



















Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдааны тэмдэглэл, Монгол Улсын Шадар сайдын 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 35 дугаар тушаалыг тус тус үндэслэн “Бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан”-ыг зохион байгуулах ажлын хүрээнд:
“Түншлэл хамтын ажиллагаа үзэсгэлэн” худалдаа
Аялал жуулчлалын бүтээгдэхүүний танилцуулга, худалдаа
Говийн бүс нутагт хэрэгжих бүтээн байгуулалт
Төсөл хөтөлбөрүүдийн танилцуулга
В2В уулзалт
Санамж бичиг зурах зэрэг арга хэмжээг тус тус төлөвлөн зохион байгуулахаар тогтсон.
“ТҮНШЛЭЛ ХАМТЫН АЖИЛЛАГАА ҮЗЭСГЭЛЭН” ХУДАЛДАА
Агуулга: Бүсийн аймаг, сумдын аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх, төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын хүрээнд бүс нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг танилцуулах зорилготой юм. Говийн бүсийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа аж ахуй нэгж, хувь хүн, хоршоод болон орон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд, бизнесийн хөрөнгө оруулалт, түншлэл, экспортын боломжийг өргөжүүлэх чухал ач холбогдолтойгоороо онцлог юм.
ХОРШООДЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА
Агуулга: Бүс орон нутгийн хүрээнд малчид, иргэд өнөө цагт хүчээ нэгтэж, хамтарч хоршиж байж олон жилийн ченж системийг халж, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, газар тариалангаасаа ашгаа хүртдэг болох зорилготойгоор хоршоолох хөдөлгөөнийг өрнүүлээд байгаа билээ. Говийн бүс нутгийн хоршоологчдын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг танилцуулах, хөрөнгө оруулагчдыг татах, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭН, ТАНИЛЦУУЛГА
Агуулга: Бүс орон нутгийн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх чиглэлээр зочлох үйлчилгээний салбарын хамтын ажиллагаа, түншлэлийг бэхжүүлж, аймаг, орон нутгийн брэнд бүтээгдэхүүнийг таниулах, шилдэг хоршоодыг алдаршуулах, орон нутгийн туршлага, санаачилгыг хуваалцаж, бизнес, төрийн байгууллага, төрийн бус байгууллагуудын хоорондын уялдааг сайжруулах зорилготойгоор цг үзэсгэлэнгийн танилцуулга болно.
ГОВИЙН БҮС НУТАГТ ХЭРЭГЖИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ
Агуулга: Говийн бүсэд Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймаг хамаарна. Говийн бүсийн аймаг бүрд орон нутгийн хөгжлийн төв, тэдгээрт таталцах сум, сууринг дараах байдлаар тогтоох бөгөөд хөгжлийн тухайн үеийн нөхцөл, шаардлагатай уялдуулан өөрчилж болно.
ТЭЭВЭР ЛОГИСТИКИЙН ТӨВ, ХУУРАЙ БООМТ:
Даланзадгад, Чойр хотуудад бүсийн тээвэр, логистикийн төв байгуулж, түүнд түшиглэн хуурай боомт байгуулна. Замын-Үүд хотын эдийн засгийн чөлөөт бүсэд барилгын материал, түүхий эдийн импортын хангамж, логистикийн төвийг байгуулна.
Өмнөговь аймагт бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан “Сургалт эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор”-ыг байгуулна.
АЙМАГ, СУМЫН БҮСЧИЛСЭН НОГООН ХӨГЖЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХӨТӨЛБӨР:
Орон нутгийн хөгжлийн төвүүдэд хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийг дэмжих инженерийн дэд бүтэц, үйлчилгээ, худалдаа, бирж, тээвэр, логистикийн цогцолборыг кластераар хөгжүүлнэ.
Өмнөговь аймгийн нисэх буудлыг 4D ангиллын болгон өргөтгөнө.
СОЁЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТУСГАЙ БҮС, ГЕОПАРК:
Дундговь аймгийн Цагаансуварга орчимд палеонтологийн нөөцөд түшиглэсэн аялал жуулчлалын тусгай бүсийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулна.
ЭРЧИМ ХҮЧ:
Өмнөговь аймагт Тавантолгойн 450 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц барина.
Нар, салхины тус бүр 100 МВт хүртэл хүчин чадалтай цахилгаан станц барина.
