БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ долоо хоногт АНУ-д айлчлахдаа Хятадын бизнесменүүдээс бүрдсэн төлөөлөгчдийг дагуулахгүй гэж уг асуудлыг мэдэх хоёр эх сурвалж Ройтерс агентлагт мэдээлсэн байна.

Пүрэв гарагт буюу өнөөдөр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд Ши Жиньпин даргыг хүндэтгэн төрийн хүлээн авалт зохион байгуулах юм.
Ройтерс өнгөрсөн долоо хоногт мэдээлэхдээ, Бээжин Ши Жиньпин даргын АНУ-д хийх айлчлалын үеэр дагалдуулах бизнесийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг эцэслэн тохиролцож байсан бөгөөд уг төлөөлөгчдийн дунд АНУ-ын зохицуулагч байгууллагуудын шалгалт, хяналтад байгаа зарим компаниудын удирдлагууд багтаж болзошгүй гэж мэдээлж байв.
Гэвч төлөвлөж байсан бизнесийн төлөөлөгчид яагаад айлчлалд оролцохгүй болсон нь одоогоор тодорхойгүй байна.
Эх сурвалжуудын нэг нь Цагаан ордон өөр асуудлуудыг тэргүүлэх чиглэл болгосон гэж мэдээлсэн бол нөгөө эх сурвалжийн хэлснээр АНУ-ын албаныхан Хятадын армитай холбоотой гэж үзэж буй компаниудыг төлөөлүүлэхийг хүсээгүй аж.
Эдгээр хоёр эх сурвалж уг төлөвлөгөө олон нийтэд ил болоогүй байгаа тул нэрээ нууцлахыг хүссэн.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Лхагва гарагт болсон ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгчөөс Ши Жиньпин даргыг АНУ-д айлчлахад Хятадын бизнесийн төлөөлөл дагалдах эсэх талаар асуухад:
“Надад энэ талаар холбогдох мэдээлэл алга” гэж хариулжээ.
Цагаан ордон Ройтерс агентлагийн тайлбар хүссэн хүсэлтэд одоогоор хариу өгөөгүй байна.
Харин АНУ-ын бизнесийн төлөөлөл төрийн хүлээн авалтад оролцохоор болжээ. Ерөнхийлөгч Трамп өнөөдөр Цагаан ордонд Ши Жиньпин даргыг хүндэтгэн төрийн оройн зоог барина. Уг арга хэмжээнд АНУ-ын томоохон компаниудын захирлууд оролцох нь тодорхой болжээ.
Оролцох нь тодорхой болсон бизнесийн төлөөлөгчдийн дунд:
Amazon компанийн Жефф Безос,
Alphabet компанийн Сундар Пичай,
OpenAI компанийн Сэм Алтман,
Apple компанийн Тим Кук,
Tesla компанийн Илон Маск,
Nvidia компанийн Женсен Хуан,
Pfizer компанийн гүйцэтгэх захирал Альберт Бурла,
Meta Platforms компанийн Марк Цукерберг
нар багтаж байна.
Ийнхүү БНХАУ-ын дарга Ши Жиньпиний Вашингтонд хийх айлчлалын үеэр Хятадын бизнесийн төлөөлөгчид оролцохгүй болсон нь АНУ, БНХАУ-ын худалдаа, технологи болон үндэсний аюулгүй байдлын асуудлаарх харилцаа эмзэг хэвээр байгааг харуулж байгаа юм.










