Өнөөдөр буюу наймдугаар сарын 17-ны өглөө Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж Авлигатай тэмцэх газарт очиж мэдүүлэг өглөө. Түүнийг 10:30 цагт АТГ-ын үүдэнд ирэх сургаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын сэтгүүлчид тус газрын үүдэнд цугласан юм.
Удалгүй хар цамц, саарал хүрэмтэй Ц.Элбэгдорж АТГ-ын байр руу алхаж ирлээ. Гараа халаасандаа "шаасан" тэрбээр өмнөх хэгжүүн байдлаасаа арай намдуу, зүрхшээсэн, хийморьгүй төрхтэй харагдана.
Гэхдээ энэ өдрийн хамгийн анхаарал татсан зүйл нь түүний хувцас, төрх бус, өөрийнх нь олон жилийн өмнө хэлж байсан нэг өгүүлбэр өнөөдөр өөр дээр нь эргэн ирсэн явдал байлаа.
Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаярыг АТГ-т дуудахад нь зориулж “Хууль дуудвал зангиагаа зүүгээд, гутлаа тослоод очих ёстой” хэмээн хэлж байсан юм. Тэгж хэлснээс нь хойш 14 жил өнгөрчээ.

Тухайн үед энэ үг нь Н.Энхбаярт хандаж хэлсэн ёжтой, өөртөө итгэлтэй өнгө аястай сонсогдож байв. Харин өнөөдөр тэр үг өөрийнх нь амьдралын нэгэн мөчлөгийг тодорхойлох хэмжээнд хүрчээ.
Энэ бол хэн,, ямар албан тушаал хашиж байснаас үл хамааран тойрч гарах боломжгүй зарчим. Ц.Элбэгдоржийн хувьд энэ бол анхны удаа АТГ-ын хаалга татсан хэрэг биш. Тэр 7 жилийн өмнө 2019 онд мөн АТГ-т мэдүүлэг өгч байсан. Тухайн үед түүнийг Тавантолгойн асуудалтай холбогдуулан дуудаж байсныг өөрөө тайлбарлаж, хуулийн байгууллагаас зугтах шалтгаан байхгүй гэж мэдэгдэж байв. Харамсалтай нь тэр ингэж хэлээд АНУ-руу зугтаж даруй 7 жилийг үдээд ийнхүү гэнэтийн байдлаар эх орондоо хөл тавьсан. Яагаад эх орон руугаа яаран сандран зүтгэсэн нь удахгүй тодорхой болох биз. Түүний хэлснээр COP-17-д оролцох гэж ирсэн гэсэн өнгө аясад хууртах хэн байхав.
Харин түүнээс хойш Монголын улс төрийн нөхцөл байдал ч, түүнд холбогдох хэргүүдийн эрх зүйн явц ч олон удаа өөрчлөгдсөн. Ц.Элбэгдоржид холбогдох асуудлуудын дотор “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой хэрэг онцгой байр суурь эзэлдэг. Энэ хэрэгт тэр нэр холбогдож, яллагдагчаар татагдаж байсан бөгөөд өөрөө уг ял, буруутгалыг хүлээн зөвшөөрдөггүй гэдгээ олон удаа илэрхийлж ирсэн.
Гэхдээ түүнийг ямар асуудлаар шалгаж, ямар шийдвэрүүд гарч ирсэн нь улс төрийн хувьд өөрөө анхаарал татах сэдэв хэвээр байна.
Ц.Элбэгдоржийн нэртэй хамгийн их холбогдож ирсэн асуудлын нэг бол 2016 онд ОХУ-ын “Ростех”-ийн эзэмшиж байсан “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг “Монголын зэс корпораци” ХХК худалдан авсан явдал.
Энэ хэлцлийг тухайн үеийн Засгийн газар, түүн дундаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй холбон шалгаж, улмаар Ц.Элбэгдоржийн нэр ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд дурдагдаж ирсэн. Ц.Элбэгдорж өөрөө “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголд авчирсан үйл явдлыг буруу зүйл гэж үздэггүй, харин ч Монголын талд орж ирсэнд нь эерэг байр суурьтай байдгаа илэрхийлж байсан юм.
Харин хуулийн байгууллагын шалгалтын гол нь 49 хувийг Монголын талд авчирсан эсэхээс илүүтэйгээр уг хэлцлийг төрийн шийдвэр гаргах үйл явцтай хэрхэн уялдуулсан, хэн ямар эрх мэдлээ хууль бусаар ашигласан, хуульд нийцсэн эсэх асуудалд төвлөрч ирсэн. Энэ хэрэгт Ц.Элбэгдоржийн оролцоо байсан эсэх, байсан бол ямар хэмжээнд байсныг шүүх эцэслэн тогтоох учиртай.

Ц.Элбэгдоржийн улс төрийн замналыг Ч.Сайханбилэгийнхээс салгаж харахад хэцүү. 1997 онд Ц.Элбэгдорж Ерөнхий сайд болоход Ч.Сайханбилэг түүний Засгийн газарт Гэгээрлийн сайдаар ажиллаж байлаа. Тухайн үед дөнгөж 28 настай байсан Ч.Сайханбилэг ийнхүү төрийн өндөр албан тушаалд гарч ирсэн нь тэдний улс төр дэх ах дүүгийн барилдлагын эхлэл болсон юм.