ХИЛИЙН БООМТ:
Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги боомтуудын зэрэглэлийг ахиулж, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлнэ
ХҮНД ҮЙЛДВЭРЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ПАРК:
-Өмнөговь аймагт нүүрс-эрчим хүч болон металлургийн кокс, бусад дагалдах үйлдвэр бүхий үйлдвэрлэл, технологийн парк байгуулна. Дорноговь аймгийн Алтанширээ суманд газрын тосны бүтээгдэхүүн, химийн үйлдвэрийг бусад дагалдах үйлдвэрийн хамт байгуулна. Говийн бүсэд хүнд үйлдвэрлэл, технологийн парк байгуулах хувийн хэвшлийг дэмжинэ.
ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА
Агуулга: Бүсийн төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага хооронд төрийн бодлого, хөтөлбөрийн хэрэгжилт, шинэчлэлтүүдийг хэлэлцэх, санал солилцох, бүсэд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн мэдээлэл солилцох зорилготой. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Бүсийн хөгжлийн бодлогыг амжилттай хэрэгжүүлэх арга замуудыг тодорхойлох, бүсийн нийгэм эдийн засгийн өсөлтийг дэмжих, бүтээгдэхүүн үйлчилгээг экспортод гаргах боломжийг бий болгох зорилтот уулзалт юм.
Бүс нутгийн аймаг, сумдын хөгжлийн бодлого төлөвлөлт, төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын хүрээнд бүс нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн танилцуулга.
Бүсийн аймаг, сумдын хөгжлийн бодлого, байгаль, газар зүйн онцлог, амь амьдрал, түүх соёлын өв, байгаль орчин, бүтээн байгуулалтын талаарх танилцуулга.
Төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын хүрээнд зах зээлийг тэлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах, экспортлох, зорилгоор орон нутгийн бизнес төслийн танилцуулга.
Говийн бүсийн төслийн танилцуулга дээр 12 хоршоо, 40 төслийн танилцуулга хийгдэхээр урьдчилсан байдлаар төлөвлөөд байна.
САНАМЖ БИЧИГ ЗУРАХ
Агуулга: Бүс орон нутгийн бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, дотоодын болон олон улсын худалдан авагч, хөрөнгө оруулагч, худалдааны төлөөлөгчидтэй холбох зорилготой. Мөн бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр дэмжих, хамтран хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж буй байгууллага болон бүс, орон нутгийн аймаг, сумдын төлөөлөгчид хамтран ажиллах санамж бичиг байгуулах арга хэмжээ юм.
ГОВИЙН БҮСИЙН ГУРВАН АЙМГИЙН ХАМТАРСАН СОЁЛ, УРЛАГИЙН АРГА ХЭМЖЭЭ
Агуулга: Говийн бүсийн Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь дөрвөн аймгаас зохион байгуулах гурван аймгийн хамтарсан урлаг соёлын арга хэмжээ юм. Бүс орон нутгаас төрөн гарсан болон амьдарч байгаа уран бүтээлчид, урлаг соёлын алдартнууд, ардын авьяастнуудын төлөөлөл оролцоно. Нутгийн онцлог, соёлын өвийг дэлгэрүүлэх, хадгалан үлдэх, сурталчлах нэгэн ховор боломж бүрдэж байгаа юм.
“Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан”-ы үеэр зохион байгуулагдаж байгаа эдгээр дагалдах арга хэмжээ нь бүсийн зөвлөлийн хуралдааны ач холбогдлыг тодотгох, орон нутгийн онцлог, түүх соёлыг таниулах, жижиг дунд бизнес эрхлэгчид болон хоршоод хамтаран бүтээгдэхүүнээ танилцуулах, харилцан туршлага солилцох,брэнд бүтээгдэхүүн, урлаг соёлын өв, байгалийн дурсгалт, үзэсгэлэнт газруудаа дотоод гадаадад сурталчлан таниулах зорилготой юм. Бүсчилсэн хөгжлийн хүрээнд бүхий л талын оролцоог хангаж, тухайн бүсийн онцлог, давуу тал, ялгаатай нөхцөл байдалд тохирсон байдлаар гарц шийдэл олох, хэрэгжүүлэх үйл хэрэг Говийн бүсээс тэр дундаа Дорногвь аймгаас ийнхүү эхэлж байна.









