Бусдын нүдэнд яаж харагддагаар нь бид бие биенээ дүгнэдэг болоод дэндүү уджээ. Сэтгүүлчдийн мэргэжлийн эрх ашиг, ажиллах нөхцөлийг хангах, хамгаалах талаар санаа тавьж, энэ сэдвээрээ олонд танигдсан нийтлэлч З.Боргилмаатай ярилцахдаа үүнээс аль болох зайлсхийхийг хичээсэн минь ийм учиртай. “Намайг сонсоотохооч” гэж байгаад байр сууриа хэлснийг нь Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар ярьсан байлаа. Олон хүн тал талд шуугилдаж, асуудлын мөн чанар сарних гээд болохгүй байсан, өөрийн мэдэлгүй би ширээгээ цохиод авсан байна лээ хэмээн тэр өөрөө тодруулан тайлбарласан юм. Бидний яриа эндээс эхэлсэн. Энэ бол ямар нэг хууль тогтоомж, ажил хэргийн яриа биш, хүний тухай, бүсгүй хүний тухай ярилцлага.
-Чамайг ширээ дэлсэж байгаад үгээ хэлсэн гэхээр ерөөсөө төсөөлөхгүй юм. Ажил хэрэгч л дээ. Гэхдээ надад чи нэг тийм аниргүйхэн эрхэмсэг, инээмсэглэсэн ялдам байдлаараа л хоногшсон хүн?
-Хүмүүс намайг зөөлөн гэж хэлдэг. Чи ч тэгж л хэлж байх шиг байна. Үнэндээ бол тийм ч зөөлөн хүн биш. Ажил дээр, зарчим дээр хатуурхаж чаддагийг минь хамт ажиллаж байсан хүмүүс мэддэг болсон доо. Заримыг нь гомдоож байсан ч байж магадгүй. Ер нь хатуу, зөөлөн чанар хүн бүхэнд байдаг гэж боддог. Аль аль нь тэр хүний хүч чадал. Харахад хүдэр, бадриун эр хүнээс ямар тунгалаг торгон мэдрэмж, энэрэл нигүүлсэл гарч, ямар үнэн нулимс унагадаг билээ. Эмэгтэй хүн хэзээ, хэнд, хаана, юу гаргаж тавихаа бас мэднэ л дээ.
-Эмэгтэй хүний хатан ухаан гэж ярьдаг байх аа? Эрчүүд арай алсуур боддог бол эмэгтэй хүн нарийн торгон ухаан гаргаж байх нь элбэг байдаг шүү дээ?
-Эмэгтэй хүн асар ухаантай. Нэг танил маань ярьж байсан юм. Эрэгтэй хүн л дээ. Өөр нэг эрэгтэй хүний тухай ярьж байгаа юм. “Тэр яг эмэгтэй хүн шиг ухаантай” гэж. Найз хүүхнүүдээсээ, ажил, амьдрал дээр харилцаж байгаа бүсгүйчүүдээс гайхамшигтай нарийн ухааныг би дандаа хардаг. Дээр нь эмэгтэй хүнд нэг хүч байдаг юм. Эрэгтэй хүнийг ятгаж, зөөлрүүлж, зөвшөөрүүлж чаддаг далд чадвар. Сэтгүүлчдийн эвлэлийн ажлыг хийж байхад янз бүрийн л яриа хэлэлцээнд орж байсан. Хэцүү, хатуу саадтай учрах, мухардах юм байсан. Ухаан бодлоо уралдуулах үе ч байсан. Нөгөө талынхаа юу бодож байгааг мэднэ. Яаж няцаахаа дотроо төлөвлөнө. Шууд дайрахгүй, нэлээн холоос, шилжсэн утгаар эхэлнэ. Юу яриад байна аа гэж гайхтал, төөртөл нь холуур тойрно. Тэгж тэгж эцсийн мөчид өөрийн санаагаа татгалзахын аргагүйгээр тулгана гэдэг ч юм уу. Горхи хоржигонотол урсаж явснаа гэнэт хөрс рүү ороод алга болчихдог доо. Тэгснээ тээр тэнд очоод буцаад хөрсөн дээр усаа татаад гараад ирчихдэг дээ. Тэрэн шиг.

