



















Европын хувьцааны зах зээл лхагва гарагт өсөлттэй байлаа.
Европын хувьцааны зах зээл мягмар гарагийн уналтаас эргэн сэргэж, АНУ-ын худалдааны тарифын асуудлаар Мексик, Канадтай тохиролцоонд хүрэх магадлалтай гэсэн найдлагын дунд өсөлт үзүүллээ. Гэсэн хэдий ч Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт Конгресст хандаж хэлсэн үгэндээ эдгээр тарифын талаар бахархалтайгаар дурдсан хэвээр байв.
Улаанбаатарын цагаар 15:05 цагт Германы DAX индекс 2.2%, Францын CAC 40 1.4%, Их Британийн FTSE 100 0.4%-иар өссөн байна.
Тарифын тохиролцоо боломжтой юу?
АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Канад, Мексикээс импортлох бараанд 25%-ийн шинэ тариф ногдуулж, мөн БНХАУ-ын бараанд нэмэлт 10%-ийн тариф тогтоох шийдвэр нь дэлхийн зах зээлийн уур амьсгалыг доргиож, инфляцын өсөлтийг өдөөж, олон улсын худалдааны дайн өрнөх эрсдэлтэй болгож байна.
Гурван орон хоёул хариу арга хэмжээ авахаа мэдэгдсэн.
Үүний улмаас Уолл Стритийн хөрөнгийн зах зээл хоёр өдөр дараалан огцом уналт үзүүлсэн бол Европт мягмар гарагт Германы DAX 3.5%-иар, Францын CAC 40 2%-иар, Их Британийн FTSE 100 1.3%-иар тус тус унасан.
Трамп мягмар гарагт Конгресст хандаж хэлсэн үгэндээ эдгээр тарифыг Америкийн томоохон худалдааны түншүүдийн шударга бус худалдааны дадлыг таслан зогсоох арга хэмжээ гэж зөвтгөв.
“Бид олон арван жилийн турш мэхлэгдэж ирсэн, одоо үүнийг тэвчихгүй.” гэж Трамп мэдэгдэв. “Тариф бол Америкийг дахин баяжуулах, дахин агуу болгох арга зам юм.”
Гэсэн хэдий ч АНУ-ын Худалдааны сайд Ховард Лутник мягмар гарагт "Фокс Бизнес" сувагт өгсөн ярилцлагадаа Трамп удахгүй Канад, Мексиктэй тарифын тохиролцоонд хүрч магадгүй гэж хэлсэн нь тариф цуцлагдах найдлагыг нэмэгдүүллээ.
Лутникийн хэлснээр, тарифын бууралттай холбоотой тохиролцоог лхагва гарагт зарлах боломжтой аж.
Евро бүсийн PMI-ийн мэдээлэл гарах гэж байна
Европын эдийн засгийн гол үзүүлэлтүүдээс февралын үйлчилгээний болон үйлдвэрлэлийн салбарын эцсийн мэдээлэл лхагва гарагт гарах боловч энэ нь пүрэв гарагт болох Европын Төв банк (ECB)-ны хуралдааны өмнө зах зээлд томоохон нөлөө үзүүлэхгүй гэж үзэж байна.
Европын Төв Банк эдийн засгийг идэвхжүүлэх зорилгоор бодлогын хүүг дахин 25 суурь нэгжээр бууруулж, 2.50%-д хүргэх магадлалтай байгаа бөгөөд бараг баталгаатай гэж шинжээчид үзэж байна.
Adidas компанийн борлуулалт өсөв
Корпорацийн салбарт, Германы спортын хувцас үйлдвэрлэгч Adidas компанийн дөрөвдүгээр улирлын борлуулалт 19%-иар өссөн нь анхаарлын төвд байна. Гэсэн хэдий ч 2025 онд ашгийн өсөлт удаашрах төлөвтэй байгаа бөгөөд энэ нь Yeezy брэндийн борлуулалт байхгүй болсон явдалтай холбоотой. 2024 онд Yeezy бүтээгдэхүүн €200 саяын орлого оруулж байсан.
Францын Dassault Aviation компани улс төрийн хурцадмал байдлаас үүдэн батлан хамгаалахын зардал нэмэгдсэн тул жилийн борлуулалт нь өссөн гэж мэдэгдэв.
Германы Bayer компани 2026 оноос санхүүгийн гүйцэтгэлээ сайжруулна гэж найдаж буйгаа илэрхийлсэн. Өнгөрсөн жил тус компанийн ашиг буурсан бөгөөд хөдөө аж ахуйн салбарын хүндрэлүүд үүнд голлон нөлөөлсөн байна.
Газрын тосны үнэ уналттай хэвээр байна
Газрын тосны үнэ лхагва гарагт бага зэрэг буурч, таван сарын доод түвшиндээ ойртсон байна. Үйлдвэрлэгч орнууд дөрөвдүгээр сард олборлолтоо нэмэгдүүлэхээр төлөвлөж буй болон АНУ-ын тарифын шийдвэрийн улмаас эрэлт буурах эрсдэлтэй байгаа нь үнийн бууралтад нөлөөлөв.
Лондонгийн цагаар 08:05 (ET 03:05) цагт АНУ-ын WTI газрын тос 0.6%-иар буурч $67.85 хүрсэн бол Брент төрлийн газрын тос 0.2%-иар буурч $70.91 болсон нь энэ долоо хоногийн эхээр тогтоосон таван сарын доод түвшинд ойртсон үзүүлэлт юм.
Газрын тосны үнийн уналт нь ОПЕК+ (Нефть экспортлогч орнуудын байгууллага ба Орос зэрэг түншүүд) дөрөвдүгээр сард олборлолтоо нэмэгдүүлэх шийдвэртэй холбоотой байна. Мөн АНУ-ын Канад, Мексик, Хятадад ногдуулсан тариф газрын тосны зах зээлд тодорхойгүй байдал үүсгэж буй аж.









