
Ням гарагт Ираны арми АНУ-ын цэргийг хөнөөсөн эсвэл олзолсон хүнд 30'000 ам.доллартай дүйцэх хэмжээний шагнал олгоно гэж мэдэгдлээ. Харин уг үйлдлийг эмэгтэй хүн хийсэн тохиолдолд шагналыг хоёр дахин нэмэгдүүлнэ гэж амласан байна.
Ираны Армийн штабын дарга Амир Хатами ийм мэдэгдэл хийх болсон шалтгаанаа америк цэргүүд Ираны нутаг дэвсгэрт нэвтрэн орж ирсэнтэй холбон тайлбарлажээ.
Уг мэдээллийг Ираны төрийн мэдлийн IRNA агентлаг баталсан юм.
АНУ-ын хуурай замын цэрэг Иран улс руу нэвтэрч байрласан гэх баттай мэдээлэл одоогоор байхгүй. Харин дөрөвдүгээр сард Ираны улсад осолдсон Америкийн цэргийн нисгэгчийг аврах ажиллагаанд АНУ-ын цэргүүд олноор оролцсон юм.
Хатами АНУ-ын цэргийг хэзээ, хаана хөнөөж эсвэл олзолсон тохиолдолд уг шагналыг яаж олгох талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
"Ираны нутаг дэвсгэрт халдан орж ирсэн Америкийн цэргийн албан хаагчийг хөнөөсөн, олзолсон эсвэл баривчлан хүлээлгэн өгсөн хүн Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Армиас 30'000 ам.доллартой тэнцэх хэмжээний 5 тэрбум томаны шагнал авна” гэж Хатами хэлжээ.
Энд дурдсан томан нь Иранд өргөн хэрэглэгддэг мөнгөний нэгж бөгөөд 10'000 иран риалтай тэнцэх нэгж юм.
Хатами мөн:
Ийм ажиллагааг зоригтойгоор гүйцэтгэсэн Иран эмэгтэйчүүд хоёр дахин их шагнал авна.
гэж мөн мэдэгдсэн.
Тэрээр АНУ-ыг Ойрх Дорнодоос гарахыг дахин шаардсан бөгөөд АНУ-ын цэргүүдэд Персийн булан, Оманы булан болон Хормузын хоолойд нэвтрэхийг зөвшөөрөхгүй хэмээн мэдэгджээ.
Тегеран болон Вашингтоны хоорондох дайн хоёрдугаар сарын 28-нд АНУ, Израиль Иран руу цохилт өгснөөр эхэлсэн. Дайн эхэлснээс хойш сар гаруйн дараа АНУ Ираны нутаг дэвсгэрт осолдсон F-15 сөнөөгч онгоцны зэвсгийн системийн офицерыг аврахын тулд өргөн хүрээний ажиллагаа явуулсан юм.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Уг ажиллагаанд ойролцоогоор 200 америк цэрэг, 170 гаруй нисэх онгоц оролцсон бөгөөд цэргүүд Ираны цэргүүдээс өмнө нисгэгчийг олж аврахын тулд Иран улсын газар нутаг руу нэвтэрсэн байна.
Аврах ажиллагааны үеэр Ираны цэргүүд A-10 довтолгооны онгоцыг гэмтээсэн ба уг онгоц АНУ-ын хяналтад байгаа нутаг дэвсгэрт ослын буулт хийжээ. Мөн АНУ ажиллагааны үеэр ашигласан зарим нисэх онгоц, түүн дундаа C-130 тээврийн онгоцоо орхиж, устгасан гэх мэдээлэл гарсан.
Үүнээс хэд хоногийн өмнө F-15 онгоцны нисгэгчийг нисдэг тэрэгний багийнхан харьцангуй жижиг хэмжээний ажиллагаагаар аварчээ.
Дөрөвдүгээр сард гал зогсоох тохиролцоогоор дайн түр намжсан. Мөн 40 гаруй хоног үргэлжилсэн байлдааны дараа талууд зургадугаар сард энхийн хэлэлцээ хийх хүрээг тохиролцсон юм. Гэвч уг хэлэлцээний үйл явц удалгүй нуран унасан.
Үүнээс хойш Иран болон АНУ үе үе харилцан гал нээсэн хэвээр байгаа юм. Байлдааны ажиллагаа гол төлөв Ираны өмнөд хэсэг болон Хормузын хоолойн орчимд болж байна.
Хоёр талын хооронд зуучлагчдын оролцоотой шууд бус харилцаа үргэлжилж байгаа ч дипломат шийдэлд хүрэх бодит ахиц одоогоор бага байгаа юм.
Иран Хормузын хоолойг дахин нээх нөхцөлүүдийн жагсаалт гаргасан бөгөөд үүнд дайны улмаас учирсан хохирлын нөхөн төлбөрийг багтаажээ.
Дайн эхэлснээс хойш амь үрэгдсэн АНУ-ын цэргийн алба хаагчдын тоо 17-д хүрсэн. Хамгийн сүүлд долдугаар сард америк цэргүүд амиа алдсан юм. Гэхдээ эдгээр цэргүүдийн аль нь ч Ираны нутаг дэвсгэр дээр амиа алдаагүй, Иордан, Ирак зэрэг улсад амь үрэгдсэн.










