болголоо гэх хэрүүл тэмцэл гарахгүй гэсэн үг.
ЮУ ГЭВЭЭС...
Хөрөнгийн зардал бага (уурхайн хүнд машин, тоног төхөөрөмж шаардлагагүй, хүдэр бутлахгүй, боловсруулах үйлдвэр нь илүү энгийн)
Үйл ажиллагааны зардал бага (тэсэлгээ, хөрс хуулалт хийхгүй)
Үйлдвэрлэлийн хүчин чадлын уян хатан байдал
Хаягдал буюу хүдрийн биетийг зөөвөрлөхгүй
Ил нүх, хаягдлын овоолго үүсэхгүй
Олборлолт хийхэд ус шавхах шаардлагагүй
Байгалийн төрхийг хамгийн бага хөндөнө. Мэдээж цацрагийн хэмжилтийг харин олон улсын цөмийн энергийн газар гэрээнд тусгагдсан нөхцлөөр байнга шахуу л хэмжилт хийх юм байна.
“ХОРТОЙ”, “ХОРГҮЙ” ГЭЖ ХЭРЭЛДЭХЭЭСЭЭ ӨМНӨ НЭГ ЗҮЙЛИЙГ ОЙЛГОЁ...
Сул тал нь газрын доор уусган олборлох арга ашиглаж явцад гүний ус бохирдох явдал. Энэ бол байгаль орчны хувьд зүй ёсны анхаарууштай асуудал мөнөөс мөн. Тэгвэл газар доор уусган олборлох аргаар олборлолт хийхийн өмнө бүс нутгийн гүний усны тогтоцыг нарийвчлан судалсан байх ёстой. Ингэж байж, гүний усыг хордуулахаас сэргийлж чадна.
Үүнд:
Газар доор уусган баяжуулах аргаар олборлолт явуулах үед тухайн олборлолтын бүс дэх усны бусад давхаргад нөлөөлөл үзүүлж болохгүй.
Олборлолтын хугацаанд гүний усны урсгал, чанарыг хянах зорилгоор, олборлолтын бүсийн дотор, гадна хяналтын цооногуудыг байрлуулна.
Нөхөн сэргээлт хийсний дараа буюу өөрөөр хэлбэл уурхай хаагдсаны дараах гүний усны чанар нь олборлолт эхлэхийн өмнөх үеийнхтэй адил түвшинд байвал зохих юм. Яг үүнийг л хянаж, нарийн хэмжиж чадвал ураны төсөл аюулгүй ээ...
БАЙЖИЙ... ДЭЛХИЙД ДЭЭР ЯМАР АРГУУД БАЙНА?
Дээр хэлсэн дээ... Ураныг газрын дор уусган баяжуулахаас гадна ил болон далд уурхайгаар олборлодог. Ердөө л газарзүйн онцлог, газрын хөрс ямар байхаас л шалтгаална. Ил уурхайн олборлолт нь ураны хүдэр газрын гадаргад ойрхон байгаа тохиолдолд ашиглана. Ураны хүдрийг ил гаргахын тулд их хэмжээний хөрс шороог хуулна гэсэн үг. Дараа нь ураны хүдрийг олборлож, цаашдын боловсруулалтад оруулдаг. Далд уурхайн олборлолт бол ураны хүдэр бүр гүнд байгаа тохиолдолд ашигладаг. Далд уурхай нь ураны хүдэрт хүрэх тусгай хонгил барих шаардлага гардаг бөгөөд энэ нь ил уурхайтай харьцуулахад бүр их зардал гарна. 2000 оноос Канадын шинэ уурхайнууд олборлолт хийж эхэлсэнээр газар дор уусган олборлох аргын эзлэх хувь эрчимтэй өсөж байна. Одоо бол АНУ, Казахстан, Австрали, Канад, Узбекстан, ӨАБНУ, ОХУ, Бразил, Намиб, Нигер, Украйн, Иордан, Энэтхэг, Хятад, зэрэг ураны нөөцөөр тэргүүлэгчид тухайн олборлолт хийгдэх бүс нутгийн геологийн онцлогоос л шалтгаалан газрын дор уусган олборлох аргыг түлхүү ашиглаж байна.
БАЙЖИЙ... ЗӨӨВЧ ОВОО УРАНЫ ОРДЫГ ИЛ ДАЛД УУРХАЙГААР ӨӨРӨӨР ОЛБОРЛОХ БОЛОХГҮЙ ЮУ?
Зөөвч-Овоо ураны орд нь хөрсний усны түвшингээс доор 150-200 метрийн гүнд, нэвчимтгий, сэвсгэр буюу нягтрал багатай элсэнд оршдог. Энэхүү нөхцөлд уламжлалт ил болон гүнийн уурхайгаар олборлоход тохиромжгүй ээ.
Ер нь ил, далд уурхай гэхээсээ элсэн чулуун давхарга бүхий геологийн нөхцөл тохирсон үед л ийм амар хялбар байгальд хоргүй аргаар олборлож байгаа нь тэр юм аа. Тэр нөхцөл нь тохироогүй бол газрын хөрс хуулж, хонгил ухаж, эх орончдыг бүр ихээр уурлуулах байсан байх даа хэнээ минь...