-Хэлэлцээр хийх ур чадвар гэмээр юм уу?
-Эмэгтэйгээрээ эвлэг, эелдэг байж үзнэ. Эрчүүдийг ч давж гармаар хүйтэн хурц сэтгэх гэж ч үзнэ. Угаасаа эмэгтэй хүн ийм хоёр туйлт бодгаль юм. Ямар ч эмэгтэй хүний дотор эрэгтэй дүр төрх нь нуугдаж байдаг. Гэхдээ тэр нь ямар эр хүн байдаг гээч? Бүр төсөөллийнх нь төгс эр хүн байдаг юм. Хэрэгтэй цагтаа тэр эртэйгээ хүчээ нэгтгэж чаддаг байх.
-Хатуу, зөөлний тухай сэдэв рүү хоёулаа хэтэрхий хэлбийчихлээ. Боргилмаа чухам ямар хүн хүн юм бэ, тэр тусмаа ямар бүсгүй юм бэ гэж асуух гээд байгаа юм.
-Ямар эмэгтэй вэ гэж би өөрийнхөө тухай огт бодож байгаагүй юм байна лээ. Яаж амьдарсан бэ, хэн болж өөрийгөө бүтээсэн бэ гэдгээ эргээд өөрөө өөртөө ойлгуулж чадахаар хэмжээнд хүрсэн хойноо л энэ тухай бодсон. Дургүй зүйлийг хүчээр хийгээгүй, өөрийгөө хүчилж амьдруулаагүй, хэн нэгний эрхшээл, хамааралд ороогүй, бусдын таалалд нийцэх гэж оролдоогүй, зөвхөн өөрийнхөөрөө зоргоороо амьдарсан байна лээ. Бусдыг ч хүчилж, өөртөө тохируулах гэж, хүмүүжүүлэх гэж тэмцэлдээгүй.
-Зоргоороо бүсгүй гэж бас л төсөөлөгдөхгүй байна. Харин ч ер бусын нандин энэрэл, элбэрэл агуулсан, өрөөлийг бодон өөрийгөө хаясан хүн гэж санагддаг?
-Өөрийнхөөрөө амьдарна гэхээр хүмүүс ямар ч хайрцаг савгүй, эрх дураараа хүссэн бүхнээ хийж, эсвэл хүсэл сэтгэлийнхээ таазанд тултал сагсуурч, солиорч явах гэж ойлгодог шиг байгаа юм. Минийхээр бол өөрийнхөөрөө амьдрах гэдэг өөртөө хил хязгаар тогтоож, өөрийгөө хэм хэмжээнд барьж чаддаг байхыг хэлнэ. Би өөрийгөө л дагаж, өөрийн хүссэн замаар явж, өөрийн тогтоосон дүрмээр амьдарсан. Өөрийгөө дагана гэдэгт өөрийгөө хазаарлах, хайрцаглах тухай ойлголт ч багтаж байгаа. Гэхдээ энэ хайрцаг хэн нэгний надад тулгасан хайрцаг биш, миний өөрөө өөртөө хийж өгсөн хайрцаг.
-Хайрцаглах гэдэг үг бас оновчтой илэрхийлэхгүй байх шиг санагдлаа. Харин өөрийгөө дагасан гэхээр ойлгогдож байна. Ингэж өөрийнхөөрөө, өөрийгөө сонгож амьдрахад чинь харин юу нөлөөлсөн байж болох вэ?
-Бүр жаахан байхын өөртэйгөө их ярилцдаг хүүхэд байлаа. Ном их уншиж, өөртэйгөө ярилцаж, юу хүсэж, юунд догдолж байгаагаа, ямар зүйл намайг баярлуулж байна вэ гэдгийг анзаарч сурсан юм болов уу.
-Биеэ даасан, товхийсэн охин байж. Сэтгүүлчийн мэргэжлийг сонгоход өөрийгөө таньсан энэ байдал чинь нөлөөлсөн байх?
