



















“Элон Маск, хэрэв “ChatGPT”-ийг бүтээсэн “Open AI” компанийн удирдах зөвлөл ашгийн төлөө байгууллага болох төлөвлөгөөгөө зогсоовол, “Open AI”-ийн ашгийн бус үйл ажиллагаанд зориулан санал болгосон 97.4 тэрбум ам.долларын саналаасаа татгалзахад бэлэн байгаа” гэж мэдээллийн эх сурвалжууд шүүхийн баримтаас иш татан мэдээллээ.
АНУ-ын Калифорни мужийн Хойд дүүргийн шүүхэд Элон Маскийн хуульчдын гаргасан баримтад түүний “Open AI”-ийн ашгийн бус хэсэгт тавьсан саналыг "Бодитой" гэж тодорхойлсон байна. Гэхдээ “Open AI”-ийн удирдах зөвлөл, компанийн хөрөнгийг худалдаалах төлөвлөгөөгөө цуцалж, "Зарна" гэсэн тэмдгээ буулгавал Маск уг саналаа эргүүлэн татна гэж онцолжээ. Хэрэв “Open AI” төлөвлөгөөгөө үргэлжлүүлбэл, ашгийн бус байгууллага нь "Зах зээлийн үнээр хөрөнгөө худалдаалах ёстой" гэж уг баримтад дурдсан байна. Нөгөөтэйгүүр, “Open AI”-ийн өмгөөлөгчид Элон Маскийн үйлдлийг "Буруу" бөгөөд "Өрсөлдөгчөө сулруулах зорилготой" гэж буруутгажээ.
Элон Маск, Сэм Альтман зэрэг технологийн удирдагчид анх 2015 онд “Open AI”-ийг ашгийн төлөө бус байгууллага болгон үүсгэн байгуулсан ч, дараа нь Элон Маск компаниас гарсан юм. Улмаар Сэм Альтман “Open AI”-ийн гүйцэтгэх захирал болж, “Майкрософт” зэрэг хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор ашгийн төлөө нэгжийг байгуулан удирджээ. Одоо Сэм Альтман “Open AI”-ийн үндсэн үйл ажиллагааг ашгийн төлөө байгууллага болгохоор төлөвлөж байгаа бөгөөд ашгийн бус байгууллага нь үргэлжлэн орших боловч ашгийн төлөө компанид хувь эзэмших бүтэцтэй болох юм. Харин Элон Маск үүнийг эсэргүүцэн хаахыг хүсэж байгаа.
Элон Маск өмнө нь “Open AI” болон Сэм Альтманыг өрсөлдөөнийг хязгаарласан үйл ажиллагаа явуулж байна хэмээн шүүхэд өгч байв. Энэ долоо хоногийн эхээр Сэм Альтман Элон Маскийн саналд "Үгүй" гэж хариулсан талаар "Ройтерс" агентлаг уламжилсан. Элон Маскийн саналын хариуд Сэм Альтман “ Одоогоор "Open AI” худалдаанд гараагүй" гэж мэдэгдсэн байна.









