



















Мягмар гарагт "Ройтерс" агентлагийн эрэн сурвалжлах нийтлэлд дурдсанаар, БНХАУ-ын автомашины үйлдвэрлэл нь орон нутгийн засаг захиргааны дэмжлэгтэйгээр "Саарал зах зээл"-ийн (Хууль бус бараа үйлчилгээ, борлуулалт хийдэг зах зээл) тусламжтайгаар борлуулалтын тоо хэмжээгээ хиймлээр өсгөж байна гэжээ. Энэ систем нь шинэ автомашинуудыг "Хуучин" хэмээн бүртгэн гадаадад экспортлох аргаар хэрэгждэг ажээ.
Эдгээр "тэг км"-тэй буюу огт унаж байгаагүй шинэ автомашинуудыг ОХУ, Төв Ази, Ойрх Дорнод зэрэг бүс нутаг руу "Хуучин машин" хэлбэрээр экспортолж байгаа нь БНХАУ-ын автомашин үйлдвэрлэгчдэд борлуулалтаа өсгөж, дотоодод борлуулахад хэцүү илүүдэл нөөцөө хялбархан гадагшлуулах боломж олгож байна.

Энэхүү үйл ажиллагаа тавдугаар сард Хятадын "Great Wall Motor" компанийн захирал "тэг км"-тэй "хууучин" машинуудыг дотоодод худалдаалж байгааг шүүмжилснээр олон нийтийн анхааралд өртжээ. Харин зургадугаар сарын 10-нд Хятадын "Өдөр тутмын ардын сонин" ийм төрлийн борлуулалтыг буруушаан, зах зээлийн дэг журмыг сэргээхийн тулд “Хатуу зохицуулалт хэрэгжүүлэх” шаардлагатайг онцолсон нийтлэл бичсэн.
Хэдий дотоодод ийм төрлийн борлуулалтыг шүүмжилж байгаа ч Хятадын бүс нутгийн засаг захиргаанууд эдгээр тэг км-ийн автомашиныг экспортлохыг идэвхтэй дэмжиж байна. "Ройтерс" агентлагийн мэдээлснээр Гуандун, Сычуань зэрэг томоохон экспортын төвүүдийг багтаасан орон нутгийн 20 орчим засаг захиргаа энэ практикийг дэмжиж байгаагаа олон нийтэд зарласан байна.
Энэ үйл явц нь экспортлогч компаниуд автомашиныг угсарснаас хойш үйлдвэрлэгч эсвэл дилерээс шууд худалдан авч, Хятадын улсын дугаар авч бүртгүүлсний дараа шууд “Хуучин” гэх статустайгаар экспортлох замаар явагддаг. Ингэснээр автомашин үйлдвэрлэгч компаниуд тухайн машиныг “зарсан” гэж бүртгэн борлццлөлтын тоонд бүртгүүлдэг байна.
Ингэж хийгдсэн борлуулалт нь Бээжингийн тогтоосон эдийн засгийн өсөлтийн зорилтыг хангахад орон нутгийн засаг захиргаанд тустай байдаг. Учир нь экспортын компани нэг машиныг худалдан авч, дахин борлуулдаг учир нийт гүйлгээний тоо хоёр дахин нэмэгдэж, шинэ болон хуучин машины ердийн худалдаатай харьцуулахад ДНБ-ний статистикийг хиймлээр өсгөдөг аж.
Энэ арга нь дэлхийн хамгийн том автомашины зах зээл болох БНХАУ-ын автомашины үйлдвэрлэл нь эрэлтээс давсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгааг, энэ нь дотоодын үнэ өрсөлдөөнийг хэт өсгөж, олон улсад “дампинг” (тухайн компани гадаад зах зээлд дотоодын зах зээлээс хамаагүй хямдхан үнээр зарж, өрсөлдөгчөө шахан гаргах арга) буюу хямдралтай борлуулалт хийхэд хүргэж байгааг харуулж байна.
Шинэ машиныг хуучин гэж бүртгүүлэн зарах нь тухайн машиныг импортолж буй улстай ч холбоотой. Зарим улсад хуучин машин шинэ машинаас хамаагүй бага татвар төлдөг6