-Сэтгүүлчийн мэргэжлийг би сонгоогүй. Зүгээр л сэтгүүлч болно гэдгээ мэддэг хүүхэд байсан гэх юм уу даа. Унших дуртай, бичих дуртай болохоороо бичдэг хүн болно гэдгээ л мэдэрдэг байсан. Өөрийгөө ойлгосон хүн хэзээ ч өөрөөсөө урвахгүй, өөртэйгөө нэг их зөрчилдөөд байхгүй. Зорьсон замаасаа хазайхгүй байж чаддаг юм билээ. Өөр хэн нэгэнд итгэж, найдаж, бусдын завинд суугаагүй. Өөрийнхөө хөлгийн ахмад байхыг сонгосон минь өөрийгөө дагасан миний зам мөр юм уу даа.
-Эмэгтэй хүнийг би оргилуун дэврүүн, заримдаа сахилгагүй, тулсан юман дээр яахаас ч буцахгүй хүмүүс гэж боддог. Гэтэл чи тийм биш, их өөр юм?
-Би дэврүүн шүү дээ. Мөрөөдөмтгий. Уншсан номынхоо ертөнцөд өссөн дөө, бараг. Зарим охид амьдрал ахуйгаас суралцаж хүмүүстэй нийцэж зохицоход эрт суралцсан байдаг. Харин би тийм байгаагүй. Одоо ч энэ чанар маань анзаарагдаж л байдаг. Хэн хүнийг аргадах, аяыг олох, халамжлахдаа тиймхэн, тэгье ч гэдэггүй хүн. Хүйтэн ч гэж зарим хүн хэлдэг. Уг нь би бусдыг хөндлөнгөөс оролддоггүй, хүний оршихуйг байгаагаар нь хүлээн зөвшөөрч, тэр хэрээр өөрийнхөө оршихуйг хүлээн зөвшөөрүүлж чаддаг гэж өөрийгөө боддог. Үүнийгээ хүнд өгч буй хайр, халамж гэж боддог шдээ. Хайр халамж биш гэхэд тав тух, амар амгалан мөн биз дээ?

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
-Тийм эмэгтэйн хайр ямар байдаг юм бол?
-Хайрлах минь ч яг ийм дээ. Түүнийг өөртөө, мөн өөрийгөө түүнд нийцүүлэх гэж оролдолгүй, харин ч оршихуйг нь хүндэтгэж, өөрийнхөөр нь байлгана гэдгийг хайр гэж ойлгодог. Тэр хүн өөрийн найз нөхөдтэй, тэдэнтэйгээ ярьдаг өөрийн сэдэвтэй. Тэднийхээ дунд байхдаа өөрийн өөр дүртэй байх эрхтэй. Би эхнэр нь гээд тэр орон зай руу нь хамт орж дунд нь суух хэрэггүй. Үүнийгээ бас хүндлэл гээд бодчихдог хүн шдээ. Зөв бурууг нь мэдэхгүй. Ямар ч байсан би тэгж хүсдэггүй, чаддаггүй юм. Өөрийн оршихуйг нь эвдэх гэж, эрхшээх гэж, нэг бол өөрийгөө түүнд хамааруулах гэж зүтгээгүй. Манай хүнд өөрийгөө зөвшөөрч, өөрийгөө үнэлэх нэг хэмжүүр байж л байгаа шүү дээ. Харин тэр нь хайр, хүндлэл, итгэл төрүүлж байх л ёстой. Тэр дээр л хайр, урт удаан бат бөх харилцаа, хамтын амьдрал тогтдог. Үүнийг бол харин ч нэг хамгаалж, тордож, нандигнаж авч явах ёстой. Өөрийгээ гээтлээ эхнэртээ уусаад гарыг нь, аяыг нь, аашийг хараад амьдарчихсан эрчүүд зөндөө таарч байдаг. Тэрэндээ жаргалтай гээч. Би нөхрөө тэгж авч яваагүй эмэгтэй. Нөхрөө хүүхэд шигээ болгочихвол эр хүнгүй амьдрал болж хувирна биз дээ. Хэрэв тийм бол би гэртээ тогтохгүй байлгүй дээ?! Эр нөхрөө эрх гөлөг шиг болгочихоод түүнээс чонын хийморь, эрийн түшиг хүсэж болохгүй шүү дээ.
