
Инфляц 13 хувьд хүрч, иргэдийн өдөр тутмын хэрэглээнд үнийн өсөлт хүчтэй мэдрэгдэж байгаа энэ үед Монголбанк бодлогын хүүгээ 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 12.5 хувьд хүргэлээ.
Мөн банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийн хэмжээг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 14.5 хувь болгосон байна. Эдгээр шийдвэрийн гол зорилго нь эдийн засаг дахь төгрөгийн нийлүүлэлтийг хумиж, зээлийн өсөлтийг сааруулан цаашдын үнийн өсөлтийн дарамтыг бууруулахад чиглэж байна.
Энгийнээр хэлбэл, бодлогын хүү өсөхөөр банкуудын эх үүсвэрийн өртөг нэмэгдэж, улмаар зээлийн хүү өсөх талтай. Харин заавал байлгах нөөцийн хувь нэмэгдсэнээр банкууд татан төвлөрүүлсэн мөнгөнийхөө тодорхой хэсгийг нөөц хэлбэрээр нэмж байршуулах шаардлагатай болно гэсэн үг. Ингэснээр зээл болон гаргах боломжтой мөнгөний хэмжээ тодорхой дүнгээр хумигдана. Энэ нь инфляцийн өсөлтийг тогтоон барих мөн төгрөгийн чадварыг хадгалахад чиглэгддэг мөнгөний бодлогын гол арга хэрэгсэл.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Гэхдээ иргэдэд олгогдох зээлийн хүү шууд 0.5 нэгж хувиар нэмэгдэнэ гэсэн үг биш. Ойролцоогоор 200 тэрбум төгрөгийг банкууд заавал байлгах нөөц дээрээ нэмж хадгадна гэсэн үг.
13 хувьд хүрчихээд байгаа инфляц нь хүнсний бүтээгдэхүүн, шатахуун болон бусад нийлүүлэлтийн хүчин зүйлсээс ихээхэн шалтгаалж байгааг гэж төв банкныхан үзэж байна. Тиймээс бодлогын хүүгийн өсөлтийн нөлөө удахгүй үр дүнгээ өгөх аж. Гэхдээ шууд л маргааш өглөө дэлгүүрийн лангуун дээрх бараа бүтээгдэхүүний үнэд мэдрэгдэхгүй. Харин мөнгө, зээлийн өсөлтийг аажмаар сааруулж, инфляцын цаашдын дарамтыг бууруулах болно гэж төсөөлж буй аж.
Иргэдийн хувьд энэ шийдвэрийг энгийнээр инфляц хэт өндөр болсон учраас Монголбанк мөнгөний урсгалыг хумиж, үнийн өсөлтийг тогтворжуулахыг зорьж байна гээд ойлгочиход болох юм.









