



















Европын Төв Банк (ЕТБ) пүрэв гарагт хүлээлтийн дагуу хүүгийн түвшнээ дахин буурууллаа. Үүний зэрэгцээ, албаныхан 2025 оны өсөлтийн төлөвийг дэлхийн худалдааны хурцадмал байдлаас голчлон үүдэлтэй тодорхойгүй байдлын улмаас доошлуулсан байна. 2024 оны зургадугаар сараас хойш хийгдсэн зургаа дахь удаагийн хүүгийн бууралт зах зээлд өргөн хүрээнд хүлээгдэж байсан ба ЕТБ-ны гол хадгаламжийн хүү 25 суурь нэгжээр буурч, 2.75%-иас 2.50% болжээ. Тус банк мэдэгдэлдээ "Мөнгөний бодлого улам бүр хязгаарлалт багатай болж байна" гэж дурдсан бөгөөд үүний үр дүнд зээл олголт нэмэгдэж, бизнесүүд болон өрхүүдийн зээлийн өртөг буурах юм.
Гэсэн хэдий ч албаныхан Еврозоны өмнө тулгараад буй "Үргэлжилсэн сорилтууд"-ыг онцлон тэмдэглэж, 2025 оны өсөлтийн төсөөллийг өмнөх 1.1%-иас 0.9% болгон бууруулсан. Мөн 2026 оны өсөлтийн хүлээлтийг 1.4%-иас 1.2% болгон бууруулсан байна. ЕТБ-ны мэдэгдэлд "2025 болон 2026 оны өсөлтийн төсөөллийг бууруулсан нь экспортын бууралт, хөрөнгө оруулалтын үргэлжилсэн сулралтай холбоотой. Үүний нэг шалтгаан нь худалдааны бодлогын тодорхойгүй байдал болон мөн өргөн хүрээний бодлогын тодорхойгүй байдал юм" гэжээ.
Европын эдийн засгийн өсөлт саармаг байж, инфляцийн дарамт буурч байгаа хэдий ч ЕТБ-ны бодлогын төлөвт нөлөөлж болзошгүй хэд хэдэн үйл явдал шинээр өрнөөд байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Европын Холбооны (ЕХ) худалдааны бодлогыг шүүмжилж, ЕХ-ны бараа бүтээгдэхүүнд тарифаар хариу өгөх боломжтой гэж мэдэгдсэн нь Европын экспортод аюул учруулахаар байгаа юм. Брюссель ч мөн АНУ-ын аливаа тарифын эсрэг хариу арга хэмжээ авахаа амласан.
Түүнчлэн, Европын хамгийн том эдийн засаг болох Германд эвслийн засгийн газрын хэлэлцээ үргэлжилж байна.
Үүний зэрэгцээ, Трампын засаг захиргаанаас Украинд гал зогсоох тухай сүүлийн үеийн мэдэгдэл нь Европын батлан хамгаалахын стратегид ихээхэн өөрчлөлт оруулж болзошгүй. Ялангуяа Европ АНУ-ын аюулгүй байдлын баталгаанд хэт найдаж ирсэн нь эрсдэлтэй болж байна. Үүнийг дагаад Европын орнууд батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлэх шаардлагатай юу? гэсэн асуудал хөндөгдөж эхэлсэн нь олон орны төсвийн тэргүүлэх чиглэлд өөрчлөлт оруулж болзошгүй гэж шинжээчид үзvty.
Пүрэв гарагт ЕХ-ны удирдагчид Брюссельд яаралтай уулзаж, 27 гишүүн орныхоо аюулгүй байдлыг бэхжүүлэх, Украинд цаашид шаардлагатай байгаа хамгаалалтыг хангах асуудлаар хэлэлцэж байна.
Энэ долоо хоногийн эхээр Германы шинэ засгийн газарт орох намууд улсын өрийн хатуу хязгаарлалтыг сулруулах тохиролцоонд хүрсэн.
Одоогийн Канцлер Олаф Шольцын засгийн газар өнгөрсөн онд уналтад ороход нөлөөлсөн гол маргааны нэг нь энэхүү өрийн хязгаар байсан юм. Харин одоо CDU (Христийн Ардчилсан Холбоо) болон SPD (Социал Демократ Нам) хамтран 500 тэрбум еврогийн шинэ сан байгуулж, дэд бүтэц, батлан хамгаалах салбарт хөрөнгө оруулахаар тохиролцжээ.
"CDU" намын удирдагч Фридрих Мерц (удахгүй канцлер болох магадлалтай) ирэх долоо хоногт парламентдаа энэ асуудлаар хамтарсан хуулийн төсөл танилцуулахаар төлөвлөж байна. Мерцийн хэлснээр CDU, түүний Бавари дахь эгч нам (CSU), мөн Шольцын SPD намын хоорондох энэхүү шинэ тохиролцоо нь Европын батлан хамгаалахын хүчин чадалтай холбоотой сүүлийн үеийн нэмэгдэж буй айдас, Германы эдийн засгийн удаашралтай уялдуулсан ажээ.
Германы уламжлалт төсвийн сахилга батыг зөөлрүүлэх энэ шийдвэр инфляцийн талаарх хөрөнгө оруулагчдын санаа зовнилыг нэмэгдүүлсэн тул Германы бондын өгөөж огцом өсөж, дэлхийн хөрөнгийн зах зээлд дарамт учруулсан.
Гэсэн хэдий ч энэ долоо хоногийн даваа гарагт нийтэлсэн тоон мэдээллээс харахад, Евро бүсийн 20 орны хэрэглээний үнэ хоёрдугаар сард 2.4% болж, өмнөх сарын 2.5%-аас бага зэрэг буурсан байна. Энэ нь ЕТБ-ны зорилтот 2%-д улам ойртож байгаа үзүүлэлт юм.
ЕТБ-ны мэдэгдэлд "Евро бүс дэх дефляцийн үйл явц сайн үргэлжилж байна" гэж дурдсан боловч энэ оны инфляцийн таамгаа 2.1%-аас 2.3% болгон өсгөжээ. Үүнд эрчим хүчний үнийн өсөлт нөлөөлсөн байна. Харин хүнс, эрчим хүчний зардлыг оруулахгүйгээр тооцвол, 2025 оны инфляцийн түвшин 2.2% байх төлөвтэй байгаа.
ЕТБ "нөхцөл байдал улам тодорхойгүй болж байгаатай холбогдуулан" мөнгөний бодлогын шийдвэрээ үргэлжлүүлэн "мэдээлэлд суурилсан" байдлаар гаргах бөгөөд "тодорхой нэг хүүгийн замналд урьдчилан амлалт өгөхгүй" гэж мэдэгдсэн юм.
EUR/USD ХӨДӨЛГӨӨН