-Танай хүн тэгээд ийм хайрыг хүлээн зөвшөөрөх үү?
-Яагаад үгүй гэж? Жаргалтай л амьдардаг шдээ. Хорин нэгэн жил амьдрахад хоёр биенээсээ хол байсан хугацаа бидэнд байхгүй. Өөртэй нь зууралддаггүй эмэгтэй үргэлж сонирхолтой санагддаг ч юм билүү. Анх амьдрал эхэлж байхдаа нэг хэсэг намайг ажилд хүргэж өгдөг, хүлээж байгаад авдаг байсан. Болохгүй юм байна лээ. Нэг л өдөр би тэсэрсэн л дээ. Би ингэж ажилдаа хүргүүлж ирдэг, авахуулж “баривчлуулж” харьдаг амьдралаар амьдарч чадахгүй гэж хэлсэн. Угаасаа өдөр тутмын сонины сэтгүүлчийг ажлаас нь хүлээж байгаад авч харина гэж бүтэхгүй зүйл байсан л даа. Дандаа л оройтно. Тэгээд бид бие биенийхээ оршихуйг өөрчлөх гэж, өөр өөртөө тохируулах гэж оролдох хэрэггүй юм байна гэж ойлголцсон. Эрх чөлөөгөө авч үлдсэн гээд нөхөр бид хоёр хэн хэн маань эвдэрч, задраагүй. Хүн ер нь хэн нэгнээр хянуулж цагдуулж байж эрх чөлөөнийхөө хэмжээ хязгаарыг тогтоодог юм биш шүү дээ.
-Хүүхдүүдээ ч тэгж хайрладаг уу?
-Хүүхдүүдээ би ер нь үргэлж л том хүн шиг боддог байсан. Хошуу дэвсэж, хэлээ хазаж, хөлөөр нь өнхөрч байсан юм уу ер нь гэмээр санагддаг юм. Хөлд ороогүй байхад нь цэцэрлэгт өгөөд л, сургуульд оронгуут нь өдөр өнжүүлэх, дугуйлан секцээр дамжуулаад л. Хар нялхаас нь албан хаагч шиг л амьдруулсан. Сургуульд ороход нь хүртэл хамгийн завгүй байлгадаг, хамгийн ачаалалтай сургуулиудыг сонгосон. Харин хаа очиж хүүхдүүд рүүгээ аашилж хашхираагүй, элдэв стандарт шахаж шаардаагүй. Үлгэр дууриалтай байхыг хичээсэн. Үглэж дуулахгүй, үнсэж нялуурахгүй өсгөсөн. Хоёр туйл руу авч шиддэг хортой ээж, эхнэр байх муухай. Эр нөхөр, үр хүүхдүүддээ өгдөг хайр минь энэ. Гэхдээ би өөрийгөө сайн ээж гэж боддог, найзууд маань ч тэгж хэлдэг. Тэднийхээ толгойноос ширхэг үс унах, сэтгэлд нь утас донхийхийг ч алдалгүй сонсдог.
-Амьдралдаа арай л хатуурхсан юм шиг, эсвэл өөрийнхөөрөө байх гэхдээ алдаа гаргасан юм шиг санагддаг уу?
- “Цахиур Төмөр шиг залуутай суучихаад гал тогоогоо бариулаад байж байдаг” гэж хааяа өөрийгөө зэмлэнэ ээ. Энэ талаараа бол их тааруу эзэгтэй. Алдаагүй, зөрчилгүй, зовлонгүй амьдрал гэж байхгүй шүү дээ. Нэг асуудлыг нэг удаа ярилцаад л за бол за, үгүй бол үгүй гээд л шийдчихдэг зантай, бид хоёр хоёулаа. Яг тэрэндээ байж чаддаг шазруун. Эргэж сөхдөг ч үгүй. Хүн ер нь олон хавтаст хэрэг сугавчилчхаад дургүйгээ хүрэхээр дуртай хэргээ сөхөж гаргаж ирээд хөөн хэлэлцдэг тийм амьдралаар амьдарч болохгүй. Урагшаа хараад л өдөр бүр шинээр амьдрах хэрэгтэй. Зовлонгоо ч адилхан тэгж орхиж сурах хэрэгтэй.
