БНХАУ-ын томоохон нарны хавтан үйлдвэрлэгчид ашиг өндөртэйгөөр нь батарей (зай хураагуур) үйлдвэрлэлрүү эрчимтэй шилжиж эхэллээ. Учир нь фотоцахилгаан (PV) хавтангийн борлуулалтын өсөлт саарч, орлогын шинэ эх үүсвэр хайх шаардлага тулгарсан аж.
Тэд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ нэмэгдэхийн хэрээр эрчим хүч хадгалах эрэлт өснө гэж үзэж байгаа бөгөөд энэ нь чулуужсан түлшнээс (нүүрс) хараат байдлыг бууруулахад чухал үүрэгтэй гэж үзэж байна.

Нарны хавтан үйлдвэрлэгч компаниуд дотоодын худалдан авалтын хэмжээ буурах, экспортын өсөлт саарах, мөн үнэ түүхэн доод түвшинд хүрсэн зэрэг хүндрэлтэй тулгарч байгаа юм. Салбарын удирдлагуудын үзэж байгаагаар 2026 онд дэлхийн нарны эрчим хүчний хавтангийн эрэлт ч буурах төлөвтэй байна.
Ийм нөхцөл байдал нь Хятадын томоохон нарнаы хавтан үйлдвэрлэгчид болох:
-JinkoSolar
-JA Solar
-LONGi Green Energy
-Trina Solar
зэрэг компаниудыг эрчим хүч хадгалах батарейн бизнес рүү илүү хурдтай өргөжин тэлэхэд хүргэжээ.
JinkoSolar компани батарей үйлдвэрлэлийн хүчин чадлаа бараг гурав дахин нэмэгдүүлэх аж. Тус компани энэ оны эцэс гэхэд батарей үйлдвэрлэх хүчин чадлаа одоогийн 5 гигаватт-цагаас (GWh) 13–14 гигаватт цаг болгон нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.
Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн хамгийн том сул тал бол тасалдалтай үйлдвэрлэл байдаг.
JinkoSolar компанийн эрчим хүч хадгалах системийн техникийн бүсийн захирал Титус Коеч Ройтерс агентлагт:
Манай компанийн удирдлагууд маш их хөрөнгө оруулалт хийж байгаа нь энэ салбарт ирээдүй харж байгааг илтгэнэ.
гэжээ.
Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ өндөр болсон дараах орнууд 2025 онд Хятадын батарейн хамгийн том импортлогчдын тоонд багтсан байна.
Япон
Вьетнам
Энэтхэг
Герман
Голланд
АНУ
Австрали
Эдгээр улс орон дахь сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ өндөр болсон тул цахилгаан эрчим хүчийг хадгалах системийн эрэлт нь огцом өсч байна.
JA Solar компанийн эрчим хүч хадгалах нэгжийн маркетингийн захирал Глория Гао хэлэхдээ:

🏆Энэ удаагийн наадамд уул уурхайн салбарын 42 байгууллагын 1,800 гаруй уурхайчин оролцсон байна.
Зөвхөн нарны эрчим хүчний бизнес эрхэлж байгаа бол өсөлт бий болгоход хэцүү болсон. Ашгийн хэмжээ маш бага болсон. Тиймээс бид эрчим хүч хадгалах салбарт орсон. Ирээдүй энэ чиглэлд байна гэж харж байгаа.
гэжээ.
Өмнө нь олон улсад экспортолдог нарны хавтангууд дотоодын борлуулалтаас илүү ашигтай байсан. Гэвч 2025 онд дэлхийн нарны хавтангийн экспорт ердөө 4.7%-иар өссөн нь 2018 оноос хойших хамгийн сул өсөлт болжээ.
Шинжээчдийн үзэж байгаагаар 2026 оны үлдсэн хугацаанд өсөлт улам саарах төлөвтэй байна.
Судалгааны байгууллага Rystad Energy-ийн тооцоолсноор эрчим хүч хадгалах зориулалттай батарейн экспорт 2026 онд 30%-иар өсч, 150 GWh-д гигаватт цаг хүрэх төлөвтэй байна.
Өөрөөр хэлбэл, нарны хавтангийн зах зээл агшиж байгаа үед батарейн зах зээл хүчтэй өсөлтийн шатандаа орж байна.
Нарны эрчим хүчний үйлдвэрлэгчид батарейн зах зээлд орж байгаа ч энэ салбар аль хэдийн:
CATL
BYD
зэрэг аварга үйлдвэрлэгчдийн ноёрхолд байдаг.
Гэсэн хэдий ч нарны хавтан үйлдвэрлэгч компаниуд нийлүүлэлтийн сүлжээний туршлага болон "Нэг цэгийн шийдэл" санал болгох чадвараараа өрсөлдөхийг зорьж байна.
Өөрөөр хэлбэл хэрэглэгчдэд:
Нарны хавтан + Инвертер + Батарей + Эрчим хүчний удирдлагын систем
гэсэн иж бүрэн багцыг нэг компаниас авах боломж олгохыг зорьж байгаа юм.
Trina Solar-ийн төлөөлөгчийн хэлснээр:
Эрчим хүч хадгалах бизнес нь фотоцахилгаан салбарын дараах хоёр дахь том өсөлтийн хөдөлгүүр болсон.
Тус компанийн 2026 оны эхний улирлын батарейн нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс дөрөв дахин өссөн бөгөөд үүний 90 орчим хувь нь экспорт байсан байна.
Салбарын зөвлөх байгууллага Wood Mackenzie-ийн нарны хавтан нийлүүлэлтийн сүлжээний судалгааны тэргүүн Яна Хрушко дараах дүгнэлтийг хийжээ.
Та нарны систем болон батарей худалдаж авахдаа тухайн компанитай дараагийн 20 жилийн харилцаа тогтоож байгаа гэсэн үг. LONGi болон JA Solar зэрэг компаниуд эрчим хүч хадгалах бизнест орсон нь учиртай. Нарны хавтангаа нэг компаниас, батарейгаа өөр компаниас авах хандлага буурч байна.
гэжээ.
Мөн тэрээр цааш нь:
Ойрын хоёр жилд бид нарны эрчим хүчний талаар ярих бол батарейг дурдахгүйгээр ярихаа болино.
гэж хэлсэн байна.









