Өчигдөр Японы Батлан хамгаалахын сайд Шинжиро Коизүми дэлхийн II дайнд амиа алдсан хүмүүсийг (Голцуу цэрэг армийнхны шарил хадгалаатай байдаг ҮГ.МН) дурсдаг Ясукуни сүмд очсон нь БНХАУ болон БНСУ-ын зүгээс эсэргүүцэл, шүүмжлэл дагууллаа.
БНХАУ, БНСУ-ууд Ясукуни сүмийг Японы дэлхийн II дайны түрэмгийллийн бэлгэдэл гэж үздэг.


Дэлхийн II дайнд Япон бууж өгсний 81 жилийн ойг тохиолдуулан Коизүми хар хослол, зангиатайгаар (япончууд оршуулганд гашуудлаа илэрхийлж хар хослол өмсдөг ҮГ.МН) Ясукуни сүмд очсон байна. Энэ үйл явдлын зургийг Японы орон нутгийн хэвлэлүүд нийтэлжээ.
Мөн Эдийн засгийн аюулгүй байдлын сайд Кими Онода сүмд очсон талаар Японы олон нийтийн телевиз NHK мэдээлсэн байна.
Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи өнгөрсөн оны аравдугаар сард Ерөнхий сайд болохоосоо өмнө Ясукуни сүмд хэд хэдэн удаа очиж байсан бөгөөд энэ удаа сүмд зан үйлийн зориулалттай өргөл илгээсэн гэж Kyodo агентлаг мэдээлжээ.
Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч:
БНХАУ Ясукуни сүмтэй холбоотой Японы талын сөрөг үйлдлүүдийг эрс буруушааж байна. Бид Японы талд аль хэдийн ноцтой байр сууриа илэрхийлж, хүчтэй эсэргүүцлээ илэрхийлсэн
гэж төрийн CCTV телевизээр мэдэгдсэн байна.
Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яам мөн Японы удирдагчид тус сүмд очиж өргөл өргөсөн явдалд “Гүнээ харамсаж” байгаагаа илэрхийлжээ.
Тус яам Японы удирдагчдын үйлдлийг “Түүхийн өмнө хүлээн зөвшөөрөх аргагүй, өнгөрсөн үеийнхээ асуудлыг үл тоосон үйлдэл” хэмээн тодорхойлж, Японы удирдагчдыг түүхтэйгээ нүүр тулж, өнгөрсөн үйл явдалд даруугаар эргэцүүлэн хандаж, чин сэтгэлээсээ гэмшиж буйгаа бодит үйлдлээр харуулахыг уриалсан байна.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Мөн Өмнөд Солонгосын тал уриалгынхаа талаар, хоёр орны хооронд итгэлцэлд суурилсан, ирээдүйд чиглэсэн харилцааг бий болгох чухал үндэс гэж онцолжээ.
Хятад болон Өмнөд Солонгос улс Японы өндөр албан тушаалтнууд Ясукуни сүмд очих нь Токиогийн дайны үеийн үйл ажиллагааг зөөлрүүлэн тайлбарлаж, эсвэл үл тоомсорлож байгаа мэт харагдуулдаг бөгөөд хоёр орны дипломат харилцаанд сөргөөр нөлөөлдөг гэж үздэг.

Ясукуни сүмд Японы дайнд амиа алдсан ойролцоогоор 2.5 сая хүнийг дурсдаг. Гэхдээ тэдгээрийн дунд Дэлхийн II дайны дараа холбоотнуудын шүүхээр хамгийн хүнд ангиллын дайны гэмт хэрэгтэн гэж ял шийтгүүлсэн Японы тухайн үеийн 14 удирдагчийн шарил хадгалагддаг юм.
Мөн холбоотнуудын байгуулсан шүүхээр дайны гэмт хэрэгт буруутгагдсан 1'000 гаруй хүний дурсгалыг уг сүмд дурсдаг.
Японы өндөр албан тушаалтнууд өмнө нь Ясукуни сүмд очихдоо үүнийг төрийн албан ёсны үйлдэл бус, хувийн байр сууринаас дайнд амь үрэгдсэн хүмүүсийг хүндэтгэж буй хэрэг гэж тайлбарлаж ирсэн.
Японы Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Ясукуни сүмд хамгийн сүүлд очсон хүн нь Шинзо Абэ байсан бөгөөд тэрээр 2013 оны арванхоёрдугаар сард сүмд очсон юм. Түүний айлчлал тухайн үеийн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргаанаас “Сэтгэл дундуур байгаагаа” илэрхийлэхэд хүргэж байв.
Коизүми өмнө нь мөн Ясукуни сүмд очиж байсан. Тухайлбал, тэрээр өнгөрсөн онд Хөдөө аж ахуйн сайд байхдаа сүмд очсон байна.
Харин Япон Дэлхийн II дайнд бууж өгсөн өдрийг тэмдэглэдэг ойгоор Ясукуни сүмд очсон хамгийн сүүлчийн Ерөнхий сайд нь Шинжиро Коизүмигийн эцэг Жүничиро Коизүми бөгөөд тэрээр 2006 онд сүмд очжээ.