-Харахад ялдам дөлгөөн, нандин эрхэмсэг эмэгтэйн дотор ямар их тэсвэр тэвчээр, эсвэл бүр зоргоороо гөжүүд чанар нуугдана вэ гэсэн бодол төрж байна. С.Удвал ахайтны,
“Уншихад түвэгтэй ном гэлээ, би
Учирхад түвэгтэй нөхөр билээ, би
Уншсан хойноо хаямааргүй ном байхсан
Учирсан хойноо салмааргүй нөхөр байхсан…”
гэсэн шүлгийн мөрүүд өөрийн эрхгүй орж ирж байна.
-Зовлон ч бас бий. Үзсэн зовлонгоо ярих юм бол үхэж дуусмаар хүнд өдрүүд миний амьдралд байсан. Хүүхэд байхдаа цэл залуухан ээжээсээ өнчирч, идэр залуу насандаа үр хүүхдээсээ хагацсан гээд л. Гээд чиг яах билээ? Миний зүрхийг дэлхийн бөмбөрцөг гэж бодвол нэг хэсэгт нь зовлон шаналлын нулимсанд ширгэж ангасан цөл ч бий, ээждээ эрхэлж амьдарсан он жилүүдийг хадгалж үлдсэн үзэсгэлэнтэй баянбүрд, нуур цөөрөм, ногоон ой ч бий. Бүтээж яваа амьдралын маань баяр жаргал, хайр дурлал, үр хүүхдүүдийн минь инээд хөөр, эрхэм хүмүүсийн минь энэрлээр дүүрсэн хотын гудамжууд гээд л дэлхийн бөмбөрцөг шиг зүрхнийхээ аль хэсэгт амьдрахаа хүн өөрөө л сонгоно шүү дээ. Заримдаа нөгөө гунигт дурсамжуудаараа дамжаад Сахарын цөлд очно, шарх сорвио хөндөнө. Тэгээд буцаад л өөр “тив” рүүгээ нүүж очно. Уй гашуугийн шарх сорвин дунд биш, энэ сайхан дурсамжуудтай зүрхнийхээ нөгөө талд, өөр тив дээр аз жаргалтай амьдрах сонголт хүн бүхэнд бий. Хэчнээн зовлон тууллаа ч хүн өөрийгөө үүрдийн хохирогчоор үлдээж болохгүй шүү дээ. Харин ч зовох тусмаа тэр зовлонгийн дотроос үнс нурамнаас өндийх гарьд шувуу шиг босож ирэх ёстой гэж би боддог. Тэр тусмаа эмэгтэй хүн улам бүр үзэсгэлэнтэйгээр өндийж босох ёстой.
-Зовлонгийн нурамнаас үзэсгэлэнтэйгээр өндийн босох гэж ямар гоё үг вэ?
-Би чадсан юм билээ. Үүнийгээ яаж мэдсэн бэ гэхээр, нэг стилист охин анх танилцсан өдрөө надад хэлсэн юм, таны харц огт унаагүй байна гэж. Хүмүүсийн дүр төрхийг бүтээдэг мэргэжилтнүүд хүний арьс, үсийг бус хамгийн түрүүнд харцыг нь хардаг юм байна гэдгийг анзаарсан. Харцаа бөхийлгөхгүй амьдарна гэдэг эмэгтэй хүний хувьд тэргүүндээ титэм залсантай л адил тийм чухал зүйл байдгийг мэдэрсэн. Тэгэхэд л би өөрийгөө яаж амьдарсан юм бэ гэдгийг эргэцүүлсэн юм. Тэгээд өөртэйгөө зөрчилдөхгүй, өөрийгөө дарах гэж, өөрчлөх гэж, өрөвдөх гэж оролдолгүй, зүгээр л зүрх сэтгэл, дуу хоолойгоо дагаж амьдарснаа ойлгосон...









