



















Хятадын төв банк юанийн хилийн чанад дахь хэрэглээг нэмэгдүүлэхээ амлаж, валютын тогтвортой байдлыг хангахаар ажиллаж байна. АНУ-ын ам.доллар хүчтэй хэвээр байгаа энэ үед Хятадын Ардын Банк (PBOC) юанийн хилийн чанад дахь хэрэглээг нэмэгдүүлэх, оффшор юанийн (БНХАУ-аас гадна хилийн чанадад арилжагдаж буй юань. Оффшор юанийг Хонг-Конг, Лондон, Сингапурт өргөн ашигладаг) зах зээлийг хөгжүүлэхээ амлаж, валютын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлогоо улам идэвхжүүлж байгаа юм.
2025 оны макро зохицуулалтын бага хурлын дараа тус банк “Юанийн хил дамнасан төлбөр, үнэлгээ, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн үүргийг бэхжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх ажлыг урагшлуулах” тухай мэдэгдэл гаргасан юм.
Мөн “Оффшор юанийн зах зээлийг хөгжүүлэх, валютын свопын гэрээнүүд болон юаниар тооцоо хийх банкуудын үүргийг идэвхжүүлэх, Шанхайг олон улсын санхүүгийн төв болгон хөгжүүлэх ажлыг хурдасгах, Хонгконгийн дэлхийн санхүүгийн төвийн байр суурийг бататгах” амлалтыг тус банк гаргажээ.
Энэхүү мэдэгдэл нь АНУ-ын Холбооны Нөөцийн банк (Federal Reserve) хүүгийн түвшнийг өөрчлөхөөс зайлсхийж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БРИКС-ийн орнуудаас импортолж буй бараа бүтээгдэхүүнд тариф тогтоох заналхийлэл гаргаж байгаа үед гарсан байна.
“АНЗ” банкны Хятадын бүс нутгийн ахлах эдийн засагч Рэймонд Ёнг “Хятадын төв банк сүүлийн арван жилд юанийн ханш унах үед өөрийн өдөр тутмын ханшаа (fixing rate) өндөр түвшинд хадгалж ирсэн нь АНУ-ын ам.доллар сулрах хүртэл цаг хожих бодлого юм” гэж хэлжээ.
Тэрбээр “Төв банк өдөр тутмын ханшийн тооцоололд эсрэг мөчлөгийн хүчин зүйлийг (countercyclical factor) хүчтэй ашиглах үед юанийн ханшийн уналтыг зогсоох дохио өгдөг” гэж тодорхойлов.
Пүрэв гарагт “Хятадын Ардын Банк” юанийн албан ёсны ханшийг нэг ам.доллартай харьцахыг 7.1712 юаниар тогтоосон бөгөөд энэ нь өмнөх өдрийн 7.1705 юаниас бага зэрэг суларсан үзүүлэлт юм. "Haitong Securities”-ийн шинжээчид Хятадын төв банкны хяналтад байдаг “China Money” сэтгүүлд нийтэлсэн өгүүлэлдээ, Хятадын ардын Банк юанийн ханшийг тогтворжуулахын тулд оффшор төв банкны үнэт цаас (central bank bills) гаргах, мөн юанийн хөрвөх чадварыг удирдах замаар зах зээлийг тогтворжуулж болдог гэж онцолжээ.
Тус банк өнгөрсөн Баасан гарагт Хонгконгт 60 тэрбум юанийн (8.24 тэрбум ам.доллар) төв банкны үнэт цаас арилжаалсан бөгөөд өмнөх сард мөн ийм арилжаа хийсэн байна. Шинжээчид мөн юань-долларын свопын оноо (swap points) буюу форвард болон спот ханшийн зөрүүг ашиглан валютын ханшийн хүлээлтийг удирдах боломжтойг дурдсан байна. Түүхэн туршид Хятадын Ардын банк нь юанийн ханшийг тогтворжуулахын тулд хил дамнасан хөрөнгийн урсгалыг хянах, зах зээлийн хүлээлтийг удирдах зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байжээ.
Пүрэв гарагийн үдээс хойш оффшор юанийн ханш өмнөх өдрөөс өсөж, 1 ам.доллартай харьцахдаа 7.269 юаниар арилжаалагдаж байв. Харин өнгөрсөн жилийн сүүлийн арилжааны өдөр буюу 2024 оны арванхоёдугаар сарын 31-нд юанийн ханш 7.3698 хүрсэн нь 2022 оны аравдугаар сараас хойших хамгийн сул түвшин байсан юм.
“Pinpoint Asset Management” компанийн Ерөнхийлөгч, ахлах эдийн засагч Жан Живэй “юанийн ханшийг тогтвортой байлгах Хятадын ардын Банкны чадавхид техникийн зохицуулалтуудаас гадна Хятадын гадаад худалдааны илүүдэл (current account surplus) чухал нөлөө үзүүлдэг. Учир нь энэ нь төв банкинд гадаад валютын тогтвортой урсгал бүрдүүлж, шаардлагатай үед валютын зах зээлд хөндлөнгөөс оролцох боломж олгодог” гэж тайлбарлажээ. Тэрээр “Гадаад худалдааны илүүдэл нь Хятадын экспортын салбарын өрсөлдөх чадвар болон, тодорхой хэмжээнд дотоодын дефляцийн дарамтаас хамаардаг” гэж хэлсэн байна.









