



















1. Холбооны Нөөцийн Банкны бодлогын хүүгийн шийдвэр энэ долоо хоногт гарна
АНУ-ын Холбооны Нөөцийн Банкны бодлогын хурал энэ долоо хоногт болно. Хөрөнгө оруулагчид хүүгийн талаар ямар шийдвэр гарах, мөн ирээдүйд хүүг дахин бууруулах эсэх талаар хүлээлттэй байна.
Төв банк лхагва гарагт хүүгээ өөрчлөлгүй хадгалах төлөвтэй байгаа ч, сүүлийн үед Уоллстрийтэд эдийн засгийн уналтаас болгоомжилсон хандлага нэмэгдэж байгаа юм. Ялангуяа, Ерөнхийлөгч Трампын үүсгэсэн тарифын дайнаас болж эдийн засаг саарах магадлалтай гэж үзэж байна.
Иймээс Холбооны Нөөцийн Банк эдийн засгийн уналт үргэлжилвэл дахин хүү бууруулахад бэлэн эсэх талаар дохио өгөх магадлалтай аж. Гэхдээ төв банк инфляцийг хянах, хөдөлмөрийн зах зээлийг дэмжих хоёрын хооронд тэнцвэрийг олох гэж оролдож байгаа.
"ХНБ бодлогын хүүг бууруулах гэхээсээ илүүтэй, хүлээзнэн ажиглах байр сууриа хадгалах нь илүү оновчтой" гэж "Stifel" банкны эдийн засагчид мэдэгджээ.
2. Трамп, Путин нар Украины талаар утсаар ярина
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Украины дайнтай холбоотой асуудлаар мягмар гарагт (өнөөдөр) утсаар ярилцана. Өнгөрсөн амралтын өдрүүдэд хоёр талын албаны хүмүүс уулзалт хийсэн.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский өнгөрсөн долоо хоногт АНУ-ын санал болгосон "30 хоногийн түр гал зогсоох" тохиролцоог хүлээн авсан бөгөөд одоо бөмбөгийг Оросын тал руу өшиглөсөн гэж хэлж болно.
Гэсэн ч Зеленский "Украины тусгаар тогтнол бол хэлэлцэх асуудал биш" гэж байнга хэлдэг бөгөөд Оросууд эзэлсэн газар нутгаасаа ухарч, буцаан өгөх ёстой гэж үздэг.
Харин ОХУ-ын зүгээс энхийн гэрээ байгуулахын тулд Украин НАТО-д элсэх зорилгоосоо татгалзах, эзлэгдсэн нутгаа Орост үлдээх, Барууны хоригийг сулруулах зэрэгт баталгаа авахыг хүсч байгаа юм.
3. Уоллстрийтийн уналт
АНУ-ын хөрөнгийн зах зээл (Уоллстрийт) энэ долоо хоногт анхаарал татаж байна. Ерөнхийлөгч Трампын худалдааны бодлогын талаарх тодорхойгүй байдал эдийн засгийг хүчтэй уналтад хүргэхвий гэсэн болгоомжлол бий.
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын хамгийн сүүлийн таамгаар АНУ болон дэлхийн эдийн засгийн өсөлт буурахаар байгаа.
Тус байгууллага 2024 онд дэлхийн ДНБ 3.2%, 2025 онд 3.1%, 2026 онд 3.0% болно гэж таамаглажээ. АНУ-ын жилийн ДНБ-ий өсөлт 2025 онд 2.2%, 2026 онд 1.6% болж буурах төлөвтэй байна.
Өнгөрсөн баасан гарагт хөрөнгийн зах зээл өссөн ч долоо хоногийн дүнгээр буурсан. Dow Jones 3.1%-иар, S&P 500 болон Nasdaq 2%-иар унажээ. Nasdaq индекс залруулах (correction-буюу богино хугацаанд хэт өсөөд/буураад хөөс үүсгээд эргээд хэвэндээ орохыг хэлдэг UG.MN) түвшиндээ орсон хэвээр байна.
4. ХБНГУ-ын өрийн хязгаарын шийдвэр
Германы парламентын төсвийн хороо ням гарагт батлан хамгаалах, эдийн засгаа дэмжих зорилгоор их хэмжээний зээл авах төлөвлөгөөг баталжээ. Харин мягмар гарагт парламент дээр санал хураалт болно.
Уг төлөвлөгөөнд 500 тэрбум еврогийн дэд бүтцийн сан, зээлийн дүрэмд өөрчлөлт оруулах заалт оржээ. Санал хураалтад хоёрны гурав буюу 66.7%-ийн дэмжлэг хэрэгтэй.
UBS банкны тооцооллоор энэ арга хэмжээ нь ирэх 10 жилд засгийн газрын зарцуулалтыг 20%-иар өсгөж, хөрөнгө оруулагч болон хэрэглэгчдийн итгэлийг сэргээх боломжтой аж.
5. Төв банкуудын хурал
АНУ-ын Холбооны Нөөцийн Банкнаас гадна энэ долоо хоногт Английн Төв Банк (BoE), Швейцарийн Үндэсний Банк (SNB), Шведийн Төв банк (Riksbank)-ууд мөн хуралдана.
Английн Төв Банк пүрэв гарагт бодлогын хүүгээ 4.5% дээр хадгалах төлөвтэй байгаа. Тус банк инфляц, Трампын тарифын бодлогоос үүдсэн тодорхойгүй байдалтай нүүр тулж байна. Ирэх саруудад хүү бууруулах хүлээлт байгаа.
Шведийн Riksbank мөн пүрэв гарагт хүүгээ өөрчлөлгүй үлдээх бөгөөд энэ нь хүү бууруулах мөчлөгийн төгсгөл байж болзошгүй юм.
Швейцарийн Үндэсний Банк хүүгээ 0.25% болгон бууруулах хүлээлттэй байна. Тус банк 2014-2022 оны хооронд сөрөг хүү хэрэглэж байсан ч инфляцын эсрэг 2022 оны есдүгээр сард энэ бодлогоос татгалзсан байдаг.









