



















"Goldman Sachs" банк 2025 оны сүүлч гэхэд алтны үнийг нэг унцийн хувьд 3,100 ам.доллар хүртэл өснө гэж төсөөлөн, өмнөх 2,890 ам.долларын таамгаа өсгөлөө. Энэхүү өсөлтийн гол шалтгаан нь улс орнуудын төв банкуудын алт худалдан авах эрэлт өндөр хэвээр үргэлжлэх хүлээлт юм. "Goldman Sachs" банкны үзэж буйгаар улс орнуудын төв банкны одоогийн худалдан авалтын тооцооллоор өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 108 тонн алт худалдан авсан нь 2022 оноос өмнөх сарын дундаж болох 17 тонныг ихээхэн давсан үзүүлэлт байлаа. Энэ худалдан авалтыг БНХАУ тэргүүлж, нөөцөө 45 тонноор нэмсэн байна.
Үүний улмаас "Goldman Sachs" банк улс орны төв банкууд сард 41 тонн алт худалдан авна гэсэн тооцооллоо 50 тонн болгон өсгөжээ. Төв банкуудын алтны худалдан авалт бүтцийн хувьд нэмэгдэх нь 2025 оны арванхоёрдугаар сар гэхэд унци алтны үнийг 9%-иар өсгөхөд нөлөөлнө гэж тооцсон байна.
"АНУ-ын Холбооны Нөөцийн Банк энэ онд хоёр удаа хүү бууруулна гэж үзэж байгаа бөгөөд энэ нь ETF (Exchang Traded Fund-Хөрөнгийн Зах Зээл дээр худалдаалагддаг, хувьцаа болон санхүүгийн хэрэгсэл болох санхүүгийн бүтээгдэхүүн)-ийн эзэмшлийг аажмаар нэмэгдүүлж, тодорхой бус байдал багассан тохиолдолд зах зээлийн тогтворжих нөлөөг давж гарах төлөвтэй" гэж Goldman-ийн стратегичид Лина Томас, Дэан Струйвен нар тайландаа бичжээ. "Goldman Sachs" банк алтны үнийн урьдчилсан таамаглал нь өсөх эрсдэлтэй хэмээн үзэж байна. Тодорхойгүй бодлогын орчин, тэр дундаа гаалийн татварын асуудал үргэлжилбэл, алтны үнэ энэ оны эцэс гэхэд 3,300 ам.доллар хүрэх боломжтой гэж тус банк үзэж байна.
Мөн, хэрэв төв банкуудын алт худалдан авалт таамагласнаас өндөр буюу сард дунджаар 70 тонн хүрвэл, 2025 оны сүүлч гэхэд алтны үнэ 3,200 ам.доллар хүрч өсөх магадлалтай гэж тооцжээ. Харин эсрэгээрээ Goldman-ын үндсэн таамгаар 2025 оны сүүлч гэхэд алтны үнэ 3,060 ам.доллар хүрэх төлөвтэй.Тус банк "Алтанд хөрөнгө оруул" гэсэн зөвлөмжөө хэвээр хадгалж байгаа бөгөөд алт нь богино хугацааны эрсдэлтэй хэдий ч эрсдэлийг давах хамгаалалт болж чадна гэж үзэж байна. Худалдааны маргаан нэмэгдэх, санхүүгийн эрсдэл өсөх, АНУ-ын төсвийн тогтвортой байдалд эргэлзээ төрөх зэрэг шалтгаанууд нь алтны үнийг өсгөх боломжтой гэж үзэж байна.
Хэрэв дээрх асуудлууд хурцадвал, алтны үнэ 2025 оны 12-р сар гэхэд 5%-иар нэмэгдэж, 3,250 ам.доллар хүрч өсөх боломжтой гэж стратегичид онцолжээ. Энэ нь илүү их хэмжээний хөрөнгө оруулалтын байршуулалт, ETF-ийн урсгал, төв банкуудын худалдан авалт нэмэгдэхтэй холбоотой байх болно.









