



















АНУ-ын боксийн хүнд жингийн 2 удаагийн аварга, олимпийн аварга Жорж Форман 76 насандаа Техас мужийн Хьюстон хотод таалал төгсжээ. Түүнийг нас барсны дараа олон алдартнууд гашуудлаа илэрхийлсэн байна.
АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ДОНАЛД ТРАМП
"Жорж Форман нас барлаа. Тэр ямар АУГАА тулаанч байсан гэж санана! Тэрээр боксын түүхэн дэхь хамгийн хүнд, хүчтэй цохилттой тамирчин байсан. Алигаас бусад нь хүнд цохилтыг нь тэсвэрлэхгүй газар тэрийдэг байсан юм. Тэр тамирчны хувьд онцгой нэгэн байсан ч түүнээсээ илүүтэйгээр гайхалтай хүн байлаа. Бид их сайн танилууд байсан юм. Гэр бүлд нь гүн эмгэнэл илэрхийлье"
ИХ ДУУЛГЫН 39 УДААГИЙН АВАРГА ТЕННИСЧИН БИЛЛИ ЖИН КИНГ
"Хүнд жингийн боксын дэлхийн 2 удаагийн аварга, олимпийн аварга бизнесмен Жорж Форман таалалд төгссөнд харамсаж байна. Тэр бол аугаа боксчин мөн сайн найз минь байлаа. Би "Battle of Sexes"- Хүйс хоорондын тулаан хийхэд тэр над дээр ялна гэсэн бооцоог тавьсан. (1973 онд болсон теннисний тэмцээнийг ингэж нэрлэдэг. Тухайн үед эмэгтэй теннисчин Billie Jean King болон эрэгтэй теннисчин Bobby Riggs нарын хооронд тэмцээн болж, King ялалт байгуулсан. Энэ нь жендэрийн тэгш эрх, эмэгтэйчүүдийн спортоор хүлээн зөвшөөрөгдөх байдлыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал болсон гэгддэг Ug.Mn) Тэр тоглолтын дараа олон хүн талбай дээр гарч ирэн над руу дайрч байхад миний хамгаалагчийн үүргийг гүйцэтгэж билээ. Амгалан нойрсдоо. Гэр бүлд нь эмгэнэл илэрхийлье"
БОКСЫН ХҮНД ЖИНГИЙН 2 УДААГИЙН АВАРГА МАЙК ТАЙСОН
"Жорж Форманы гэр бүлд эмгэнэл илэрхийлье. Түүний бокс болон нийгэмд оруулсан хувь нэмэр хэзээ ч мартагдахгүй"
ҮНДЭСНИЙ САГСАН БӨМБӨГИЙН ХОЛБООНЫ ТАВАН УДААГИЙН АВАРГА МЭЙЖИК ЖОНСОН
"Би Жоржийн аваргын төлөөх олон тулааныг үзэж байлаа. Тэр рингэн дээр жинхэнэ ‘нокаутын’ мастер байсан. Түүнийг боксчин биш, хүн гэдгээр нь таньж мэдэх боломж олдсон нь азтай хэрэг. Боксоо орхисныхоо дараа тэрээр гайхалтай бизнесмен болсон. Би хүртэл түүний анхны ‘Жорж Форман грилл’-ийг худалдаж авч байлаа! Күүки бид хоёр гэр бүлийнх нь төлөө залбирч байна"
АМЕРИКИЙН БОКСЫН ПРОМОУТЕР БОБ АРУМ
"Жорж надад төдийгүй миний гэр бүлд үнэхээр дотно хүн байсан. Бид гэр бүлийн нэг гишүүнээ алдлаа. Үнэхээр их гашуудаж байна"
БРИТАНИЙ БОКСЫН ПРОМОУТЕР ФРАНК УОРРЕН
"Би түүнийг 1990 онд Лондон хотод урьж авчирч тэмцээнийг нь зохион байгуулж байлаа. Тэр гайхалтай даруу, хүнлэг нэгэн байсан учраас хамтран ажиллахад таатай байсан. Жорж Форман, Мухаммед Али, Жо Фрейзер гэсэн боксын ‘гурван том домог’-ийн нэг байлаа. Тэдний хооронд болсон тулаанууд боксын төдийгүй дэлхийн спортын түүхэнд чухал үйл явдлууд байсан гэдэгтэй та бүхэн санал нийлэх байхаа"
ДЭЛХИЙН БОКСЫН ЗӨВЛӨЛИЙН (WBC) ЕРӨНХИЙЛӨГЧ МАУРИСИО СУЛАЙМАН
"Миний аав Хосе Сулайман 30 гаруй жил нандигнан хадгалж байсан WBC-ын ногоон бүсээ Жорж Форманд гардуулж байсан нь миний хувьд нэр төрийн хэрэг байсан. Тэр бол домогт аварга төдийгүй, амьдралыг өөрчлөгч, аав, өвөө, элэгсэг найз байлаа. Түүний нэр одоо мөнхөд дуурсагдах болно. Том Жорж амгалан нойрс"
БОКСЫН ТУЛААНЫ ӨМНӨХ НЭРИЙГ АЛДАРШУУЛАГЧ МАЙКЛ БАФФЕР
"35 жилийн турш нөхөрлөсөн эрхэм анд Жорж Форман таалал төгссөн мэдээг сонсоод сэтгэл эмтэрсэн. Одоо ч энэ тухай ярихад хүндхэн байна. Олон хүн түүнд хайртай байсан. Би түүний талаар илүү олон зүйлийг хожим ярих болно"
БРИТАНИЙ ХҮНД ЖИНГИЙН АВАРГА БОКСЧИН ФРАНК БРУНО
"Жорж Форман та амгалан нойрс. Бид хэд хэдэн удаа бэлтгэл дээр хамт спарринг хийж байсан. Тэр үнэхээр хүчтэй, итгэмээргүй чадалтай нэгэн. Олон хүн боксын түүхэн дэх хамгийн агуу хүнд жингийн аваргуудын талаар өөр өөрийн бодолтой явдаг. Миний хувьд тэр бол хамгийн шилдэг нь байлаа. Хоёр өөр зуунд дэлхийн аварга болсон гэдэг нь түүний ямар агуу боксчин байсны батална. Өнөөдөр дэлхийн бокс ТОМ хүнээ алдлаа"
ХЬЮСТОН ХОТЫН ЗАХИРАГЧ ЖОН УИТМИР
"Жорж Форманы амьдрал Fifth Ward-ийн гудамжнаас эхэлсэн. Түүний бокс, бизнесийн ертөнцөд гаргасан амжилт нь хэн бүхэнд урам зориг өгдөг түүх юм. Тэр өөрийн гарал үүслээ хэзээ ч мартаж байгаагүй... Хьюстон хот түүгээр үргэлж бахархах болно."










