



















БНХАУ-ын технологийн хувьцаанууд хиймэл оюун ухааны (AI) хөгжлийн өөдрөг үзлээс үүдэн хүчтэй өсөлт үзүүлж байна. Ялангуяа “DeepSeek” өөрийн “R1” загвараа танилцуулсны дараа хөрөнгө оруулагчид АНУ-ын экспортын хязгаарлалтууд байгаа ч БНХАУ-ыг “AI” салбарт өрсөлдөх чадвараа хадгалж чадна гэж үзэж байна.
Тус улсын хөрөнгийн зах зээл “AI”-аас өдөөгдөн өсөлттэй байгаа хэдий ч бусад салбарууд сорилттой тулгарч байгаа бөгөөд дефляци гол асуудал хэвээр байгаа юм. Хөрөнгө оруулалтын “Morgan Stanley” банкны шинжээчид “Энэ зөрүү ойрын хугацаанд үргэлжлэнэ гэсэн таамагийг гаргаж, технологийн салбар сайн үзүүлэлттэй байх бол эдийн засгийн мэдрэмжтэй салбарууд сул хэвээр байх магадлалтай” гэж үзжээ.
Цаашдаа зах зээлийн чиг хандлага нь геополитик, Бээжингийн АНУ-тай харилцах харилцаа, дотоодын эдийн засгийг дэмжих арга хэмжээ, мөн “AI”-ийн хэрэглээ, бүтээмжийн хурдаас ихээхэн шалтгаалах төлөвтэй байгаа аж.
Хятадын хиймэл оюун ухааны (AI) хөгжлийн ахиц нь технологийн салбарт тодорхой хэмжээний сэргэлт авчрах нь гарцаагүй. Гэхдээ энэ нь эдийн засгийн нийт өсөлтийг хангах эсэх нь эргэлзээтэй юм.
БНХАУ-ийн хувьд “AI”-ийн хөгжил нь технологийн компаниудын өрсөлдөх чадварыг сайжруулж, гадаад болон дотоодын хөрөнгө оруулалтыг татах боломжтой. АНУ-ыг эс тооцвол БНХАУ-ыг “AI” салбарт гүйцэх улс одоогоор байхгүй байна.









