



















Үндсэн агуулга
Бээжингийн роботын наадамд 16 орны 280 баг оролцож байна
Наадам нь роботуудын практик хэрэглээнд шаардлагатай өгөгдөл цуглуулах зорилготой гэж зохион байгуулагчид хэлэв
АНУ-тай технологийн өрсөлдөөн ширүүсэж буй энэ үед БНХАУ роботын салбарт хэдэн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж байна
Баасан гарагт буюу өнөөдөр БНХАУ-ын нийслэл Бээжин хотод “Дэлхийн хүн дүрст роботын наадам” эхэллээ. Уг наадамд 16 орны 280 баг оролцож байна. Энэ нь хиймэл оюун ухаан, роботын салбар дахь Хятадын дэвшлийг харуулах зорилготой арга хэмжээ юм. Роботууд хөнгөн атлетик, ширээний теннис зэрэг спортын төрлүүдэд өрсөлдөхийн зэрэгцээ эм сортлох, материал зөөх, цэвэрлэгээ хийх зэрэг роботод зориулсан тусгай сорилтуудыг даван туулах аж.
Оролцогчид АНУ, Герман, Бразил зэрэг улсаас ирсэн бөгөөд тэдний 192 нь их, дээд сургуулиудын төлөөлөл, 88 нь Хятадын Unitree, Fourier Intelligence зэрэг хувийн компаниудаас бүрдсэн байна. Зарим багууд Хятадын Booster Robotics зэрэг үйлдвэрлэгчдийн роботыг ашиглаж уралдаанд оролцож байгаа аж.

Германы Лейпцигийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Их Сургуулийн харьяа HTWK Robots багийн гишүүн Макс Полтер:
“Бид энд тоглож, ялалт байгуулах гэж ирсэн. Гэхдээ судалгааны ажилд ч сонирхолтой. Энэ тэмцээн дээр олон шинэ, сонирхолтой туршилт хийж болно. Хэрэв бид ямар нэг зүйлийг туршаад бүтэлгүйтвэл тоглоомоо алддаг. Энэ нь харамсалтай ч бүтэлгүйтэх бүтээгдэхүүнд их хэмжээний мөнгө зарцуулснаас дээр” гэж хэлэв.
Бээжингийн наадмын тасалбарын үнэ 128–580 юань (ойролцоогоор $17.83–$80.77) байсан бөгөөд хөлбөмбөгийн тоглолтын үеэр хүн дүрст роботууд бие биетэйгээ мөргөлдөн бөөнөөрөө унаж, гүйлтийн тэмцээнд зарим нь гэнэт зам дээр унаж байсан байна.
1500 метрийн гүйлтийн уралдаанд нэг робот бүрэн хурдтай гүйж яваад гэнэт бүдэрч унахад үзэгчид гайхан дуу алдаж, зарим нь алга ташжээ.
Хэдийгээр олон робот унаж, хүний тусламжтай босож байсан ч зарим нь өөрөө боссон нь үзэгчдийг гайхашруулж байсан байна.
Зохион байгуулагчдын хэлснээр, энэ наадам нь роботуудыг үйлдвэрлэлийн ажлуудад ашиглах хөгжүүлэлтийн туршилтад чухал өгөгдөл цуглуулах боломж олгох аж. Хөлбөмбөгийн тоглолт нь роботуудын уялдаа холбоотой ажиллах чадварыг хөгжүүлдэг бөгөөд энэ нь үйлдвэрлэлийн шугам дээр олон нэгж хамтран ажиллахад хэрэг болж болзошгүй гэж шинжээчид үзжээ.
БНХАУ хүн амын хөгшрөлт, АНУ-тай өндөр технологийн өрсөлдөөн зэрэг сорилтуудын улмаас хүн дүрст робот болон роботын салбарт хэдэн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж байна. Сүүлийн саруудад тус улс “Дэлхийн анхны хүн дүрст роботын марафон”, роботын хурал, мөн хүн дүрст роботод зориулсан жижиглэнгийн дэлгүүр нээх зэрэг өндөр түвшний арга хэмжээнүүдийг зохион байгуулжээ.
Morgan Stanley-гийн шинжээчид өнгөрсөн долоо хоногт гаргасан тайландаа роботын хурлын үзэгчдийн тоо өмнөх жилүүдтэй харьцуулахад эрс өссөн нь зөвхөн төрийн өндөр албан тушаалтнууд төдийгүй нийтээрээ “биежсэн оюун ухааны” ойлголтыг хүлээн зөвшөөрч байгааг харуулж байна гэж тэмдэглэсэн байна.
($1 = 7.1805 Хятадын юань)










