
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Хойд Солонгостой яриа хэлэлцээг сэргээж, хоёр улс энх тайвнаар зэрэгцэн орших шинэ харилцааг бий болгох шаардлагатай гэж мэдэгдлээ.
Өнөөдөр тэрээр Японы колоничлолоос БНСУ чөлөөлөгдсөний ойд зориулсан илтгэлдээ Солонгосын хойгт дахин мөргөлдөөн гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд Сөүл тогтвортой, олон давхар хамгаалалтын механизм бий болгохыг зорьж байгааг онцолсон байна.
И Жэ Мён мөн 1950-1953 оны Солонгосын дайныг албан ёсоор эцэслэхийн тулд талуудын хооронд яриа хэлэлцээг эхлүүлэх шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
Солонгосын дайн энхийн гэрээгээр бус, 1953 онд байгуулсан гал зогсоох хэлэлцээрийн дагуу дайны байдалтай байгаа юм.
Тиймээс өнөөг хүртэл хоёр Солонгос эрх зүйн хувьд энхийн гэрээ байгуулаагүй, дайныг бүрэн дуусгасан эрх зүйн баримт бичиггүй хэвээр байна.
И Жэ Мён энэ байдлыг өөрчлөхийн тулд одоогийн гал зогсоох хэлэлцээрийг “Энхийн гэрээ”-гээр солих шаардлагатай гэж мэдэгдсэн.
Тэрээр хоёр Солонгос улс нэг зорилгын дор нэгдэх гэхээсээ хоёр өөр тогтолцоотой улс гэдгээ харилцан хүлээн зөвшөөрч, зэрэгцэн оршин тогтнох нь Солонгосын хойгт тогтвортой энх тайвныг бий болгох эхлэл болно гэсэн байр суурь илэрхийлжээ.
БНСУ-ын Ерөнхийлөгч мөн яриа хэлэлцээний хүрээнд Пхеньяны цөмийн зэвсгийн чадавхыг хязгаарлах үр дүнтэй арга замыг судалж болохыг хэлсэн байна. Түүний үзэж буйгаар Сөүл хурцадмал байдлыг намжаахын тулд зөвхөн цэргийн хүчээр хариу арга хэмжээ авах бус, мөргөлдөөнийг эхлэхээс нь өмнө зогсоох, цаашлаад хурцадмал байдал даамжрахаас сэргийлэх олон түвшний хамгаалалтын механизм бий болгох ёстой аж.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Энэ нь И Жэ Мёны өмнө нь дэвшүүлж байсан бодлоготой үндсэндээ нийцэж байна. Тэрээр өнгөрсөн онд Хойд Солонгосын улс төр, нийгмийн тогтолцоог хүндэтгэж, Пхеньянтай сөргөлдөхөөс илүү энх тайвнаар зэрэгцэн оршихыг эрмэлзэнэ гэж мэдэгдэж байсан юм.
Гэвч бодит байдал дээр хоёр Солонгосын харилцаа одоогоор царцанги байдалтай хэвээр байна.
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун хоёр Солонгосыг нэгтгэх үзэл санаанаас татгалзаж, Өмнөд Солонгосыг “Хамгийн дайсагнасан улс” хэмээн тодорхойлсон. Мөн Өмнөдийн хил орчмын хамгаалалтыг бэхжүүлэхийг үүрэг болгосон байна.
Пхеньян өмнө нь И Жэ Мёны харилцааг сайжруулах саналуудад нааштай хандаагүй бөгөөд Сөүлийн цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоцтой болох төлөвлөгөөг шүүмжилж байв. Түүнчлэн АНУ, БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулилалтыг өдөөн хатгасан үйлдэл гэж үзэж, эсэргүүцсээр ирсэн юм.
И Жэ Мён илтгэлдээ Японтой харилцах харилцаанд ч анхаарал хандуулжээ. Тэрээр өнгөрсөн үеийн түүхэн асуудлуудыг мартахгүйгээр шийдвэрлэхийн зэрэгцээ хоёр улсын ирээдүйн харилцааг нээлттэй байлгах ёстой гэж мэдэгдсэн байна.
Ерөнхийлөгч И Жэ Мён Японыг “Ойрын хөрш” хэмээн тодорхойлоод, хоёр улс өнгөрсөн түүхээс үүдэлтэй зөрчилдөөнийг даван туулж, энх тайван, хөгжил цэцэглэлд чиглэсэн харилцааны “Шинэ 60 жил”-ийг эхлүүлнэ хэмээн найдаж байгаагаа илэрхийлжээ.









