



















АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын “Аугаа том, Гайхамшигтай” гэх хачирхалтай нэртэй татварын бууралт болон зардлын нэмэгдэл бүхий хуулийн төсөл өнгөрөгч амралтын өдрүүдэд Сенатын танхимд дэмжигдэж, цааш үргэлжлэн хэлэлцэгдэх боллоо. Тус хуулийн төсөл нь ирэх 10 жилд улсын өрийг 3.3 их наяд ам.доллараар нэмэгдүүлэхээр буйг хөндлөнгийн шинжээчид тооцсон байна.
Сенат дахь Бүгд Найрамдахчууд санал хураалтаар хуулийн төслийн хэлэлцүүлгийг эхлүүлэхийг 51-49 гэсэн саналын харьцаагаар дэмжсэн бол Ардчилсан намын бүх гишүүн нэмээд Бүгд Найрамдах намын хоёр гишүүн эсэргүүцжээ. Трамп энэ санал хураалтын дүнг “АГУУ ЯЛАЛТ” хэмээн тодорхойлон, баяр хүргэсэн байна.

Энэхүү санал хураалт нь Трампын долоодугаар сарын 4-ний дотор "Хачирхалтай нэртэй" хуулийг батлуулах зорилгод ойртож буйг илтгэж байна.
Санал хураалттай зэрэгцээд АНУ-ын Конгрессын Эдийн Засгийн Төв Хороо (CBO) буюу хууль тогтоомжуудын эдийн засагт үзүүлэх нөлөөг хөндлөнгөөс судалдаг холбооны агентлаг, Трампын хуулийн төслийн улсын өрөнд үзүүлэх нөлөөллийн талаарх шинэ тооцоог танилцуулжээ. CBO-гийн тооцоолсноор, одоогийн хувилбар 2034 он гэхэд улсын өрийг бараг 3.3 их наяд ам.доллараар нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа бөгөөд энэ нь Төлөөлөгчдийн танхимд анх өргөн баригдсан тавдугаар сард гарсан 2.5 их наяд ам.долларын тооцооноос өссөн үзүүлэлт болжээ.
Амралтын өдрийн болсон "Сенат"-ын санал хураалтын дараа хуулийн төсөл даваа гарагт болох эцсийн санал хураалтад орох тов гарсан байна.
Ерөнхийлөгч Доналд Трампын энэхүү хуулийн төсөл нь 2017 оны татварын хөнгөлөлтийг сунгах, цалингийн нэмэгдэл болон гарын мөнгөнд (tip) ногдох татварыг бууруулах, мөн өрийн таазыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ зэвсэгт хүчин болон хил хамгаалалтын зардлыг өсгөх зорилготой юм.
Гэвч уг хуулийн төсөл нь Ардчилсан намынхан төдийгүй төсөв, санхүүгийн сахилга батыг баримталдаг Бүгд Найрамдахчуудын дунд ч шүүмжлэлд өртөөд байна. Учир нь хуулийн төсөл нийгмийн халамж болон "Medicaid" зэрэг иргэдийн амьдралд чухал үйлчилгээний зардлыг танахын зэрэгцээ улсын өрийг хэт өсгөх эрсдэлтэй гэж үзэж байгаа юм.
Трампын ойрын хамтрагч Илон Маск ч мөн энэ хуулийн төслийг “Галзуурал” хэмээн шүүмжилсэн бөгөөд энэ нь Трамптай зөрчилдөхөд хүргэсэн шалтгаануудын нэг гэж үзэж байна.
Харин Трамп эдгээр шүүмжлэлийг үл тоомсорлон, Бүгд Найрамдахчуудыг “Хэмнэлт дээр хэтрүүлэлгүй байхыг” уриалаад, эдийн засгийн өсөлтөөр энэ бүхэн 10 дахин нөхөгдөнө хэмээн мэдэгдсэн юм.
Хэрэв Сенат хуулийн төслийг баталбал, Төлөөлөгчдийн танхим руу буцан очиж эцсийн байдлаар батлагдах бөгөөд үүний дараа Ерөнхийлөгч Доналд Трамп гарын үсэг зурснаар албан ёсоор хууль болох юм. Төлөөлөгчдийн танхим өнгөрсөн сард тус хуулийн өөр хувилбарыг мөн л маш бага зөрүүтэй санал хураалтаар баталсан билээ.