Олон жилийн дараа Ч.Сайханбилэг Ерөнхий сайд, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болсон үед тэдний улс төр дэх ах дүүгийн барилдлага дахин онцгой анхаарал татсан.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Н.Алтанхуягийн Засгийн газар огцорч, Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болсон үйл явцыг Ц.Элбэгдоржийн улс төрийн байр суурьтай холбон тайлбарладаг хүн Н.Алтанхуягаар тогтохгүй. Ах дүүгийн барилдлага зөвхөн улс төрийн томилгоогоор дууссангүй. “Эрдэнэт”-ийн 49 хувь, улмаар “Дубайн гэрээ” зэрэг Монголын эдийн засаг, улс төрийн хамгийн маргаантай асуудлуудын үед Ч.Сайханбилэгийн Засгийн газрын шийдвэрүүд Ц.Элбэгдоржийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан үетэй арга билэг мэт давхцдаг. Тиймээс тухайн үеийн шийдвэрүүдэд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн улс төрийн нөлөө ямар байсан бэ? гэдэг асуулт өнөөдөр ч хариулт нэхсэн хэвээр байна. "Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суухав" гэж үг бий.
Тэгвэл Ц.Элбэгдорж яагаад өдийд гэнэт Монголд ирэв?
Энэ бол өнөөдрийн хамгийн сонирхолтой асуулт. Ц.Элбэгдорж олон жилийн турш гадаадад амьдарч, эх орондоо ирэхээс цааргалсаар байсан. 2019 онд ч хуулийн байгууллагад дуудагдсан үедээ "Хууль дуудвал гутлаа тослоод, зангиагаа зүүгээд очих ёстой" хүн гадаадад гараад зугтан одсон. Түүнээс хойш 7 жил өнгөрч дайснууд нь битгий хэл найз нөхөд нь ч хүлээх тэсвэр алдаад байсан өдөр тэр гэнэт л "Чингис Хаан" нисэх буудалд газардсанаа өөрийн нийгмийн сүлжээгээр "зурвас" бичин зарласан. Ингэж жижигхэн зурвас бичин, эх орондоо газардсан нь түүний хувьд байж боломгүй сонин үйлдэл. Тэр ямар нэг асуудалд орсон болоод ийм чимээгүй газардсан болов уу гэж хардах эрх бидэнд бий. Түүнээс С.Баярцогт чемодан чирж төрийн оронд дөвчигнөхөөс илүү дөвчигнөх араншин түүнд их бий юу гэхээс бага бол биш. Харин өнөөдөр тэр өөрөө Монголд ирээд АТГ-ын хаалгыг бараг л чимээгүй татлаа. Энэ бол улс төрийн хувьд анхаарал татах үйл явдал яах аргагүй мөн.
Гэхдээ “Яагаад яг өдийд гэнэт ирэв?” гэсэн асуултад баталгаатай ганц хариулт өгөх боломжгүй.
-Хуулийн байгууллагын дуудлагатай холбоотой юу?
-Өөрийнх нь нэр холбогдсон хэргүүдийн явцтай холбоотой юу?
-Монголын улс төрийн өнөөгийн нөхцөл байдлыг үнэлж, өөрийн байр сууриа илэрхийлэхээр ирэв үү?
-Эсвэл эдгээрийн хэд хэдэн шалтгаан давхардаж байна уу?
-Нөгөө алдарт бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэгтэн Жеффри Эйпштэйнийн мөрдлөгөөс зайлсхийв үү?
Эдгээр асуултуудын хариуг Ц.Элбэгдорж болон хууль хяналтын байгууллагын дараагийн мэдэгдлүүд илүү тодорхой болгох биз.
Хүний хийсэн үйлдэл, гаргасан сонголт эцэстээ үр дагавартай байдаг гэсэн санаа дэлхийн олон соёл, шашин, гүн ухаанд бий. Библид Галат 6:7-д “Хүн юу тарина, түүнийгээ хураана” гэсэн санаа бий. Үүнийг улс төрд авч үзвэл нэгэн энгийн үнэнийг хэлж болно. Эрх мэдэл мөнх биш. Албан тушаал мөнх биш. Харин гаргасан шийдвэрийн үр дагавар үлддэг.
Ц.Элбэгдорж Монголын улс төрийн сүүлийн гуч гаруй жилийн түүхийн хамгийн тод дүрүүдийн нэг. Хоёр удаа Ерөнхий сайд, хоёр удаа Ерөнхийлөгчөөр ажиллаж, ардчиллын түүхэнд томоохон байр суурь эзэлж явсан хүн.
Тиймээс түүнд холбогдох аливаа хэрэг, асуудал зөвхөн нэг хүний тухай асуудал биш. Энэ бол Монголын төр хэрхэн ажиллаж ирсэн, төрийн өндөр албан тушаалтан шийдвэрийнхээ төлөө хэрхэн хариуцлага хүлээдэг, хууль хүн бүрт адил үйлчилдэг эсэх тухай асуудал юм.
Өнөөдөр Ц.Элбэгдорж АТГ-ын хаалгыг татлаа. Олон жилийн өмнө тэр өөрөө:
“Хууль дуудвал ангиагаа зүүгээд, гутлаа тослоод очих ёстой” гэж хэлж байсан. Тэр үгийг өнөөдөр өөрөөрөө биелүүлж байгаа нь цаг хугацааны егөөдөл юм. Харин эцсийн хариуг улс төр биш, баримт нотолгоо, прокурор, хамгийн гол нь шүүх өгөх учиртай.
Тиймээс өнөөдрийн хамгийн том асуулт нь:
Монголын хууль хүн бүрт адилхан үйлчилж чадах уу?
Харин дараагийн, түүнээс ч чухал асуулт нь:
Цахиагийн Элбэгдорж Монголд яагаад гэнэт ирэв?









